Долларын зээл иргэдийн хоолойд тулгасан “хутга” болон хувирлаа. Хэдхэн жилийн өмнө л байр болон автомашинаа банкны зээлээр авч, амьдралаа босголоо хэмээн баярлаж явсан тэдний амьдрал өнөөдөр орвонгоороо эргэжээ. Тэр ч бүү хэл бизнесээ өргөжүүлэхээр зээл авсан компанийн захирлууд хэрхэхээ мэдэхгүй гацаанд орж, “үсээ зулгааж” сууна.

Уг нь тэд төгрөгөөр зээл авсан бол арай ч иймдээ тулахгүй байв. Гэтэл бага хүүтэй, урт хугацаатай гэх зальжин үгээр олон иргэний тархийг угааж, америк долларыг сонгуулчихаж. Хазааргүй өссөн ноён ногоон өнөөдөр 2500 төгрөгтэй тэнцээд буй. Энэ бол буурсан үзүүлэлт нь. Хэдхэн хоногийн өмнө ганцхан доллар 2720 ширхэг монгол төгрөгтэй тэнцэж байлаа шүү дээ.

Энэ нь монгол мөнгөөр бус доллараар зээл авсан иргэд, аж ахуйн нэгжийг санхүүгийн асар хүнд байдалд оруулжээ. Бид валютын ханшийн өсөлтийг даган, авсан зээл нь үржсээр байр болон автомашинаа банкны барьцаандаа эргүүлэн өгч, гудамжинд гарах дээрээ тулаад буй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Тэд дааж давшгүй их өрөнд орсон халагтай түүхээ ийн ярьж байна.

Г.Сугар: Авсан зээлээ нугалаад төлсөн боловч 33 САЯ ТӨГРӨГИЙН ҮЛДЭГДЭЛ ГАРСАН

-Та хэдэн жилийн өмнө долларын зээл авсан юм бэ?

-Манайх одоогоос найман жилийн өмнө нэг ам.доллар 1150 төгрөгтэй тэнцэж байх үед жилийн 14.3 хувийн хүүтэй 23 сая орчим төгрөгийн зээлийг доллараар авсан. Гэхдээ хувьсах хүүтэй зээл гэж гэрээнд тусгасан байгаа.

-Та зээлээ хэзээ төлж дуусах билээ. Тухайн үед яагаад ам.долларын зээл авах сонголт хийсэн юм бэ?

-Би анх төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан. Ингээд зээлийн материалаа бүрдүүлээд зээл гарахаар болоход банкнаас бидэнд ам.долларын зээл авах санал тавьсан. Энэхүү саналаа “Төгрөгөөр зээл гаргах боломжгүй байна. Төгрөгийн хомсдол үүссэн” гэж тайлбарлаж байсныг сайн санадаг юм. Энэ зээл маань 10 жилийн хугацаатай. Өнгөрсөн найман жилийн хугацаанд ам.доллар их бага хэмжээгээр тасралтгүй өссөөр л байсан. Бид ч өссөн дүнгээр нь зээлээ төлсөөр л ирлээ.

-Ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалан та ойрол­цоо­гоор хэчнээн төгрөгийн алдагдалд орчихоод байна вэ?

-Би зээлээ наймын найман жил төлчихөөд байхад үндсэн зээлээс маань ердөө 8 мянга орчим ам.доллар хасагдаж, өнөөдрийн байдлаар 12 мянган ам.долларын үлдэгдэлтэй байна. Бас үүн дээр хүүний нэмэгдэл гээд 1300 ам.доллар нэмж тооцно. Ингээд одоо 13.5 мянган ам.долларын үлдэгдэлтэй байгаа. Нарийн тооцоод үзвэл, өнгөрсөн найман жилийн хугацаанд манайх 40 гаруй сая төгрөг төлчихөөд байна.

Төгрөг рүү шилжүүлээд тооцвол, хамгийн багадаа 32-33 сая орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болчихоод байна.

Авсан зээлээ бараг хоёр нугалаад төлчихсөн байгаа биз. Одоо байгаа үлдэгдлээ төгрөг рүү шилжүүлээд тооцвол, хамгийн багадаа 32-33 сая орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болчихоод байна. Ингээд л нэгэнт байгуулсан гэрээнийхээ дагуу зээлийн төлөл­тийнхөө хугацааг ч хэтрүүлэлгүй найман жилийн турш төлсөөр ирсэн. Гэтэл банкнаас “Та зээлийн төлөлтөө ийм хэмжээгээр төлөх юм бол 2018 онд багтаж зээлээ төлж багтахааргүй болж байна” гэдэг зүйл бидэнд хэлсэн.

-Тэгэхээр одоо яах ёстой гэсэн үг вэ. Ийм тохиолдолд хэрхэх талаар банкны зүгээс танд юу зөвлөж байна вэ?

-“Та зээлээ ийм байдлаар төлөх юм бол хугацаандаа багтахааргүй боллоо. Сар болгон төлдөг мөнгөө ахиулах хэрэгтэй” гэдэг зүйл хэлж байгаа. Би сар бүрийн төлөлтөө ахиулахгүй хэвээр нь төлбөл 2018 он гэхэд үлдэгдэл зээлийнхээ 2000 орчим ам.долларыг л төлөх юм билээ. 10 мянган ам.долларыг нь төлж чадахааргүй байгаа юм" хэмээлээ.

