IELTS-д бэлдэх төлөвлөгөө буюу хичээлдээ хэрхэн төвлөрөх вэ

Д.Төмөртогтох


За үзгээ авлаа, дэвтрээ дэлгэлээ, тавчигаа углалаа, ширээгээ арчлаа, цай хийж авсан, амандаа чихрээ хүлхсэн, цаана нь бас нэлээд чихэр нөөцөлсөн, тэгээд чихэвчээ зүүгээд материалаа уншаад суралцаж эхэллээ.

Үүнтэй зэрэгцээд зурагтаа асаагаад дуртай суваг дээрээ тавьсан, утсаа цэнэглээд фэйсбүүкт оруулаад орхисон. Бидний олонхи нь иймэрхүү байдалтай хичээлээ хийдэг. Нүд хоёр тийшээ харж болдог байсан бол нэг нүдээрээ дэвтрээ, нөгөө нүдээрээ фэйсбүүкээ ширтээд, чихнийхээ баруун талаар сонсголын дасгалаа хийгээд зүүн талаар дуртай дуугаа сонсож байх байсан даа.

Гэвч хүн төрөлхтөний түүхэнд хэн ч ингэж байсангүй. Алдарт эрдэмтэд, суут ухаантнууд, тэр бүү хэл Эйнштейн хүртэл нэг цагт нэг зүйлд анхаарлаа хандуулж нэг л зүйлийг хийж байсан. Саяхан нэг залуу марафонд гүйх зуураа ном уншиж Гинннест бичигдсэнийг эс тооцвол. 

Тэгэхээр та Гиннест бичигдэхийг зориогүй л бол хүмүүсийн сурахдаа хийдэг зүйлийг л хийх хэрэгтэй. Мөн суралцахын хажуугаар сошиал сувгуудаа түр хааж, элдэв янзын тоглоом тоглохоо зогсоох нь чухал.

Ашгүй нэг юм суулаа, дасгалаа ажиллаж эхлээд, сонсох зүйлээ сонсоод хэсэг хугацаа өнгөрнө. Эхэндээ их л мэрийж, үг үсэг бүрээ нарийн хянана. Тэгж байтал мэдэхгүй юмнууд гарч ирнэ, тэрийгээ ойлгохоо болино. Толь бичиг харна. Уйтгартай хэдэн үгний дунд нүдээ гүйлгэнэ. Яг энэ үед чих, таван мэдрэхүй гайхмаар сайн ажиллаж эхэлнэ.

Ханын цагийн тог тог хийх чимээ яг чихний хажууд байгаа мэт сонсогдож, гадаа гудамжин дахь машины чимээ, хүүхдүүдийн шуугилдах чимээ, нөгөө өрөөнд ээжийн хоол хийж, ногоо хэрчиж байгаа чимээ, заазуур нь яаж хурдан хөдөлж байгаа нь хүртэл нүдэнд харагдаад яг л Spiderman кинон дээр Питер Паркер аалзанд хазуулсныхаа дараа сургуульдаа ирээд бүхнийг амьдаар нь мэдэрдэг хэсэг дээр гардаг шиг л биеийн мэдэрхүй ажиллана.

Ингэж байтал ашгүй утас дуугарч найзтайгаа ярих хэрэгтэй болоод сандлаасаа босч чухал ажлаар хүнтэй уулзах,багшийн үүрэг даалгаврыг биелүүлэх, гэнэтийн болзоо, найзуудтайгаа зугаацах, хамаатны ах эгчдээ зарагдах шаардлагатай болоод хичээлээ хаяж, хаашаа ч юм нэг тийшээ одно.

Энэ ТҮҮХ танд танил санагдаж байна уу?

Бидний олонх нь ийм асуудалтай тулгардаг, үүнийг яаж давах вэ гэж толгойгоо гашилгадаг.Энэ бэрхшээлийг давахад туслах хэдэн зөвлөгөөг бэлдлээ.

Хүн болгонд өөр өөрийн гэсэн суралцах хэв маяг бий. Зарим нь хөгжим сонсоно, зарим нь чимээгүй орчныг илүүд үзнэ. Гэтэл зарим хүмүүс тухтай газар хичээллэнэ, өөр нэгэнд нь ширээ сандал илүү санагдана. Ямартай ч та өөрт хамгийн “ТӨГС” гэсэн орчинг бүрдүүлчих.

“Утсаа унтраачих” гэж шал хиймэл зүйл хэлэхгүй ээ, хэн бүхний л амьдрал утсан дээр тогтож байгаа хойно. Үүний оронд утсаа silent болгочихоод дэлгэцийг нь доош харуулаад нүднээс хол газар тавьчих. Дуудлага ирвэл битгий ав, дараа нь эргүүлж залгаад учир байдлаа тайлбарлахад ойлгоно, ойлгохгүй бол тэр л биз.

