Зүрхний бичлэг шиг баасан гаригтай зүгээргүй өнгөрсөн долоо хоног

Ч.Хүрлээ


-Баталсан төсвийг тодотгож магадгүй-

Ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой байсан ч УИХ хугацаанаас нь тав хоногийн өмнө буюу өнгөрсөн пүрэв гаригт хэлэлцэж шийдвэрлэсэн. Түүний дараа Сангийн сайд мэдээлэл хийж, Монгол гэдэг айл ирэх онд юу зарж, юу үйлдвэрлэж ямар орлого олох, эсрэгээрээ юу худалдан авч, юу бүтээн байгуулж, хэдий хэмжээний хөрөнгө зарах гэж буйг тодорхойлон хэлсэн юм.

Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд хамгийн их анхаарал татаж, тэр хэрээрээ шүүмжлэлд өртөж байсан зүйл бол төсвийн алдагдал. Анх өргөн барьснаар бол Засгийн газар төсвийн алдагдлыг ДНБ-ий 9.9 хувь хэмээн тооцоолсон байлаа. Гэхдээ төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусахад энэхүү алдагдлыг 9.1 хувь болгон бууруулсан нь шүүмжлэлийг бага ч гэсэн намжаасан хэрэг болсон юм. Нөгөөтэйгүүр энэ удаагийн парламент анх удаа Засгийн газраас оруулж ирсэн төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэлгүйгээр баталсан нь онцлох зүйл болов. Гэхдээ үүнийг эдийн засгийн хүнд байдалтай холбон ойлгож болно.

Монгол гэдэг айл ирэх онд юу зарж, юу үйлдвэрлэж ямар орлого олох, эсрэгээрээ юу худалдан авч, юу бүтээн байгуулж, хэдий хэмжээний хөрөнгө зарах гэж буйг тодорхойлон хэлсэн юм.

Жишээлбэл, Сангийн сайд 2017 оны төсвийн орлогыг 5.9, зарлагыг 8.5 их наяд төгрөг байхаар тооцож өргөн барьсан бол УИХ орлогыг нь 6.1, зарлагыг нь 8.5 их наяд болгон бууруулж баталсан юм. Мөн Сангийн сайдыг эс тооцвол түүний дараа Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд хамгийн их төсөв зарцуулах бөгөөд сайдын багцыг 1.7 их наяд төгрөгөөр баталсан. Харин хамгийн бага төсвийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд зарцуулах бөгөөд түүний багцад 20.2 тэрбум төгрөг багтжээ.

Түүнээс гадна өнгөрсөн хугацаанд төсөвт өртөг нь он дамжин үргэлжилдэг хэрнээ бүтээн байгуулалт хийгддэггүй төсөл хөтөлбөрүүдийн асуудал маш их байдаг байлаа. Харин энэ удаа тус асуудал багассанаас гадна шинээр ямар нэгэн барилга байгууламж барихад нэг ч төгрөг төсөвлөөгүй юм.

Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тодорхойгүй байгаа бөгөөд хэрвээ хөтөлбөрт хамрагдвал ирэх оны төсөвт тодотгол хийж магадгүй нөхцөл байдал бий болоод байгаа.

Гэхдээ ингэж баталсан төсөв эцсийн биш байж магадгүй. Тодруулбал, Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тодорхойгүй байгаа бөгөөд хэрвээ хөтөлбөрт хамрагдвал ирэх оны төсөвт тодотгол хийж магадгүй нөхцөл байдал бий болоод байгаа юм. Үүнийг Сангийн сайд болон бусад албаныхан ч үгүйсгээгүй. Тэгэхээр “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал нэгэнт батлагдсан ирэх оны төсвийн тоонууд хөдөлж мэднэ.

-Оффшорыг зохицуулах хуулийн төслийг эргүүлэн татахыг шаардав-

Өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдлуудын нэг бол оффшорын асуудал. Засийн газраас олон нийтийн анхаарлыг сүүлийн жилүүдэд ихээр татаж буй оффшортой холбоотой асуудлыг намжаах, түүнийг зохицуулах чиглэлд хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан. Гэхдээ УИХ-ын олон гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан, маш дулимаг дутуу хуулийн төсөл боловсруулсан гэх шүүмж хэлж, зарим нь хуулийн төслөө буцаан татахыг хүртэл шаардаж байлаа.

Жишээлбэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уг хуулийн төслөөр эрх баригчид өөрийн намын харьяалалтай оффшорчдыг хамгаалах хуулийн төсөл оруулж ирсэн гэсэн дүгнэлт хэлсэн. Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Г.Занданшатар нар тус хуулийн төсөлд “муу” үнэлгээ өгч, эргүүлэн татаж, сайтар боловсруулсны дараа дахин өргөн барих хэрэгтэй гэсэн юм.

Хамгийн гол нь уг хуулийн төслөөр өмнө нь оффшорт нэр нь холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох ямар ч заалт байхгүй байгаа нь олон хүний бухимдах шалтгаан болоод байна.

Хамгийн гол нь уг хуулийн төслөөр өмнө нь оффшорт нэр нь холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох ямар ч заалт байхгүй байгаа нь олон хүний бухимдах шалтгаан болоод байна. Гэхдээ оффшорын асуудлыг зохицуулах гэсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-аар дэмжсэн юм. Ямартай ч хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдөхийг харцгаая.

-Зүрхний бичлэг шиг баасан гариг-

Өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлийн өдөр зүрхний бичлэг шиг л өнгөрлөө. Мэдээж, тэр нь ам.долларын ханшийн хэлбэлзэл. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт 14:30 цагийн үед “Найман шарга”-ын ченжүүд нэг ам.долларыг 2720 төгрөгөөр зарж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас тэр даруй хэвлэлийн хурал зарлаж, түр зуурын ханшийн хөөсрөл хэмээн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, ханшийн тус огцом өсөлт нь ченжүүдийн богино хугацаанд тоглолт хийсэн байсан аж.

“Зүрхний бичлэг” огцом унаж, 16:30 цаг гэхэд энэхүү ханш 2500 төгрөг болж, арилжааны банкууд нэг ам.долларыг дунджаар 2470 төгрөгөөр зарж эхэлсэн юм.

Ямартай ч уг гэнэтийн шалгалтад Төв банк тэр дор нь хариу барьж, ээлжит бус дуудлага худалдаа зохион байгуулж зах зээлд 72.4 сая ам.доллар нийлүүлсэн. Түүний дараа огцом дээшилж байсан “зүрхний бичлэг” огцом унаж, 16:30 цаг гэхэд энэхүү ханш 2500 төгрөг болж, арилжааны банкууд нэг ам.долларыг дунджаар 2470 төгрөгөөр зарж эхэлсэн юм.

Хэдийгээр Монголбанк ханшин хөөсрөлтөд ийн арга хэмжээ авсан ч, валютын огцом хэлбэлзэл нэг их сайн зүйл биш гэдгийг нэг бус эдийн засагч хэллээ. Харин валютын ханш цаашид хэрхэх бол гэсэн асуулт л олон нийтийн дунд үлдсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал товчхондоо ийм байна. Харин онцлох эшлэл гэвэл УИХ-ын гишүүн С.Жавхлан “Доллар хэрэглэхгүй, нүүрс түлэхгүй байя”. Шинэ долоо хоногт ямар үйл явдал өрнөх бол. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)