Иймэрхүү байдлаар өрийн дарамтад орж, амьдрал нь сүйрлийн ирмэгт ирсэн олон иргэн байна.

Иргэн Х: Зээлээ төл гэж дарамтлаад, ЯАХАА МЭДЭХЭЭ БАЙЧИХААД СУУНА

-Би 2013 онд 58 мянган ам.долларын автомашины лизин­гийн зээл авсан юм. Өнөөдрийг хүртэл би зээл, зээлийн хүүгээ төлөөд явж байлаа. Тухайн үеийн ханшаар тооцоход үндсэн зээл маань 90 сая гаруй төгрөг болсон л доо. Жилийн дараа доллар өсч 1800 төгрөгтэй тэнцэх үед нь би төгрөгийн зээл рүү шилжих хүсэлтээ гаргасан юм. Гэтэл “Болохгүй” гэж татгалзсан. Харин өнгөрсөн долоо хоногт “Өнөөдрийн ханшаар /1$=2500 төгрөг/ төгрөг рүү шилжвэл шилж” гэсэн. Хэрэв ингээд шилжвэл би 26 сая төгрөг буюу 8-9 сая төгрөг илүү төлөх болчихоод байна. 1700 төгрөг байсан бол 17 сая төгрөг төлөөд зээл маань хаагдах байлаа. Одоо би үнэндээ яахаа мэдэхээ байчихаад сууж байна. Хажуугаар нь зээлээ төл гэж дарамтлаад байх юм. Өнөөдөр бэлэн мөнгөтэй хүмүүс Монголд хэд байгаа билээ дээ” хэмээн арга тасраад буйгаа ярилаа.

Х анх төгрөгийн зээл авахаар банкинд хандсан гэнэ. Гэвч банк төгрөгийн хомсдолтой байгаа тул урт хугацаатай, бага хүүтэй хэмээгээд долларын зээлийг санал болгожээ. Тиймээс тэрээр банкнаас тавьсан саналыг хүлээн авч, гэрээ байгуулсан аж.

Иргэн Э: Зээлийн хүүгээ ч төлж чадахгүй БАРЬЦААНД НЬ ХАМАГ ЮМАА АЛДАХ НЬ...

-Би “Хас” банкаас гурван жилийн өмнө 67500 долларын бизнесийн зээл авсан юм. Тэр үедээ 99 сая төгрөг болж байв. Төгрөгийн зээл авах гэсэн боловч доллар нь бага хүүтэй бас хурдан гарч байгаа гэхээр нь долларын зээлийг сонгосон л доо. Гол нь хүү нь бага учраас танд ашигтай шүү дээ гэсэн. Мэдээлэл дутмагаас болж зээл аваад одоо төлөх гэтэл нэг дахин нугалсан төлбөр гарчихаад байна. Аргаа бараад би 96 сая төгрөгөөр худалдаж авсан шинэ байраа банкны зээлийнхээ барьцаанд өгье гэлээ. Гэтэл 70 саяар үнэлж байна.

67 мянган доллар маань 160 сая болж үржигдээд байраа өгсөн ч цаана нь дахиад 90 сая төгрөгийн үлдэгдэл гараад байна.

“Шинэ байрыг яагаад ингэж үнэлж байгаа юм бэ” гэсэн чинь “Зах зээл ийм байна” гэсэн. Би бүхэл бүтэн 25 сая төгрөг дундаас нь алдах гээд байна шүү дээ. Хувиараа орон сууцаа үнэлээд зарчихъя гэхээр авах хүн алга. Долларын өнөөдрийн ханшаар төлбөрөө хийвэл анх авсан 67 мянган доллар маань 160 сая болж үржигдээд байраа өгсөн ч цаана нь дахиад 90 сая төгрөгийн үлдэгдэл гараад байна. Би уг нь дөрвөн жил хүүг нь төлсөн. Ингээд бодохоор одоо анхны үндсэн төлөлтөө л хиймээр байгаа биз дээ. Аваагүй зээлийнхээ хүүг төлөх өрөнд орчихоод байна. Уг нь би автомашины бизнес эрхэлдэг байлаа. Гэтэл энэ маань ч ашиггүй болсон. Сүүлийн нэг жил бизнесээ ч хөдөлгөсөнгүй. Зээлээ төлөөд хоосон хоночихгүй л явж байлаа. Харин одоо бүр яахаа мэдэхгүй хүлээж сууна” хэмээв.

Тэрээр зээлийн төлөлтөө зогсоожээ. Гэвч банкнаас байнга утасдаж, зээлээ төлөхийг шаардаж, барьцаа байрыг нь авна хэмээж байгаа аж. Мөн түүнийг долларын зээлийн гэрээгээ төгрөгт шилжүүлэхийг шавдуулах болсон байна. Ингэхдээ долларын өнөөдрийн ханшаар тооцож үлдэгдэл төлбөрөө барагдуулахыг шаарджээ.