Сошиалын хувьд хэд хэдэн арга бий. Хэрэв та windows machine дээр ажиллаж байгаа бол Cold turkey гэдэг програмыг татаж аваад ажиллуулчих. Дурын сайт, програмыг хүссэн хугацаанд ажиллагаагүй болгож тус хүргэнэ. Харин Apple бүтээгдэхүүн хэрэглэдэг бол энэ програмыг туршаад үз. Яаж ажиллаж, ямар ид шид гарахыг нь та бүхэн харна.

IELTS-д бэлдэх төлөвлөгөө

Хичээлээ хийгээд эхлэхээр нэг удаадаа хэр удаан хугацаанд хичээллэх вэ гэдэг бас нэг асуудал бий. Биологийн цагаар бол 10-12 болон 16-18 цаг хичээллэхэд тохиромжтой гэж үздэг.

Гэхдээ хүн бүр эдгээр цагуудад хичээллээд байж чадахгүй. Миний хувьд ихэнхдээ шөнөөр хичээллэх шаардлага гардаг. Гэрийнхэн унтаад нам гүм сайхан болж миний цаг үе эхэлдэг.

IELTS-ийн жирийн нэг practice дасгал 2 цаг орчим хугацаа шаардана. Writing хийнэ гэвэл бас цаг нэмэгдэнэ. Энэ бүхнийг тооцоолоод өдөрт яг сууж хийдэг ТОГТМОЛ цагтай бол. Долоо хоногийн “найман” өдөр тэр цагтаа ширээнийхээ ард сууж хичээлээ хийнэ.

Өдөр бүр давтах цагтай болсоны дараа ХЭР УДААН бэлдэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хүмүүсийн ихэнх нь удаан бэлдэх тусам улам чангарна гэсэн БУРУУ ойлголттой байдаг. Их цаг зарцуулахдаа гол нь биш ухаалаг, үр дүнтэй хичээллэх нь чухал.

Үүнээс гадна өөрийгөө IELTS өгөх хэмжээнд хүрсэн гэж үзээд шалгалт өгөхөд bandscore 4.0-4.5 дээр буух магадлалтай.

Оноогоо ахиулахаар дахиж шалгалт өгөх гэж байгаа бол дор хаяж гурван сарын зайтай өгөх нь зүйтэй. Энэ сарын шалгалтанд хүссэн оноогоо авсангүй, дараа сард өгөөд оноогоо авна гэж бодож байгаа бол энэ бүтэхгүй зүйл, та өмнө авсантайгаа ойролцоо оноо л авна. Гадны мэргэжилтнүүд бүхэл гурван сард bandscore-ийг 1.0-р өсөж болно гэдэг.

Миний хувьд IELTS-ийн шалгалтанд бэлдэх хугацаагаа дөрөв хуваасан. Эхний шатыг дүрмээ давтах болон сурах материалаа олоход зориулсан. Харин хоёр дахь шатанд IELTS-тай холбоотой зүйлс харж, цочроогоо гаргаж өнгөрөөнө. Гурав дахь үедээ IELTS-тай холбоотой зүйл харалгүй, зөвхөн academic skill-ээ болон өөрийн сул тал засахад зориулсан. Сүүлийн шатанд дасгал ажил хийж эхэлсэн дээ. Дасгал ажил хийх хугацаа сараас хэтрэхгүй байвал зүгээр.

Танд иймэрхүү өөрт чинь тохирсон бэлтгэлийн ТӨЛӨВЛӨГӨӨ бий юу?

Хүн болгон л өөр. Тиймээс бэлтгэл болон бэлдэх хугацаагаа зөвхөн өөртөө тааруулж гаргах хэрэгтэй. Хугацаа гаргах тал дээр гол ГАНЦ ДҮРЭМ бий. Хэт удаан болон хэт богино хугацаа сонгож болохгүй.

Хэт богино хугацаа үр дүн өгөхгүй бол хэт урт хугацаа таныг залхаана. Алтан дундаж хугацаа бол хоёр сар. Энэнээс хэтэрвэл залхмаар болж эхэлнэ. Мөн practice test хийж байхад яг юун дээр алдаад байгаагаа олж, өөрийгөө сайн ажиглахгүй бол удаан давтсан ч үр дүн муутай байна гэдгийг анхаараарай. 

ЭХ СУРВАЛЖ: Д.Төмөртогтох

Түүний блогоор зочлох бол энд дараарай 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