“Моби Дик”-ийн мэндэлсэн өдөр

Я.Баяраа


1851 оны энэ өдөр Америкийн уран зохиолын сонгодог өв тооцогддог Херман Мелвиллийн “Моби Дик” роман хэвлэгджээ.

Эртний түүхтэй бусад улс орнуудыг бодвол Америкийн утга зохиолын өвийн тухай ойлголт ойрх хоёр зуунд хамаарна. “Моби Дик” хэмээх роман бол далайн аялал болон халим агнуурын сурах бичиг гэж хэлж болохоор бүтээл. Нэлээдгүй чинээлэг эцэг нь хар багад нь дампуурч, модоо барьсан Херман Мелвиллийн Америк-Английн хооронд аялсан далайчны туршлага энэ номонд шингэсэн юм. Далайн аялалуудаас дөрвөн жил үргэлжилсэн халим агнуурын аян нь түүнд ихээхэн хүчтэй нөлөөлжээ.

1846 оноос эхлэн жил дараалан хэвлүүлсэн Тайпи, Ому, Редбөрн, Марди зэрэг бүтээлүүдийнхээ дараа Мелвилл Америк болон Европт чамгүй уншигчтай болжээ. 1849 онд Европ руу хийсэн аялалынхаа үеэр үүнийг анзаарч, урамшсан зохиолч Питтсфильд тосгон дахь байшиндаа гэр бүлийн хамт бүгж, нэгэн даацтай зохиол дээр ажилласан нь түүнд ойр зуурхан уншигддаг зохиолч биш, мөнхийн нэр алдарыг авчирсан билээ. Харамсалтай нь энэ алдар түүний амьд ахуй цагт нь ирсэнгүй. Моби Дик романыг нь тухайн цагийн уншигч, судлаачдын аль нь ч өнөөгийнх шиг өндрөөр хүлээж аваагүй  гэдэг. Тийм ч учраас зохиолч санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадалгүй, амин зуулгатайгаа зууралдсаар насыг баржээ. Нас барсан хойно нь “New York Times” сонинд нийтлэгдсэн эмгэнэлд ч нэр усыг нь алдаатай бичсэн байсан гэдэг.

Халим агнуурын “Пекод” хөлгийн ахмад Ахавын “Моби Дик” хэмээх аварга халимны араас цуцалтгүй ангуучилж буй аяны тухай өгүүлэх энэ нүсэр роман 135 бүлэгтэй. Зохиол маш олон төрлийн шугам, зөрчилтэй тул дан ганц халимны ан төдийхөн бус маш баялаг туульсын орчинд уншигчаа татан оруулдгаараа онцлогтой.

Монгол хэлнээ уг романыг орчуулагч Ононгийн Чинбаяр бүрэн эхээр нь орчуулсан. Мөн “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас товчилсон хувилбарыг нь ч уншигчдын хүртээл болгосон нь бий.

“Моби Дик” романаас сэдэвлэн хэд хэдэн кино хийгдсэн байдаг. Үүнээс хамгийн алдартай нь болох 1956 оны хувилбарын кино зохиол дээр алдарт зөгнөлт зохиолч Рэй Бредбюри ажиллажээ.

Харин 2011 онд Холливүүдэд хийж, алдарт жүжигчин Этан Хаукийн тоглосон хийсэн хоёр ангит хувилбар нь романыг нэлээд цогцоор нь харуулахыг хичээснээрээ ач холбогдолтой.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