Цагны талаар цаг гарган эргэцүүлэхүй

Цуврал 2.

Өндөр нарийвчлалтай цагны эрин

Цаг хугацаагаар бусад хэмжигдэхүүнийг тодорхойлдог.

Дэлхийн I дайны дараачаас бугуйн цаг түгээмэл хэрэглээ болж эхлэх үест удирдагчид, дээдэс язгууртнуудад ялгарал, зиндаархалаа илтгэх чухал хэрэгцээ үүсчээ. Бүгдийн гарт байгаагаас өөр, онцгой зүйлийг хүсэх нь тансаг хэрэглээний үндсэн шаардлага шүү дээ. Үнэтэй, тансаг цаг нь хэмжих хэрэгслээс гадна нийгмийн байдал, зэрэг дэвийг илтгэх бэлэгдэл болон хувирсан юм.

Хэрвээ та Forbes, Fortune сэтгүүлийн нэрлэсэн топ-100 жагсаалтад багтдаг компанийн захирлуудын зөвлөлийн хуралд сууваас хүн бүгдийн гарт тансаг зэрэглэлийн бугуйн цаг байгааг харах болно. Амжилттай яваа удирдагчийн гарт Audemars Piguet, Breguet, Lange&Sohne, Roger* Dubuis, Hublot, Vacheron Constantin, Franсk Müller, Uliss Nardin, Jaeger - Le Coultre, Patek Philippe зэрэг алдартай брэндүүд ёс мэт зүүлттэй байх ажээ. 

Ялгаралыг алт, үнэт чулуу, эдэлгээний бат бөх байдалтай зэрэгцээд цагны механизм, ажиллагааны өндөр нарийвчлал, хэмжилтийн төрөл зүйлээр, инженерчлэлийн гайхамшгийг харуулан хийх нь мастеруудын эрхэм зорилт болж ирэв. Энэ үеэс хронометр, хронограф гэх ойлголтууд, ялгаанууд бий болон хөгжсөн юм.

Хронометр, хронографын ялгаа нь юу юм бэ?

Энгийн хэрэглэгчид энэ асуултад шууд хариулж дөнгөхгүй. Цагчин хүний хувьд энэ нь эрс ялгаатай ойлголт аж.

Хронометр (Χρομόμετροs) цаг, хэмжээ гэх грек үгс. Хронометр гэдэгт албан ёсны бүртгэлтэй, хэмжилтийн нарийвчлалын маш хатуу стандартад захирагдсан болохыг нь гэрчлэх гэрчилгээ авсан цагнуудыг ойлгодог байна. Швейцарьт COSC гэж бие даасан хяналтын байгуулга байх агаад аливаа цагийг стандартад нийцэж байгаа эсэхийг ойролцоогоор 2 долоо хоног маш олон параметрээр хэмжиж, нягталж байж, гэрчилгээ олгодог ажээ. Ингэхдээ хоногийн нарийвчлалыг хэр зааж байгааг тусгай эталон цагтай харьцуулах ба өдөр бүр өөр өөр орчин нөхцөлд байлгадаг гэнэ. Темпаратурын өөрчлөлтөд хэр гажилт өгч байгааг ч энэ хэмжилтээр тогтоодог байна.

Хронограф нь graphos - зурах, тэмдэглэх гэсэн утгатай сүүлээрээ ялгагдна. Хронограф гэдэгт туулсан цаг хугацааг хэмжиж, тогтоох механизмыг ойлгодог юм байна. Өөрөөр хэлбэл хронометрээс ялгаатай нь хэмжиж байгаа хугацааны дундах зогсолт, түүний үргэлжилсэн хугацааг секунд бус секундын аравны нэгээс мянганы нэг хүртэлх нарийвчлалтайгаар тогтоох хэрэгсэл. Их төлөв секундын нарийвчлалыг харуулах тусгай тоот дэлгэцтэй байдаг. Онцгой нарийвчлалтай хронографууд болох flyback функцтэй нислэгийн цагнууд гэхэд нэг даралтаар хүрсэн үр дүнг тогтоогоод, шинэ хэмжилтийг эхлүүлэх боломжтойгоор бүтээгдсэн байдаг. Хронографууд нь цаг хугацааг хэмжихээс гадна өөр зүйлсийг ч хэмждэг. Жишээ нь: 

Tachymeter - Хурдны хэмжүүр нь хронографд байдаг хамгийн түгээмэл төрөл юм. 1 км/цагаас илүү хурдтай зүйлийн хурдыг тооцоолдог. 

