Ирэх сараас элэгний С вирусын эм 155 доллар болно

Ардын эрх


Хоёрхон жилийн өмнө монголчууд элэгний вирусийг эмчилж чаддаггүй байв. Тиймээс өнөөдөр Монгол Улсад элэгний С вирусын халдвартай 400 мянган хүн байна. D вирустэй хүн 100 мянгаас давжээ. Сүүлийн жилүүдэд элэгний өвчлөлөөр нас барагсдын нас нь залуужиж 25-30 насны залуус  энэ өвчнөөр хорвоог орхиж байна. Ганцхан өдөрт долоон монгол хүн элэгний өвчнөөс нас бардаг гэж “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар мэдээлэв. Энэ мэт хар мэдээ ар араасаа хөвөрсөөр. Гэвч хар мэдээний жагсаалтыг нэмэгдүүлэхгүй байх сайхан мэдээ бас байна аа. Учир нь Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн монгол” хөтөлбөр баталж өвчлөлийг бууруулахад зарцуулах 23.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгчээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “2020 он гэхэд С вирусын голомтыг устгаж, тархалтыг таслан зогсоох, элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах” зорилго тавьжээ. Түүнчлэн элэгний С вирусын эсрэг эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад оруулах зэргээр ажиллаж байна. Энэ талаар иргэдэд мэдээлэл өгөх “Оном” сангаас талархлын хүлээн авалт зохион байгуулсан юм. Тус хүлээн авалтад Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн төлөөлөл, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн эмч анагаах ухааны доктор, профессор Я.Дагвадорж, Стэнфордын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор, Стэнфордын хепатит элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жэфри Глэн нарын хүмүүс хүрэлцэн иржээ. Энэ үеэр “Оном” сангийн ТУЗ-ын дарга Д.Наранбаатар ирэх сараас элэгний С вирусын эм 155 ам.доллараар Монгол Улсад орж ирэх болсныг дуулгалаа. “Вирпас” гэх энэ эмийг “Монос” групп Энэтхэгээс оруулж ирэхээр болсон юм байна. Эмийг ийнхүү хямдралтай үнээр оруулж ирэхэд олон хүний хичээл зүтгэл орсон гэдгийг ч онцолсон юм. Одоогоор “Харвони” зэрэг элэгний эмийг 520 ам.доллараар авч хэрэглэж байгаа. Үйлчилгээ нь маш сайн байгаа хэдий ч үнийн хувьд өндөр учраас иргэд авч хэрэглэх боломж муу байгаа. Харин “Вирпас” эмийг  хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж 80 хувийг нь хөнгөлөх боломжийг судалж байгаа гэсэн. Хэрвээ хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж чадвал 30 орчим ам.доллараар авч хэрэг­лэх боломжтой болох нь. 

Энэ та­лаар Д.Наранбаатараас дараахь тод­руулгыг авлаа. 

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийх вэ?  

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагаанд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр багтсанд маш их баяртай байгаа. Хөтөлбөрийн хүрээнд элэгний хорт хавдар, хатуурлыг эрс бууруулах, элэгний С вирусийн халдварын тархалтыг 2020 он гэхэд таслан зогсоох зорилго тавьсан. Эрс бууруулахад мэдээж хэрэг цаг хугацаа шаардлагатай. Бидний тооцооллоор 2030 он гэхэд элэгний хорт хавдар, хатуурлаар нас барж буй тохиолдлыг 50 хувь бууруулах боломжтой. Мөн элэгний С вирусийг устгасан улс болох боломж бий. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр  урьдчилан сэргийлэлт,  эрт илрүүлэлт, эмчилгээний болон энэ бүхний үндэс суурь болсон судалгаа шинжилгээний гэсэн дөрвөн дэд хөтөлбөртэй. Жишээ нь  урьдчилан сэргийлэлтийн дэд хөтөлбөрийн хүрээнд насанд хүрсэн бүх хүнийг элэгний С вирусын шинжилгээнд хамруулна. 

-Бүх хүнийг вакцинд хамруулна гэсэн үү?

-15-35 насны 1.1 сая хүнийг В вирусын вакцинд хамруулна. Түүнчлэн хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар сургалт, сурталчилгаа хийнэ. Эрт илрүүлэлтийн хүрээнд 15-аас дээш насны 2.2 сая хүнийг оношилж, үндэсний хэмжээний мэдээллийн системд бүртгэж авна. Эмчилгээний явцад 150 мянган халдвартай иргэдийг бүрэн эмчилж эдгээнэ. Мөн В вирусийн халдвартай 65 мянган иргэнийг байнгын эмчилгээнд хамруулж, В, D вирусын халдвартай тэмцэхээр хамгийн сүүлийн үеийн эмчилгээний аргуудыг нэвтрүүлэх зэрэг ажлууд хийнэ. 

-Одоо нэн тэргүүнд хийх ямар ажил байгаа вэ? 

-“Монос” групптэй хамтран ажилласны үр дүнд 155 ам.доллараар эм оруулж ирэхээр болсон гэдэг баяртай мэдээг дуулгасан. Одоо бид энэ эмийг  80 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэддээ хүргэх хүсэлтийг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд  хандан тавина. Хэрэв энэхүү асуудал эергээр шийдэгдвэл монголчууд 300 мянга гаруй төгрөгөөр эмчилгээ хийлгэх боломжтой болж байгаа юм гэлээ. 

Харин “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин ийнхүү ярилаа. 

Би гуравхан сарын дотор эрүүл болсон

-Элэгний вирусын эсрэг эм хэрэглээд ямар үр дүн гарч байгаа вэ?

-Би эмийг хэрэглээд эдгэрсэн хүний нэг. Ердөө гуравхан сарын дотор эрүүл болсон. Ер нь элэгний өвчнөөр шаналаагүй, энэ өвчинд ойр дотнын хэн нэгэн нь өртөөгүй хүн гэж ховор. Энэ өвчнийг таслан зогсоохын тулд ажиллаж байгаа олон хүний хичээл зүтгэлийн үр дүнд 2015 оноос хойш 4000 хүн бүрэн эдгэрсэн. 

-Вирусын халдвартайгаа мэд­дэггүй хүн олон байдаг гэж сонссон. Ийм хүмүүс эрт оношлуулаад эмээ хэрэглэж эхэл­бэл эдгэх бүрэн боломжтой юм байна, тийм үү?

-Судалгаагаар 400 мянга га­руй хүн вирусын халдвартай байна гэсэн. Эдгээр хүний 70 орчим хувь вирусийн халдвартай гэдгээ мэддэггүй байсан байгаа юм. Тиймээс эрт илрүүлж эрт эмчилгээнд орох хэрэгтэй. 

Эх сурвалж:

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. с вирусыг устгах зорилгоор энэ эмийг ард түмэнд түгээж, байгаа нь ёстой эх оронч хүн байна. наранбаатар таньд ажлын амжил хүсье.

    0 0 Хариу бичих
  2. Олон хүнийг энэ аюулт өвчнөөс эдгээж өгч байгаад таньд баярлалаа. Аливаа сайн үйлсийг бүтээх гэхэд муу муухайгаар худал яриа ярьж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. САЙН ҮЙЛСИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА !!!

    0 0 Хариу бичих
  3. үнэхээр их баяртай байна наад өвчин чинь миний гэр бүлийн хүмүүсийн аминд хүрсэн би бас вирустай яаж хамрагдах вэ

    1 0 Хариу бичих
  4. Эрдэмтдийн олон жилийн нөр их хөдөлмөрйн үр дүнд гаргаж авсан эм 150хан доллар юмуу. Хулхи эм байна даа

    0 2 Хариу бичих