Ц.Элбэгдорж: Манайд хэрэгжиж байгаа зарим хуулиуд Кубын хувьд шинэ, содон

Eagle.mn


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Модесто Кастрогийн урилгаар энэ сарын 15-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийсэн. Мөн манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон.

Тэрээр Куба улсын айлчлал болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.

-Айлчлалын хүрээнд ямар асуудал хэлэлцэж, ямар шийдэлд хүрсэн бэ?

-Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хөгжүүлэх, олон улсын харилцааны асуудлаар яриа хэлэлцээ явуулж, санал солилцлоо. Куба улсын улс төрийн систем манайхтай ойролцоо. Кубачууд “Улсынхаа хөгжлийн загвар, цаашдаа улс төр, эдийн засгийн хувьд хэрхэн хөгжих вэ” гэдэг  хэлэлцүүлэг хийж байна.

Энэ үетэй бидний айлчлал таарсан. Куба улсын нийгэм эдийн засгийн  байдлыг 1980 оны сүүлч үеийн манай улсын байдалтай адилтгаж болно. Тэнд иргэд нь хамтарч хоршоолол байгуулж, хувийн бизнес эрхлэх  боломж эрхлэх одооноос л нээлттэй болж байна.

Тийм болохоор Кубачууд улс орноо илүү хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах вэ, юу хийвэл амжилт олох вэ гэдгийг их сонирхож байна лээ. Манай талаас Кубаас төлөөлөл авчран туршлага солилцох боломжтой.

-Та Куба болон Ардчилсан Солонгос, Иран улсад ажиллалаа. Энэ утгаараа та  дэлхийд хаалттай гурван улсад айлчилсан анхны Ерөнхийлөгчөөр нэрлэгдэж байна. Энэ нь Монголыг гадаад ертөнцөд таниулах томоохон алхам болж байгаа болов уу?

-Монголыг гадаад ертөнцөд таниулахаас гадна Монгол Улс ямар хүсэл эрмэлзэлттэй улс вэ гэдгийг дэлхийд таниулж байгаа явдал. Монгол Улс эрх чөлөөтэй, бие даасан өөрийн гэсэн бодлоготой гэдгээ бусад улс оронд харуулж, таниулж байгаа нэг хэлбэр. Гадны улс орны сайд дарга нар, тэр дундаа Куба улсын төлөөлөгчид “Танай улсаас суралцах зүйлс их байна шүү” гэдгийг айлчлалын үеэр онцолж байлаа.

-Жишээлбэл?

-Нийслэл хотод хэрэгжүүлж байгаа төрийн нэг цэгийн үйлчилгээний байгууллага, “Шилэн дансны хууль” болон Нийтийн сонсголын хууль Куба улсын хувьд шинэ бөгөөд содон, сонин. Мөн Шүүхийн шийдвэрийн ил, тод байдал гээд манайд хэрэгжүүлж байгаа олон хууль, төсөл, хөтөлбөрүүд Куба улсын хувьд шинэ.

-Тогтвортой хөгжлийн зорилтод 2030 он гэхэд ядуурлыг устгана гэж тусгасан. Энэ зорилтыг бодитой болгох боломж хэр байгаа вэ?

-Дэлхий нийтийн хувьд энэ зорилтыг хэрэгжүүлэх боломж байгаа. Боломжтой гэж үзэж байгаагийн шалтгаан нь шинэ технологийн дэвшил маш олон зүйлийг шийдэж чадна. Хүнсний болон цэвэр усны нөөц, цахилгаан дамжуулалт зэргийг шийдэж чадна. Өөрөөр хэлбэл, ядуурлыг устгах хамгийн том хүчин зүйлийг технологийн дэвшил гэж ойлгож болно.

-Ярилцсанд баярлалаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hamar dor chini MONGOL TOR ulsaa hudaldaj , ard tumnee uguiruuleed tusgaar togtnol aldagdlaa . UNDESNII AYULVUI BAIDAL namuudiin gart bish eronhiilogchiin buren erhed baina daa. Haa hol tsagaa aytai ongorooj / songuuli huleeshiigeed / aar saar koko avah mayagaar baimaargui l hun dee gej bodoj itgesen yumsan. ... Mongoliin erh ashigt harshilsan bol NOHOR CH daisan hemeen temtsej chaddag aguu HAAD iin mini suns gaslaj suugaa baihdaa.

    0 0 Хариу бичих