Telemetric scale - алслалтын хэмжүүр. Дуу чимээг ашиглан аливаа зүйл хэмжигчээс хэр зайд байгааг тодорхойлно. 

Pulsimeter - Судасны цохилтын хэмжүүр.

Altimeter - Өндөршилтийн хэмжүүр. Ууланд аялагчид, нисгэгч зэрэг өндөрт ажилладаг хүмүүсийн байнгын хэрэглээ юм.

Heuer triple-date chronograph

Спортын уралдаан тэмцээнд ашиглах хронографыг Tag Heuer (LVMH) фирм анхлан бүтээжээ. Тэр нь кварц цаг байсан агаад тамирчдын гүйлтийн хугацааны зөрүүг секундыг мянга хуваасны нэгтэй тэнцэх нарийвчлалаар тогтоож байв. Механик ажиллагаатай хронографууд тэр үест секундыг 100 хуваасны нэгтэй тэнцэх нарийвчлалтай байсан.

Zenith El Primero

Хронограф нь цаг хугацаанаас гадна зүрхний цохилт, хөдлөж байгаа биетийн хурд, ойртож буй шуурганы зай төдийгүй валютын ханшийг ч тооцоолдог болсон. 1969 онд дэлхийн анхны автомат хронограф хөдөлгүүрийг Baselworld үзэсгэлэн дээр Zenith брэнд (LVMH) танилцуулжээ. Энэ нь El Primero гэх цагт 36 мянган удаа цохилдог хронограф хөдөлгүүр байлаа.

Цагны үйлдвэрлэл дэх хямралт үе

Casio Classic Alarm Chronograph Watch A164WA-1VES

1970-аад оны сүүлчээс япончууд хямдхан кварц цагууд гаргаж Европ, Америкийн зах зээл дээр томоохон байр суурь эзлэв. Дотор нь швейцарь цагчдын бодож олсон механизмууд ажиллаж байсан ч нүүр нь шингэн талс дэлгэц, тэжээл нь зоос хэлбэрийн баттерей, удирдлага нь микросхем болжээ. Уг нь ийм төрлийн цагийг Longines анх бүтээсэн ч дэлгэрүүлсэн нь япончууд Casio, Seiko зэрэг юм. Тэдний амжилт нь маш хямд өртөгтэй, энгийн байсанд оршиж байв. 

Seiko LCD Solar Alarm Chronograph A156-5000

Чанартай ч, хямд бус өртөгтэй учраас швейцар цагны борлуулалт тэр үест эрс унажээ. Швейцарчууд цохилтонд орж, тэргүүлэлээ хадгалах талаар юу хийхээ бодож эхлэв. Зарим нэгэнд нь швейцарь цагны чанар, тэргүүлэл түүх болон үлдэж байгаа юм шиг л санагдах болж. Гэвч аврал олдож, хариу цохилтыг цаг алдалгүй өгсөн юм.

Уламжлалаа хөгжүүлсэн шинэ эрин

Николас Хайек хэмээх авъяаслаг санхүүч тархай бутархай цаг үйлдвэрлэгчдийг нэгтгэн, Swatch Group хэмээх нэртэй холдинг үүсгэв. Үйлдвэрлэлийн чадамж, нөөцийг нэгтгэснээр өртөг хямдруулах, үйлдвэрлэл, борлуулалтыг оновчтой болгох боломж бүрдсэн байна. Даяаршлыг дагалдах гамшигт швейцарын цаг үйлдвэрлэгчид нэгдэл, дангааршлаар хариу өглөө. Хайек хэт нимгэн Delirium (галзуу) цагийг судлаад швейцар цаг ийм “галзуу” замаар л урагшлах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Николас Хайек цагчдыг механизмаа улам энгийчилж, хамгийн багадаа 150 эд анги угсарч байгааг гуравны нэгээр цөөл гэсэн шаардлага тавив. Гадаад корпусыг хурц тод өнгөтэй хуванцараар солихыг ч шаардаж байлаа. Швейцар цаг гэхэд хэцүүдэх ийм бүтээгдэхүүндээ Николас Хайек Swatch гэсэн нэр хайрлав. Бидэнд хэдэн үеэрээ зүүх мөнхийн цаг бус хавар зүүж байгаад уйдвал хаяад намар өөр шинэ цаг зүүх боломж хэрэгтэй гэж тэр хэлж байжээ.

