Цахим орчинд энэ постыг хараагүй хүн ховор биз ээ. Тэд бол Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Баасанбаярын гэр бүл. Тэднийд хэд хоногийн өмнө гал гарч, Б.Баасанбаярынх гэр бүлээрээ түлэгдэж, галд орон гэрээ алджээ. Гал гарах үед гэрт Б.Баасанбаяраас гадна түүний эхнэр, охин хоёр байсан аж.
Тэд одоо Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж буй. Манай сурвалжлах групп өчигдөр тус төвийг зорьж, Б.Баасанбаяртай уулзлаа.
-Есөн жилийн дараа бидэнд ирсэн охины минь заяа түшиж амьд гарлаа-

-Та гурвын бие гайгүй юу. Маш харамсалтай зүйл болжээ. Гэхдээ амьд мэнд үлдэнэ гэдэг их хувь заяа шүү?
-Миний бие давгүй ээ. Харин эхнэрийн минь бие жаахан тааруухан байна. Миний охин чинь аав, ээж хоёртоо есөн жилийн дараа ирсэн эрдэнэ шүү дээ.Охины минь л заяа түшиж бид гурав тэр галаас амьд мэнд гарлаа. Гурвуулаа амьд мэнд үлдсэндээ баярлаад л байж байна даа.
-Эхнэр тань нэлээд түлэгдсэн харагдсан. Хэдэн хувийн түлэгдэлттэй гэж оношилсон бэ?
-Эхнэр маань 90 хувийн түлэгдэлттэй. Охин маань 50, би 30 хувийн түлэгдэлтэй гэж оношлогдсон.
-Гал яг юунаас болж гарсан юм бэ. Төслийн зуух дэлбэрсэн гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?
-Манайх “Өлзий” гэдэг төслийн зуухтай. Зуух дэлбэрээгүй ээ. Одоо эргээд бодоход зуухандаа гал хийхдээ л хулдаасан дээрээ цог унагаасан юм болов уу гэж бодож байна. Энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө гал гарсан. Бид гурав зуухандаа гал нэмж хийчихээд л унтах гэж байсан. Тухайн үед цаг 23:00 болж байсан байх.
Би гарч бие засчихаад л гэр рүүгээ орсон чинь хулдаас галд авалцан шатаж байсан. Хулдаасан дор картон цаас дэвсчихсэн байсан болохоор гал хормын төдийд л дүрэлзээд эхэлсэн. Маш богино хугацаанд бүх юм гал авалцаад шатчихсан.
-Тэгэхээр эхнэр, охин хоёр тань гэрт байсан уу. Тэднийгээ галаас яаж гаргасан бэ?
-Би гэр рүүгээ ороод охиноо хөнжилд ороогоод л гарсан. Намайг охиноо аваад гарсныг эхнэр маань мэдэлгүй гал дунд охиноо хайгаад байсан юм билээ. Тэгээд л ингэж их түлэгдсэн.
-Өдөрт 1-1.3 сая төгрөг эмчилгээндээ зарцуулж байгаа-

-Эхнэрийг тань хэд хэдэн удаа хагалгаанд орсон гэсэн. Биеийн байдал нь хэр байна вэ. Эмчилгээний зардал, мөнгө хүрэлцэж байна уу?
-Эхнэр маань хоёр удаа арьс нөхөх хагалгаанд орсон. Би харьцангуй эмчилгээ багатай. Эхнэр, охин хоёрын маань эмчилгээнд өдөрт дунджаар 1-1.3 сая төгрөг зарцуулагдаж байна. Мөнгөжүүлсэн тос, өвчин намдаах тариа, хордлого тайлах дуслууд, боолт зэрэгт мөнгө их орох юм.
-Фэйсбүүкт мэдээлэл нийтлэгдсэнээс хойш маш олон хүн тусламжийн гараа сунгасан гэж сонслоо. Та гурав энэ олон хүний хүчээр удахгүй эрүүл саруул болно байх аа?
-Сайхан сэтгэлт монгол түмнийхээ дэмжлэг, тусламжийн ачаар бид гурав эрүүл саруул болно гэдэгтээ итгэлтэй байгаа.
Манай хамаатны дүү бид гурвын талаар фэйсбүүкт бичсэн юм билээ. Фэйсбүүкт мэдээлэл оруулснаас хойш маш олон хүн хандив өгч, дэмжиж тусалж байна. Бид гуравт туслаж байгаа хүмүүстээ маш их баярлалаа.
-Гэхдээ сайны хажуугаар саар гэж та гурвын зургийг ашиглаж, хуурамч данс нээн бусдаас хандив цуглуулж байна гэх мэдээлэл явах боллоо. Энэ үнэн үү?
-Өөр дансны дугаар бичиж хүмүүсээс хандив авч байгаа хүмүүс мэр сэр байна гэсэн. Бидэнд хаан банкны 5034598141 Бурмаа гэсэн ганцхан л данс бий. Худлаа данс бичиж луйвар хийж байгаа хүмүүсээс болоод хүмүүс алинд нь итгэхээ мэдэхгүй байна гэж яриад байгаа.
-Түлэгдэхийн зовлонг мэдэх бяцхан охин, 10 жилийн дараа уулзсан нэг ангийнхан гээд олон хүн бид гуравт туслаж байна-

-Фэйсбүүкт бид гурвын талаар бичихээс өмнө хүмүүс мэр сэр ирж тусалж байсан. Харин мэдээлэл тавигдсанаас хойш маш олон хүн ирж, бидэнтэй уулзан тусалж байгаа. Фэйсбүүкт мэдээлэл тавигдахаас өмнө “Ирээдүй” цогцолбор сургуулийн 2006 оны нэг ангийн төгсөгчид 10 жилийн ойн уулзалтаараа мөнгө цуглуулж бид гуравт хандив өргөсөн. Тэд 10 жилийн ойн уулзалтаа архи дарс ууж идээд л өнгөрөөе гэж бодолгүй, нэг ч гэсэн гэр бүлийг элэг бүтэн байлгахын тулд бид гуравт туслахаар шийдсэн гэсэн.
...Б.Баасанбаяр ийн баярласан сэтгэлээ илэрхийлэхийн зэрэгцээ “Би зүгээр ээ. Би бараг түлэгдээгүй. Эхнэр охин хоёр маань л хэцүү байна” хэмээж байв...
Өчигдөр нэг жоохон охин түлэнхийд хэрэглэдэг, өөрөө түрхэж байсан маш үнэтэй тосоо миний охинд авчирч өгсөн. Дөнгөж сая гурван найз охин ирээд явлаа. Тэр гурвын нэгнийх нь төрсөн өдөр юм билээ. Төрсөн өдрөөрөө буян үйлдье гэж бодоод бид гуравт тусалж байна гэсэн.
Монголчууд минь үнэхээр сайхан сэтгэлтэй, тусч юм байна гэдгийг мэдрээд л сууж байна даа. Энэ дашрамд, бидэнд тусалж дэмжиж байгаа бүх хүмүүст баярласан талархсанаа танай сайтаар дамжуулан хэлье.
...Б.Баасанбаяр ийн баярласан сэтгэлээ илэрхийлэхийн зэрэгцээ “Би зүгээр ээ. Би бараг түлэгдээгүй. Эхнэр охин хоёр маань л хэцүү байна” хэмээж байв...