Монголын жүдо бөхийн холбооны IV их хурал өчигдөр болж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гаргасан алдаа, оноогоо цэгнэлээ. Мөн үүний сацуу МЖБХ-ны ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгосон юм.

МЖБХ-ны ерөнхийлөгчөөр Х.Баттулга дахин сонгогдсон нь тийм ч гайхах зүйл биш байв. Учир нь түүнийг улираан сонгох нь бараг ойлгомжтой байсан гэхэд хилсдэхгүй. Энэ удаагийн сонгуульд ч түүнтэй өрсөлдөх хүн байсангүй. Хурлын нэгэн төлөөлөгч “2006-2016 оны хооронд холбоогоо дэлхийн хэмжээнд хүртэл удирдсан тул Х.Баттулгыг нэр дэвшүүлье” хэмээснийг олонхи дэмжсэнээр Х.Баттулга улиран сонгогдов.

МЖБХ-ны IV их хурлын үеэр хэн хэн юу ярьсанг нь тоймлон хүргэе.

Ж.Баттулга: Бүх жинд анхаарал хандуулж, хүчээ тарамдуулсан нь бидний алдаа

МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга “Юуны өмнө IV их хуралд хүрэл ирсэн төлөөлөгчдөдөө талархаж буйгаа илэрхийлье. Бидний өнөөгийн амжилтад хүн бүрийн оролцоо, идэвхи чармайлт, хөлс хүч шингэсэнг нь онцольё. Манай тамирчид ч бас үүнийг мэдэх хэрэгтэй.

Риогийн олимпоос Монголын жүдочид гурван медаль авсан гэж би бодож явдаг.

Манай холбоо шиг ахмад үеэсээ үлгэр дууриал авдаг, эв нэгдэлтэй холбоо ховор байх. Риогийн олимпоос Монголын жүдочид гурван медаль авсан гэж би бодож явдаг. Учир нь манай №2 тамирчин байсан Г.Отгонцэцэг хүрэл медаль авлаа. Энэ дашрамд Г.Отгонцэцэг, дасгалжуулагч Д.Энхбаатар нартаа баяр хүргэе.

Д.Сумъяа маань алтан медаль авсан гэдэгт би итгэдэг. Жүдогийн шинэ дүрмээр гар хөлд хүрэх хориотой. Яалт ч үгүй Р.Силвагийн дүрмийн бус тахимдалт Д.Сумъяаг дийлдэхэд хүргэснээс болж алтын дайтай мөнгөн медаль авлаа.

Я.Дорж багшийн шавь Б.Ууганбаатар паралимпоос хүрэл медаль хүртсэн. Ийнхүү Монголын жүдочид “Рио-2016”-гаас гурван медаль авлаа.

Олимпод оролцсон тамирчдын сонголтыг хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэж байгаа болов уу. Эрэгтэйчүүдийн 60 кг-д л гэхэд Ц.Цогтбаатар энэ жилийн УАШТ-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарыг ялсан. 60 кг-ын дөрвөн тамирчинг дөрвүүлэнг нь олон улсын тэмцээнд оролцуулж, сорьсон. Нарийн тооцож, судалсны үр дүнд Ц.Цогтбаатарыг сонгосонг дурьдах нь зүйтэй байх.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар зодоглосон хүрэл медалийн төлөөх барилдаанд дасгалжуулагчгүй барилдсан.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар зодоглосон хүрэл медалийн төлөөх барилдаанд дасгалжуулагчгүй барилдсан. Учир нь Дашдаваа дасгалжуулагч өмнөх барилдаанд дэвжээний шүүгчид хөөсөн. Тиймээс Л.Отгонбаатарын барилдаанд дасгалжуулагчаар ажиллах боломж байгаагүй. Хэрвээ барилдааны эхэнд мөрний шөрмөс нь ханзраагүй байсан бол хүрэл медаль авах боломж байсанг нь онцолъё. Мөрнийх нь бэртэл хэр илаашиж байна, Отгоо.

Л.Отгонбаатар: /Төлөөлөгчдийн дундаас босов/. Дажгүй эдгэж байна. Зургаан сарын турш гам барих хэрэгтэй гэсэн

Х.Баттулга: Сайхан барилдаж буй залуус үндэсний бөх рүү урвадаг аюул бий. Үндэсний бөхөөр барилдахгүй гэх амлалт авмаар байна.

Л.Отгонбаатар: Цаашид жүдогоор тууштай барилдана аа.

Х.Баттулга цааш нь ийн өгүүлэв.

Эрэгтэйчүүдийн 81 кг-аас дээш жинд бэлтгэл хангагч байхгүй. +100 кг-ын Б.Тэмүүлэн гэхэд олимпийн бэлтгэлээ доод жингийхэнтэйгээ хийх гэхээр бэртээчих гээд байсан. Үндэсний бөхийнхөнг Б.Тэмүүлэнгийн бэлтгэлийг базаалцаадхаач гэж гуйгаад бараагүй. Ирэх ч үгүй юм байна. Н.Түвшинбаяр аваргад ч бас бэлтгэл хангагч байхгүй. Эмэгтэйчүүдийн хүнд жин мөн адил. 70, 78, +78 кг-ын жингийнхэнд бэлтгэл хангагч байхгүй.

Үндэсний бөхийнхөнг Б.Тэмүүлэнгийн бэлтгэлийг базаалцаадхаач гэж гуйгаад бараагүй. Ирэх ч үгүй юм байна.