1983 хавар Swatch худалдаанд гарч эхний жил 2 сая ширхэг зарагдсан бол 10 жилийн дараа гэхэд 100 сая зарагдсан билээ. Одоо бол Swatch орчин үеийн урлагийн музейн үзмэр болон үлдсэн. Учир нь Хайек өөрийгөө бизнесмэн бус уран бүтээлч гэж үздэг байсан. Цагны хувьсгалыг нямбай, тооцоотой хүмүүс бус шинэлэг, зоригтой сэтгэгчид, өдөөгчид л хийнэ гэж тэр хэлдэг байв. 

Электрон цагийг дагасан хямралын дараахан цагны талбарт шинэ шинэ нэрс тодрон гарч ирлээ. Раймонд Вайль өөрийн нэрээр нэрлэгдсэн цагны үйлдвэрийг Женев нуурын эрэг дээр байгуулахдаа швейцарын уламжлалт цагны тэргүүлэлийг эргүүлэн авчрахаа тунхагласан юм. Торгон бөсөөр дагнасан компани ажиллуулж байсан Морис Лакруа 1975 онд эрсдлийг үл тоон цагны уламжлалт механизмыг төгөлдөржүүлэхэд амьдралаа зориулахаар шуудрав.

1980 онд Карл Крокко швейцарийн нэн тансаг цагны нэр хүндийг сэргээж эргүүлэн авчрах Hublot (франц дуудлага нь [yblo]) брэндийг үндэслэлээ. Hublot брэнд нарийн дэвшилтэт хөдөлгүүр, шинэлэг материалуудын хослол, нийлэмж, өвөрмөц дизайн зэргээрээ богино хугацаанд тансаг брэндийн зах зээлд өөрийн орон зайг эзлэж, тэргүүллээ тунхаглав.

Ийнхүү хямралт арван жилийг швейцарийн цагны мастерууд боломж болгон хувиргаснаар урьдын чанар, нэр хүнд, суу алдрыг эргүүлэн авчирав. Электрон, кварц цагнууд нь хуурамчаар дууриалган хийхэд дэндүү амархан байсны улмаас төд удалгүй нэр хүндээ алдаж, хэрэглээнээс шахагдсан юм. Цаг хугацааны сорилтыг швейцарь чанар нэр төртэйгээр давж гарлаа. 

1980-аад оны дундуур Hublot LVMH группийн хамгийн нэртэй, тэргүүлэх брэнд болж, маш нарийн хийц, нэн түвэгтэй хөдөлгүүр бүхий шинэлэг загваруудаа гаргаснаар механик ажиллагаатай цаганд шинэ ирээдүйг нээсэн юм. Hublot-ын гэнэтийн амжилт дэлхийн баячууд, нэр алдартнууд, удирдагчдын анхаарлыг үнэ цэнтэй, гайхамшигт хөдөлгүүр бүхий “механик” цагны, шинэ эринд эргэлт буцалтгүйгээр татан донтуулсан билээ. Ингээд механик цагны салбарт шинэ тэргүүлэл бий болж өрсөлдөөнийг эхлүүлэв. Hublot-ын тэсрэлтээр швейцарь цагийг хүний хувь чанарын яруу илэрхийлэл гэж үзэх хандлага давамгайлах болж, урьд өмнө нь хэзээ ч байгаагүй алдар нэр, хүндлэлийг давлагаалуулсан ажгуу. 

