"Эрдэнэт"-ээр АТГ-т хандсан, Цэцэд хандах эрх ч нээлттэй үлдсэн
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаас дараахь тодруулгыг авлаа.
-Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Мөн УИХ-ын сонгуулийн маргааш танай нам энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэж мэдэгдэж байсан. Энэ асуудлууд юу болж байна вэ?
-Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлж танилцуулна гэж шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д өргөн барьсан. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж эхлэхдээ энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороонд хуваарилсан. УИХ-ын зарим гишүүн нээлттэй хэлэлцүүлэхийг шаардаж байна. Цаашид хэрхэн хэлэлцэх вэ, нээлттэй хэлэлцэх үү, хаалттай хэлэлцэх үү, нээлттэй сонсгол зохион байгуулах уу гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Засгийн газар бол холбогдох бүх материалаа УИХ-д өргөн барьсан. Засгийн газар энэ асуудал дээр удаан ажиллаж байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Маш олон баримтыг нягталж суух хэрэгтэй болсон. Мөн “Эрдэнэт” үйлдвэр холбогдох баримт бичгүүдээ гаргаж өгөхгүй удсан. Үүнээс болоод ажлын хэсгийн дүгнэлт тодорхой хэмжээгээр удааширсан. Засгийн газар ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд энэ бүх шийдвэрийг гаргасан тодорхой албан тушаалтнууд хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн. Тухайлбал, АТГ-т хандсан. Тэгэхээр энэ асуудал хууль хяналтын байгууллагуудын шийдвэрлэх асуудал болж хувирсан. Хууль зөрчсөн эсэхийг нь Засгийн газар тогтоохгүй шүү дээ. Харин Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нь тогтоолгох асуудал нээлттэй. Гэхдээ одоогийн Засгийн газар өмнөх Засгийн газраа Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Цэцэд хандах нь утгагүй. Харин ямар ч хувь хүн энэ асуудлаар Цэцэд хандаж болно. Энэ бол нээлттэй. Бас хууль хяналтын байгууллага шалгаад эхлэхээр Үндсэн хууль зөрчсөн эсэх нь бас хөндөгдөх байх.
-Өмнөх Засгийн газрын “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцсэн хуралдааны протоколыг олон нийтэд ил болгоно гэсэн. Гэтэл яагаад одоо болтол ил болгохгүй байгаа юм бэ?
-Зургадугаар сарын 13-ны Засгийн газрын хуралдааныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг удирдсан юм билээ. Танхимынх нь гишүүд энэ шийдвэрийг дэмжсэн санал хэлсэн. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж нууцын зэрэглэлээр хэлэлцүүлсэн хүн бол тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат. Тухайн өдрийн Засгийн газрын хуралдааны протоколыг нууцын зэрэглэлээс гаргахаар Тагнуулын ерөнхий газарт албан бичиг илгээсэн. Энэ асуудлаар тодорхой мэдээлэл авахыг албан бичгээр хүссэн УИХ-ын гишүүдэд ажлын хэсгийн дүгнэлт, Засгийн газрын хуралдааны протоколыг өгч байгаа.
-Тантай уулзсаных бас нэг зүйлийг асуулгүй өнгөрч болохгүй нь. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтдээ зориулж нэг тэрбум ам.доллар нэмж зээлэх санал гаргасан гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-“Оюутолгой” компани өнгөрсөн онд 4.4 тэрбум ам.долларын зээл авсан. Гэвч “Хөрөнгө оруулалтад нь дахиад санхүүжилт хэрэгтэй байна” гэж ярьж байгаа юм билээ. Гэхдээ үүнийг эцэслэн шийдээгүй. Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрын үед хийгдсэн “Дубайн гэрээ”-г бид эргэж харах ёстой. УИХ, Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулж тодорхой чиглэл, зөвлөмж авалгүйгээр гадаадад очиж хийсэн гэрээ шүү дээ. Энэ гэрээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт нийцэж байгаа эсэх, эдийн засгийн хувьд үр ашигтай юу, үгүй юү гэдэг тодорхой бус байна. Бидний авч байгаа мэдээллээр бол Монгол Улсын эдийн засагт нэлээд сөрөг нөлөөтэй байж болохоор гэрээ болсон гэж үзэж байгаа. 4.4 тэрбум ам.долларын зээлийг захиран зарцуулах эрх нь хөрөнгө оруулагч талд бий. Тиймээс энэ мөнгө зөвхөн гүний уурхайн бүтээн байгуулалтдаа зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй байгаа. Энэ асуудлаар Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн хийсэн шалгалтын дүгнэлт бий. Бид энэ бүхнийг нэгтгээд нэг ярих ёстой юм билээ.
-Ч.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гэдэг нь өмнөх парламентын үед ажилласан ажлын хэсэг үү. Эсвэл шинээр байгуулагдсан ажлын хэсэг юм уу?
-Шинээр ажлын хэсэг гарч ажиллаагүй. Өмнөх ажлын хэсгийн тухай ярилаа.
-Ер нь Засгийн газар хөрөнгө оруулагчдын дахин нэг тэрбум ам.доллар зээлэх саналыг тийм ч амархан хүлээж авахгүй гэсэн үг үү?
-Албан ёсоор нэг тэрбум ам.доллар зээлэх тухай санал ирээгүй. Аль ч төвшинд шийдвэр гаргаагүй байна. Зөвхөн хөрөнгө оруулагч тал “Дахин нэг тэрбум ам.доллар зээлэх шаардлагатай байна” гэж ярьж байгаа юм билээ.
Эх сурвалж: