УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “2017-2019 онд инфляцийг найман хувьд барих” зорилтыг зургаа болгож бууруулах санал гаргасан. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.

Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Монголбанк болон ОУВС-ийн төсөөллөөр 2018 оны эхээр инфляци долоо орчим хувьд хүрэхээр байгаа. Тэгэхээр инфляцийн зорилтыг зургаан хувь болгож бууруулж байгаа бол Монголбанк ирэх оны сүүлээр бодлогын хүүгээ өсгөх болж таарна” гэлээ.

Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж дууссаны дараа УИХ-ын гишүүн Б.Жавхлан горимын санал гаргасан юм. Тэрээр инфляцийн зорилтыг зургаан хувиар хязгаарлах тухай санал нь эдийн засгийн идэвхжлээ хязгаарлах, Төв банкны бодлогын орон зайг хумьсан шийдвэр болж байгаа тул уг санал хураалтыг хүчингүй болгох талаар санал гаргалаа. Гэсэн ч байнгын хороонд оролцсон гишүүдийн олонхи нь горимын саналыг дэмжсэнгүй.

Хэрвээ байнгын хорооны саналыг УИХ-аар дэмжвэл Монголбанк Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд 2017-2019 онд зургаан хувиас хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээх юм.

Монголбанк ирэх онд баримтлах мөнгөний бодлогын төсөлдөө хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг 2017-2019 онд найман хувиас ихгүй түвшинд барина хэмээн тусгасан. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед мөнгөний бодлогоор эдийн засгийн идэвхжлийг дэмжих орон зайг нэмэгдүүлэх зорилготой хэмээн тайлбарлаж буй. Тийм учраас инфляцийн зорилтыг зургаан хувь болгож бууруулсан нь эдийн засгийн идэвхжлийг дэмжих орон зайг хязгаарласан шийдвэр болж байна. Өөрөөр хэлбэл, инфляци зургаагаас дээш хувь руу гарсан тохиолдолд Монголбанк бодлогын хүүгээ өсгөхөөс өөр аргагүй болно.