-Цахим ертөнцийн гадуурхал цаашаа...-
Сүүлийн хоёр жилийн дотор манай улсад цахим орчинд өсвөр насны хүүхдийг гадуурхаж, хэл амаар доромжлох тохиолдол ихсэх болжээ. Үүнээс үүдэн сургуулийн насны хүүхдүүд сэтгэл гутралд орох, хүчирхийлэл дарамтад өртөх улмаар хорлох золгүй явдал гарсаар байгааг мэргэжлийн байгууллагынхан онцолж байна.
2012-2016 оны хооронд 92 хүүхэд сэтгэл гутрал, дарамт шахалт, хүчирхийллийн улмаас амиа хорлосон эмгэнэлт мэдээ цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, жилд 23 хүүхэд хэн нэгний доромжлолоос үүдэн хорвоог орхиж байна.
Эл асуудалтай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010, 2013 онуудад 5000 сурагчийн дунд “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-г явуулсан байна. Ингэхэд,
- Дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодсон,
- Долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж,
- Арван сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлого хийсэн гэх хариулт өгсөн байжээ.
Тэгвэл энэхүү сэтгэл сэртхийлгэм мэдээ өнгөрсөн хугацаан дахь бидний санаатай болон санамсаргүй үйлдлээс хамааралтай гэдгийг цахим ертөнцийн хэрэглэгчид нэгэнт анхаарах цаг болсныг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан онцоллоо.
Тиймээс яамны зүгээс өсвөр насны хүүхдийг цахим орчин дахь хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Цахим гадуурхал цаашаа" үндэсний хөтөлбөрийг улс, орон даяар хэрэгжүүлэхээр болжээ. Энэ тухай БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлэхдээ "Хүүхэд бүрт суурь хэрэгцээ гэж байдаг. Тухайлбал, амьд явах, аюулгүй байдлаа хангуулах, нийгмийн идэвх, оролцоотой байх, хайрлуулж, хүндлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх гэсэн таван чухал хэрэгцээ хүүхдэд бий. Гэтэл энэ нь өнөөдөр зарим хүүхдүүдийн хувьд зөрчигдөж байна" хэмээн У.Маслоугийн хэрэгцээний шатлалын онолыг жишээ татан ярилаа.
Багш нар хүүхдийг санамсаргүй байдлаар үг, үйлдлээрээ гадуурхаж, ялгаварласнаар хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог.
Тэрээр дээрх таван хэрэгцээ зарим хүүхдүүдийн хувьд хангагдаж чадахгүй байгаа нь томчуудын үг, үйлдэлтэй холбоотой гэв. Түүнчлэн сургуулийн орчинд багш нар хүүхдийг санамсаргүй байдлаар үг, үйлдлээрээ гадуурхаж, ялгаварлыг бий болгох тохиолдол гардаг тул цаашид Багш нарын ёсзүйн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, тэдэнд ёсзүйн сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Учир нь багш нарын санамсар болгоомжгүй хэлсэн үгнээс болж хүүхэд өөртөө итгэх итгэлгүй болж, сэтгэл гутралд орох хэмжээнд хүрдэг байна. Үүний зэрэгцээ суруулийн нийгмийн ажилтнууд хүүхдүүдтэй эцэг эхийн сэтгэлээр хандаж, ярилцаж, тэднийг дэмжих цаашлаад үе тэнгийн хүүхдүүдийнх нь зан үйлд нөлөөлөх сургалт хийх нь чухал гэдгийг ч мэргэжилтнүүд ярьж байв. Үүнээс гадна цахим ертөнцөд зураг, хөрөг, сэтгэгдэл бичсэн хүүхдүүдийг хэл амаар доромжилж, тэдний зургийг зөвшөөрөлгүй олон түгээж, "шэйрлэх" улмаар хэвлэл мэдээллээр цацах нь хүүхдүүдэд хамгийн хүндээр тусдаг байна. Энэ нь даамжирсаар олон аав, ээжийн хайртай хүүхдүүдийг золгүй байдлаар хорвоог орхиход хүргэх шалтгаан болсоор байгаа аж.
-Хүүхдүүд эцэг эхдээ ярьж чадахгүй сэтгэл гутралаа "108" утсанд хэлдэг-
Тэрчлэн Хүүхдийн тусламжийн утас "108" дугаарт ирдэг дуудлагын 70 хувийг тусламж хүссэн дуудлага эзэлдэг аж. Тэдний 40 хувь нь цахим сүлжээнд гадуурхагдсан тухайгаа ярьдаг байна. Энэ хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэргэжилтнүүдээ чадваржуулах, мэргэшүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллахаар болжээ.
Мөн энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн дарга Б.Цогтбаатар "Эцэг эх, мэргэжилтнүүд энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй орхих юм бол улам даамжрах хандлагатай байна. Хүүхдүүд чинь санаатай болон санамсаргүй байдлаар найз нөхдөө гомдоож, сэтгэлзүйн гүн хямралд оруулж байгааг анхаарах нь чухал байна. Үүнийг томчууд ч бас үйлдэж байгааг хэлмээр байна. Тиймээс хэн бүхэнд эерэг хандлага чухал байгаа бөгөөд цахим хэрэглэгчид, эцэг эхчүүд хүүхдийг цахим ертөнцөд гадуурхаж, доромжлохгүй байхыг анхааруулж байна. Бас эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ найз шиг нь ярилцаж, зөв мэдээлэл өгч, зөв хэрэглээг бий болгоход хувь нэмрээ оруулах нь чухал" гэлээ.
Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа "Цахим гадуурхал цаашаа" үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЕБС-иудад “Цахим гадуурхал цаашаа” сэдэвт хичээл орж сурагчдыг бие биедээ хүндэтгэлтэй хандахыг уриалах юм байна. Мөн "Цус сэлбэлт судлалын төв"-д ирэх сарын 1-нээс эхлэн “Таны нэг удаа бэлэглэсэн 350 грамм цус гурван хүний амь аварна” уриан дор сайн дураараа цусаа өгөх өдөрлөг зохион байгуулах ажээ. Нэг иргэний бэлэглэсэн цус 3 хүний амь авардаг гэдгийг энэ үеэр "Цус сэлбэлт судлалын үндэсний төв"-ийн албаны эх сурвалж онцолсон юм.
Дашрамд дурдахад, "Цахим гадуурхал цаашаа" үндэсний хөтөлбөрийг БСШУСЯ, Эрүүл мэндийн яам, НЭМХ, Цус сэлбэлт судалын үндэсний төв, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУБ, Японы хүүхдийг ивээх сан, "Өгөх өдөр үндэсний хөдөлгөөн", "Оюунлаг Монгол хүн" ТББ хамтран хэрэгжүүлэх юм байна.