Арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн бямба гарагаас 13-ны өдрийн ням гарагт шилжих шөнө Орхон аймагт их хэмжээ цас орж, улмаар цасан шуурга дэгдэсний улмаас хөрсний гадаргад тогтсон цасны зузаан 5-8 см, хунгарласан газраа 15-20 см хүрснийг аймгийн ОБГ-ын мэргэжилтэн хэлж байв. Үүссэн нөхцөл байдлын улмаас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн авто замын зорчих хөдөлгөөнийг ням гарагийн 13:00 цагаас даваа гарагийн 10:00 цаг хүртэл хугацаанд хязгаарласан нь ажлын өдөр эхлэхээс өмнө Нийслэл хотыг зорихоор төлөвлөсөн иргэдийн унаа тэрэгний эрэлт хэрэгцээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж орхив.

Галт тэрэгний дамын тасалбар ч олдохгүй, хот орох яаралтай ажилтай, аргагүйн улмаас авто вокзалыг зорьж, “хулгайн” тэргэнд сууж азаа шодохоор шийдсэн зорчигчдын нэг нь би байв.

Үүнээс шалтгаалж Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын галт тэрэгний ням, даваа гарагийн хоёр өдрийн тасалбар борлуулагдаж дууссан тул 7000 төгрөгний үнэтэй нийтийн воганы тасалбар 20000 төгрөг, хагас зөөлөн суудлын 15000 төгрөгний тасалбар 30000 төгрөг хүртлээ “шаглагдах” болсон ч эрэлт багассангүй. Галт тэрэгний дамын тасалбар ч олдохгүй, хот орох яаралтай ажилтай, аргагүйн улмаас авто вокзалыг зорьж, “хулгайн” тэргэнд сууж азаа шодохоор шийдсэн зорчигчдын нэг нь би байв.

Хэдийгээр Зам тээврийн  сайдын тушаал гарч, улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг хааж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон боловч яарч яваа иргэд, хэдэн төгрөг олох гэсэн жолооч нарт хамаа байсангүй. Ням гарагийн 16-17 цагийн орчимд Эрдэнэтийн авто вокзал энгийн үеэсээ ч илүү их хүнтэй, бужигнаж байх нь тэр. Ердийн үед 15000 төгрөгөөр хүн зөөдөг микро автобус 5000 төгрөгөөр үнээ нэмж 20000 төгрөг болсон ч зорчигчдын хэн нь ч мөнгөний хэрүүл хийхгүй нь сонин. Эрдэнэтээс нийслэл орох унаа тэрэгнүүд тэр дороо л дүүрч, Истана маркийн хоёр микро автобус, Соната 6 маркийн хоёр суудлын тэрэг, Приус 11 маркийн нэг суудлын тэрэг бөөндөө хөдлөв.

Зөвхөн хяналтын постыг тойрч нууцаар нэвтрэх гэж бүхэл бүтэн гурван цаг зарцуулж, Орхон аймгийг бүтэн тойрчих шахав.

“Зам гайгүй юу? Осол аваар гардаггүй юм аа гэхэд цасанд суучихгүй байгаа?” гэж зорчигдын зүгээс болгоомжлон асуувал, “Тэгэж бодож байвал үлд. Хол, хэцүү зам туулна. Хулгайн замаар л явна шүү дээ. Айж байвал буу. Бусаддаа битгий гай бол” гэж жолооч зандрахад бүгд таг дуугай болж хурдхан л замаа хороож эхлэхийн түүс болцгоов. Эрдэнэтийн замын хяналтын постыг тойрч гаран засмал зам руу “хулгай”-гаар нэвтрэхийн тулд Говил тосгоноор дайрч, хиймэл нуурыг ороогоод цааш өгсөн Хуурай хамраар даван Булган аймгийн Хангал сум буюу олны нэршиж заншсанаар Хялганат тосгоны шороон замаар давхисаар сая л нэг юм Эрдэнэтийн хяналтын постыг тойрч, засмал замтай золгов. Зөвхөн хяналтын постыг тойрч нууцаар нэвтрэх гэж бүхэл бүтэн гурван цаг зарцуулж, Орхон аймгийг бүтэн тойрчих шахав.

