Хөгжлийн банкинд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ

Ардын эрх


Хөгжлийн банкны зээлийн гол эх үүсвэр бол өөрийнх нь гаргасан 580 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, "Самурай" бондын 24.3 тэрбум иен юм. Зээлүүдийн хэмжээ ийн тодорхой, хаанаас, хэрхэн авсныг нь ч олон нийт мэддэг. Харин дээрх бондуудын хөрөнгө ямар замаар, хэнд олгогдож, хэрхэн зарцуулагдсан нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан юм. Тэгвэл тодорхойгүй гэгдэж байсан асуудлууд эхнээсээ ил болж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас байгуулагдсан Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийн шалгалтын дүн гарсан байна. Шалгалтын дүнг тус ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр олон нийтэд танилцуулсан юм.

Товчхондоо, шалгалтын дүнгээр Хөгжлийн банкинд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бүхэлдээ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хууль ёсны зарчим алдагдсан байна гэж Ажлын хэсэг дүгнэж байгаа. Учир нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр хаврын чуулганаараа батлах хуультай. Энэ хууль 2012 оноос хойш огт мөрдөгдөөгүй байсан. Удирдлагын багийн хувьд Хөгжлийн банк “хөгжлийн бэрхшээлтэй банк” болчихсон байсан нь тогтоогдсон. 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлж байгаа" гэжээ. 
Түүнээс гадна тус банкныхны хариуцлагагүй байдал, хууль бус шийдвэрүүд, хяналтгүй зардал зэрэг асуудлаас болж нэлээд хэмжээний хөрөнгө салхинд хийссэнийг ажлын хэсгийнхэн тогтоожээ. Үүнээс заримыг нь онцолбол:
• "Чингис" бондын 1.5 тэрбум ам долларыг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал 694 тэрбум төгрөг болсон байна. Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй, мэргэжлийн бус хандсаны төлөөс энэ. Мөн "Самурай" бондын иенийн ханшийн алдагдал гэхэд 130 тэрбумаар хэмжигдэхээр болсон байна.
•    “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая, "Хаан" банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар тус тус гаргасан байсан. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая  төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан байсан. 
•    Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан зөрчил илэрчээ. 
•    Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өссөн
Нэмж хэлэхэд, Монгол Улс эдийн засгаа сэргээхийн тулд ОУВС-ийн "Стэнд Бай" хөтөлбөрт хамрагдаж, 1-1.5 тэрбум ам.доллар авахаар хэлэлцэж байгаа. Тэгвэл түүний тэн хагастай тэнцэх хэмжээний санхүүгийн зөрчил Хөгжлийн банкинд илэрсэн гэсэн үг. Энэ нь “Чингис” бондын нийт хөрөнгийн талтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 33 , 4, 0 , 0

Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд төлөөгүй аж ахуй нэгжүүд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Odoo naad hudlaa sensazaas zalhaj bn. Ta naraas l usan tolgoitoi eh oronch setgelgui humuus bv gej. Or undesgui galzuu soliotoi gutgelgee bolizgoo. Buh uildeluuded n Saruul uhaanaar tailbar bj l bga

    0 0 Хариу бичих