Карл Крокко цагны хөдөлгүүрийн нарийвчлал, механизмаас гадна дизайнд онцгойлон анхаарч оосрын шинэ материал гаргахын тулд 3 жилийн турш каучукын шинж чанарыг тусгайлан судалжээ. Каучук нь хүний арьстай байнга, өдөр дутам шүргэлцэхдээ уг чанараа алдахгүй тэсвэртэй байдгийг тэр чухалчлан үзсэн байна. Судалгааны ажлынхаа үр дүн болгож байгалийн гаралтай каучукаар хийсэн оосроор цагнуудаа тоноглох болсон нь худалдан авагчдад ихээхэн таалагдсан байна. Алт, ягаан алт зэрэг үнэт металыг каучуктай зохицохын чинээ хэн ч төсөөлөхгүй байжээ. Крокко төсөөлж чадахгүй байгаа хязгаарын цаана гарч fusion гэх шинэ хандлагыг бий болгосон юм. Түүний шинэ хандлагыг бусад тансаг брэндүүд дагах болж каучук тансаг зэрэглэлд дэвшвэй.

2004 онд Жан-Клод Бивер Hublot-ын гүйцэтгэх захирлаар томилогдсноор “fusion” үзэл баримтлалыг улам дэлгэрүүлэв. Тантал, ягаан алт, алт, керамик, титан болон магнит зэрэг материалуудыг оновчтойгоор сүлэлдүүлж, уялдуулан цагны корпусыг бүтээснээр нэн орчин үеийн чамин тансаг, бат бөх, давтагдашгүй цагны загварууд төрөн гарсан юм. Давтагдашгүй байх, хувь чанарыг илтгэх гэдэг бол тансаг ангиллын цагны гол агуулга ажээ.

Давтамж өндөртэй асуулт- Швейцарь цагнууд яагаад ийм үнэтэй юм бэ?

Эдийн засагчид “Veblen goods” хэмээх нэр томъёог ашиглах дуртай. Энэ нь олонхи хүмүүсийн худалдан авах чадвараас дээгүүр, хэрэглээ нь бусдын хүндлэл, нэр хүнд, буяныг дагуулж байдаг эд зүйлсийг хэлдэг.

Ийм хэрэглээ нь нийгмийн байдал, зэрэг дэвийг илүүтэй тодотгож өгдгийг эдийн засагч Торстейн Бунде Веблен анх ажиглаж, тодорхойлсон юм байна. Веблен бараа нь үнэ ихсэх тусам хэрэглээний түвшин шууд хамаарлаар дээшилдэг онцлогтой. Ийм төрлийн эд зүйлс он цаг өнгөрөх тусам үнэ нь өсч, хүндлэл дагуулж байдгаараа гайхалтай. Монголчуудад хуучны, ховор чулуугаар хийсэн, хийц сайтай хөөрөг veblen goods болдог шиг швейцарь цаг дэлхий нийтэд ижил нөлөөлөл үзүүлдэг аж. 

Swatch мэт олноор нь үйлдвэрлэдэг брэндүүдээс бусад тансаг ангиллын швейцарь цагнуудын үнэ өндөр байх тусам шууд хамаарлаар эрэлт нь өсч байдаг юм байна. Швейцарь цагнууд өөрийн өндөр үнийг үнэт материалуудаас илүүтэйгээр тэргүүлэх түвшний технологи, инженерийн гайхалтай шийдлүүд, урлагийн хэмжээний гүйцэтгэтгэлээрээ зөвтгөж байдаг ажээ. Нарийн чанд гүйцэтгэл, яв цав ажиллагаа, найдвартай итгэлтэй байдал бол швейцарийн бусад бараануудын ч үндсэн шинж чанар юм. Швейцарийн банк, армийн хутга, бяслаг, шоколад зэрэг нь хэрэглэгчдэдээ хэзээ ч эргэлзээ төрүүлж байгаагүй, чанарын баталгаа болсон зүйлс. Маш олон жилийн тогтвортой чанар, үргэлжийн шинэлэг санаа зэрэг нь “Swiss-made” цагны үнэ цэнийг тодорхойлж, гангараа, зэрэг дэвийн илэрхийлэл, басхүү үе дамжих үнэт өв нь болдог ажээ.

Дараачийн цувралаараа Диего Марадона, Айртон Сенна, Усайн Болт зэрэг дэлхийн аугаа тамирчдаар нүүр царайгаа хийсэн швейцарь цагны оргил гэгдэх Hublot брэндтэй илүү тодорхой танилцах болно.

Ш.Долгорсүрэн


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Medeegee yamarch medremjgui tugsguh yumaa

    1 0 Хариу бичих