Хорио саадгүй бол гурван цаг давхина гэдэг Эрдэнэтээс Дархан орчих хугацаа. Замдаа өгсүүр газар, цас зузаан газруудад байсхийгээд л бууж бултаараа машинаа түрнэ. Дөрөв, таван тэрэгтэй бөөндөө хөдөлсөн улс нэгнээ үл орхино. Нэг машин нь цасанд суувал нөгөө хэд нь түрж гаргана. Эрдэнэтийн постыг л өнгөрчихвөл засмал замаар шурд хийчихнэ гэж амархан бодсон маань өрөөсгөл байжээ. Хээгүй байрын жолооч эр, “Одоо л концерт дөнгөж эхэлж байна шүү дээ. Дахиад таван газар цагдаагийн хяналт бий” гэж хэлээд мар, мар хөхрөнө.

Засмал замаар сүнгэнүүлээд удалгүй эхний саадтай. Учир нь, Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн зам дээрх цагдаагийн хяналт. Ажиг сэжиггүй, хяналт байхгүй мэт санагдахаар нь зориг шулуудан нэвт гарсан “манай тал”-ын Соната 6 маркийн машиныг цагдаа зогсоочих нь тэр. Тиймээс ард хоцорсон манай хоёр Истана микро автобус Улаантолгой багийн гэр хорооллын гудамж дундуур гэрлээ унтраан зугуухан явж, хашаа хайс хатгасан ногоон талбайг тойрох гэж хэрдээ будилж давхисаар нэг юм дахин засмал зам дээр гарч ирлээ. Үдээс хойш 17:00 цаг орчимд Эрдэнэт хотоос гарсанаас хойш хэдий нь таван цаг өнгөрчээ. Худалч хүнд хот орчихсон байх хугацаа. Нэгэнт л зориг шулуудсан улсад буцах нялзах зам үгүй хойно даарч зутарч, байсхийгээд л цас, шалбагтай зууралдан машин түрж, ноцолдох ч юундаа ч гомдоллох билээ, ийм бэрхшээл, болзошгүй аюулыг мэдсээр байж хулгайн унаанд суусан хүмүүс чинь...

Хот руу гэртээ харьж яваа хүн атал, үе үе Мексикийн хил орчмоор Америк руу хулгайгаар нэвтэрч буй цагаачид мэт, тиймэрхүү үйл явдалтай киноны нэг хэсэг болчихсон мэт санагдана.

Хот руу гэртээ харьж яваа хүн атал, үе үе Мексикийн хил орчмоор Америк руу хулгайгаар нэвтэрч буй цагаачид мэт, тиймэрхүү үйл явдалтай киноны нэг хэсэг болчихсон мэт санагдана. Аз болж харилцаа холбооны салбар манай оронд сайн хөгжсөн юм. Ямар ч эзгүй хээр, уулын мухарт үүрэн телефоны оператор компаниудын сүлжээ барих аж. Жолооч нар бие биетэйгээ байсхийгээд л утсаар ярьж хаана, ямар постон дээр цагдаа байгаа эсэх, яаж тойрч орвол болох, ямар нүх сүвээр гарахаа нэг нэгэндээ мэдээллэнэ. Энэ бүхэн нь эхэндээ сонирхолтой, адал явдалт зохиолын өрнөл мэт санагдаж асан ч эцэстээ залхаж, энэ байдлаар хэзээ гэрийн бараа харах нь ч тодорхойгүй санагдана. “Ингээд л уулын мухарт цасанд таг суучихаж байгаа нь энэ үү, машин ч ингээд л эвдэрчихлээ дээ” гэсэн айдас байсхийгээд л нэг сум суурингийн хяналтын цэгийг тойрч гарах гэж элдэв бартаат замыг туулах бүрт төрнө.

Энэ бүхэн нь эхэндээ сонирхолтой, адал явдалт зохиолын өрнөл мэт санагдаж асан ч эцэстээ залхаж, энэ байдлаар хэзээ гэрийн бараа харах нь ч тодорхойгүй санагдана.

Цагдаагийн харуул хяналтыг тойрч гарах гэж ингэж их будлих боловч хамгийн хоржоонтой нь холуур тойроод гарчихсан хойно зам хаасан хорио, хяналтын цэг гэдэг тоглоом шоглоом төдийхөн. Эндээс нэгэн зүйлийг эрхгүй бодсон нь авто замыг хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсооно гэдэг нэр төдий л аж. Уул шугамандаа бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохицуулж буй зөв алхам. Гэвч хяналт нь учир дутагдалтай.

Хулгайн тэрэгнүүд нэр төдий хяналтыг гэтэлж гарах гэж халтиргаа гулгаатай засмал замаас хэд дахин аюултай хунгарласан цас, шавар шавхаатай гуу жалга, эгц давааг туулж азаа шодож буйг анхаарч үзмээр. Нэг жишээ дурьдахад, манай унаанд өндөр хэмтэй халуурч, ханиалгасан настай эгч, хамт явсан суудлын тэргэнд хоёр ой гарантай охиноо дагуулсан эх зорчиж явсан. Хаана ч, хэзээ ч таг суучихаж болох, машин тэрэг эвдрээд засаж сэлбэх боломжгүй болчих нөхцөл бүрэн дүүрэн байсныг мартаж болохгүй. Уг нь замын цагдаа нар хулгайн замыг андахгүй баймаар. Хаагуур яаж давж, хаанаас засмал замтай нийлдэг тэнд нь л харуулд зогсмоорсон.

Засмал замын шалган нэвтрүүлэх дээр отож буй цагдаагаас зугатахын тулд галт тэрэгний  замын доогуурх нүхэн гарцаар нэвтрэх гэж яваад мөс, цас, шагай давсан цасны усан дотор микро автобус таг зогсчих нь тэр.

Хяналт шалгалт нь нэр төдий биш бол иргэд ч, жолооч нар ч зориглож давхиад байхгүй. Хөтөл, Баруунбүрэн, Хонгорын постыг нөгөө л аргаар тойрч зугатсаар хамгийн сүүлчийн хамгийн хүнд сорилттойгоо учирсан нь Баруунхараад. Засмал замын шалган нэвтрүүлэх дээр отож буй цагдаагаас зугатахын тулд галт тэрэгний  замын доогуурх нүхэн гарцаар нэвтрэх гэж яваад мөс, цас, шагай давсан цасны усан дотор микро автобус таг зогсчих нь тэр. Биднийг ингэж ухантаж байх зуур удаан явдаг гээд зарим нэгийнх нь голсон Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын галт тэрэг дуут дохиогоо хангинуулсаар биднийг орхин одох нь тэр.

Манай тэргэнд зорчиж явсан тав зургаан ч хүн галт тэргээр явбал арван хоёр цаг зарцуулна. Тэрний оронд машинаар зургаан цаг яваад хот орсон нь амар гэж сонголт хийсэн улсууд байсныг зориуд дурдъя. Ийм нэг урт аянаас гэр орондоо эсэн мэнд буцаж ирсэн хүний дотор элдэв л юм бодогддох аж. Болзошгүй аюул аваараас сэрэмжлэхийн тулд зам хааж, боож болно оо. Гэхдээ хяналтаа сайжруулахгүй бол түүнээс ч долоон дор нөхцөл байдлыг үл хэрэгсэн хулгайн тэрэгнүүд мөнгө олж буйг мартаж боломгүй.