УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ахлахаар болоод буй. Мөн ажлын хэсэгт АН-ын бүлгийн гишүүдээс Ж.Батзандан гишүүн багтсан юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан АН-ын бүлгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд ""Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг шалгах ажлын хэсэгт АН-ын бүлгийн гишүүд албан ёсоор орохгүй бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон нь тухайн хувь гишүүний бүрэн эрхийн асуудал тул АН-ын бүлгийг төлөөлөхгүй" гэдгийг тодотгосон байна.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөнө гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл АН-аас албан ёсоор ийм шийдвэр гараагүй гэнэ. Харин Ж.Батзандан гишүүнийг Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа дүүргийн намын хорооноосоо "хөөсөн" байна.