-Т.Баярхүү: Ханшийн өсөлтийг ТӨР ХАРИУЦАХ ЁСТОЙ-

Мөн энэ асуудлаар бид "218.1" хөдөлгөөний санаачлагч, Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүгийн байр суурийг сонслоо.

-Доллар 1200 төгрөг байх үед зээл авсан иргэд өнөөдөр 2500 төгрөгтэй тэнцсэн энэ ханшаар зээлээ буцаан төлж байна. Үүнийгээ арилжааны банкууд зах зээлийн зарчмаараа зохицуулж байна гэж тайлбарлаад байгаа шүү дээ. Энэ юутай холбоотой юм бэ. Монгол төгрөг үнэхээр хомсдолд орж, долларын зээл цэцэглэчихэв үү?

-Долларыг зөвхөн гадаад худалдаа хийх хүмүүс ашиглаж болно шүү дээ. Үүний тулд төгрөг нь тогтвортой байх ёстой. Өнөөдөр бодит байдал дээр төгрөгийн ханш унаад байгаа учраас хүмүүс доллар авч хадгалаад байна. Төгрөгийг доллартай харьцах ханш унагаж байна. Төрийн үндсэн үүрэг бол ханш нь өөрчлөгддөггүй, иргэдийн худалдан авах чадварыг бууруулдаггүй байх ёстой. Бид тийм байгаасай ч гэж төрийг сонгодог. Таван жилийн өмнө бид 20 мянган төгрөгөөр юу авдаг байв. Төр бидэнд одоо 20 мянган төгрөг гэж өгөөд байгаа боловч таван жилийн өмнөх 10 мянган төгрөг л олгоод байна. Гараад худалдан авалт хийхэд шууд мэдэгдэнэ. Төр үүнийг нэг төвшинд нь байлгах ёстой. Уг нь гаднаас бизнес хийхээр доллартай ирсэн хүмүүс төгрөгийг худалдаж авах ёстой юм. Манай нийт худалдааны 70 хувь нь Хятад. Тэгэхээр 70 хувь нь юань байх ёстой. Валютууд чинь уг нь аль улстай наймаа хийж байна, түүгээрээ зохицуулагддаг шүү дээ. Оростой хийдэг худалдаагаа хүртэл рубль руу оруулах хэрэгтэй.

-Ханшийн өсөлтийг зах зээлийн зарчмаар өссөн гэж Монголбанкнаас мэдээлсэн ч эдийн засагчид ханшийн өсөлтийг “Зүгээр л хөөс” гэж мэдэгдээд буй. Энэ өсөлтийг хазаарлах боломж манайд бий юу?

-Боломж байлгүй яах юм бэ. Өнөөдөр монголчуудын орлого, цалин нэмэгдээгүй байхад валютын ханш өсөөд байдаг. Уг нь ханшийн өсөлтийг төр хариуцах ёстой, үүрэгтэй. Засгийн газар мөнгөө хэвлээд биднийг орлоготой байлгах ёстой. Үүнийхээ хариуд биднээс татвараа авч төсвөө бүрдүүлэх үндсэн үүрэгтэй. Гэтэл Засгийн газраас төрийн мөнгөний зөв бодлого баримталж чадахгүй байна. Хамгийн ноцтой нь Төв банкны тухай хуулийн 4.1 дэх хэсэгт “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэж заасан байгаа. Уг нь зорилт биш үүрэгтэй гэж тусгах ёстой.

Ингэж бөөрөнхийлж орхиод өнөөдөр ажлаа хийж чадахгүй байна. Дээр нь Төв банк Засгийн газраас хараат бус ажиллана гэж хуульчлангуутаа төрөөс мөнгө хэвлэдэг эрхийг нь салгасан. Энэ хууль бол америкуудын 1997 онд оруулж ирж батлуулсан хууль шүү дээ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж зөв голдиролдоо орно гэв.

Долларын зээлтэй иргэдээ аварсан жишээ манай хойд хөршид бий. Жилийн өмнө ОХУ долларын зээлтэй иргэдээ дампуурлаа зарлах боломжийг олгож “Хувь хүний дампуурлын тухай” хуулийг баталсан билээ. Түүгээрээ долларын зээлийг бүгдийг нь рубль руу шилжүүлсэн ба банкинд зээлээ төлж чадахгүй иргэд Арбитрын шүүхэд хандаж, дампуурснаа мэдэгдэж байжээ.

Улмаар шүүхээс дампуурсныг нь тогтоож, тэдний зээлээ эргэн төлөх боломжгүй болсныг зарласан аж. 2014 онд ОХУ-д рублийн доллартай харьцах ханш унаад байсан юм. Тиймээс ОХУ-ын Төв банкнаас рублийн ханшийг тогтворжуулахын тулд бодлогын хүүгээ 10.5 хувиас 17 хувь болгон нэмэгдүүлж байв. Түүнчлэн тухайн үед шаардлагатай бол улсын мөнгөн сангийн валютын нөөцөө худалдана гэдгээ зарлаж байсан удаатай.