АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод Доналд Трамп дэд бүтцийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдсэн. Түүний энэхүү мэдэгдлийн дараа дэлхийн уул уурхайн салбарын зах зээлд өөрчлөлт орж эхэллээ. Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсний дараа хэдхэн өдрийн дотор зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр тонн тутамдаа 1000 ам.доллараар огцом өсөв. Энэ нь мэдээж манай улсын эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлэх нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өссөнөөр манай экспортын орлого нэмэгдэнэ. Төсөв дээр л гэхэд, хэрвээ зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр нэг тонн нь 5000 ам.доллараас дээш гарвал өсөн нэмэгдэх рояалти татвар авдаг учиртай. Өчигдрийн байдлаар л гэхэд 3-4 хоногийн өмнө 5200 ам.доллар байсан зэсийн үнэ 6000 мянга орчим ам.долларт хүрээд байв. Гэхдээ, хэрэв дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс 100 ам.доллараар буурвал төсвийн орлого 3.9 тэрбум төгрөгөөр, зэсийн баяжмалын экспорт 50 мянган тонноор буурвал төсвийн орлого 6.6 тэрбум төгрөгөөр буурах эрсдэлтэй гэдгийг дашрамд дурдъя.