Олимпод 13 жинд эрх авч, оролцох амаргүй байдаг юм байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүх жинд анхаарал хандуулж, хүчээ тарамдуулсан нь бидний алдаа. Эсвэл цаашид зарим орон шиг бүх жинд бус цөөн жинд анхааръя.

Манай тамирчид сэтгэлзүйн бэлтгэл тааруу байсныг хүлээн зөвшөөрнө. Спортын сэтгэлзүйч мэргэжилтэй, мэргэжлийн сэтгэлзүйч одоогоор Монголд байхгүй. Өнөөдөр спортын сэтгэлзүйчийн ажлыг хэн оролж, тамирчдын сэтгэлзүйг хурцалж байна вэ? Та бүхэн мэдэж байгаа.

Лондоноос Риогийн олимпийн цикльд Монголын хэмжээнд бүх спортын төрөлд 20–хон тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ бол үнэхээр бага мөнгө.

Нөгөө л шашин, лам нар. 21 дүгээр зуунд лам нараар хийморийн сан тавиулж, залбираад л олимпод оролцохоор явахаас өөр аргагүй байгаа нь үнэн. Тийм учраас цаашид шинжлэх ухаанч хандаж, мэргэжлийн түвшинд хандах хэрэгтэй. Ингэхийн тулд мэргэжлийн сэтгэлзүйч маш чухал. Харамсалтай нь одоогоор тийм боломж алга. Энэ бол бодит үнэн. Лондоноос Риогийн олимпийн цикльд Монголын хэмжээнд бүх спортын төрөлд 20–хон тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ бол үнэхээр бага мөнгө. Ингээд зовлон ярьвал их зүйл бий. Гэхдээ зовлонгоо сайтар ярилцаж, алдаа оноогоо цэгнэж байж л нэг завин дээр хамт сууна.

Тамирчны хамгийн том дайсан бол бэртэл, гэмтэл. Гар хөлөө гэмтээгээгүй хүн манай тамирчдын дунд бараг байхгүй. Бидний үед давстай хар цайгаар шавшдаг байсан. Одоо ч хэвээрээ. Өнөөдөр жүдо бөхийн бэртэл гэж бие даасан шинжлэх ухаан бий бол байна.

Гар хөлөө гэмтээгээгүй хүн манай тамирчдын дунд бараг байхгүй. Бидний үед давстай хар цайгаар шавшдаг байсан. Одоо ч хэвээрээ

Өнөөдөр манай жүдочдын амжилт, ур чадвар бүх насны ангилалд илт хөгжиж байна. Өсвөр үеийн ангилалд л гэхэд хөдөө орон нутагтаа бэлтгэлээ базааж байгаад л тив, дэлхийн аваргаас медаль авдаг боллоо. Хэзээ тийм байлаа. Хамгийн сүүлд л гэхэд саяхан болсон өсвөрийн Азийн АШТ-д таван тамирчин оролцож, дөрвөн медаль авсан. Энэ бол том дэвшил. Риогийн олимпийн дараа ажлаа өгье гэж бодож байсан юм. Ирэх дөрвөн жилийн хугацаанд хамтдаа дахиад зүтгэе. Бие биенээ боломжийнхоо хирээр дэмжээрэй. Хамтын хүч амжилт.

Ч.Насантогтох: Бид тамирчдын сонголтон дээр алдаа гаргасан

Үндэсний шигшээ багийн албаны дарга, Ардын багш Ч.Насантогтох “Үнэнийг хэлэхэд манай жүдогийнхон Төр засгаас хамгийн их төсөв, мөнгө авдаг нь. Бид 3-4 медаль авна гэж их сүржин амлаад Бразил явсан. Бүр 13-уулаа. Ганцхан Д.Сумъяа л амлалтадаа хүрлээ. Бусад 12 тамирчин үүргээ биелүүлсэнгүй. Үүнд ганцхан би бус ард түмэн харамсаж байна. Бид юун дээр алдсан бэ? Үнэнийг хэлэхэд бид тамирчдын сонголтон дээр алдсан. Маш буруу сонголт хийсэн. Х.Баттулгад зориулж хэдэн үг хэлье.

Бид 3-4 медаль авна гэж их сүржин амлаад Бразил явсан. Бүр 13-уулаа. Ганцхан Д.Сумъяа л амлалтадаа хүрлээ.

Миний шавь болохоор надад гомдохгүй байх. Холбооны бүх асуудлыг Х.Баттулга шийддэг юм байна. Өмнөөс нь хэн ч үг хэлж чаддаггүй гэнэ. “Биднээс санал аваагүй. Ерөнхийлөгч л шийдсэн” гэх юм. Энэ бол том алдаа. 60 кг-ын Ц.Цогтбаатарт их ирээдүй бий. Ямар гоё барилдаантай, сэргэлэн, цовоо хүүхэд билээ. Даан ч хувийн хариуцлага, сахилга бат нойл. Энэ жил жиндээ орж чадаагүйн улмаас гурван ч тэмцээнээс хасагдсан. Ийм байж болохгүй ээ.

Хурал бүрт л гавьяа, шагнал, урамшууллын тухай ярьдаг. Анхны багш их чухал. Д.Энхбаатар шавиа дагуулж, Казахстанд бэлтгэл хийгээд хүрэл медаль авлаа. Халиуны Болдбаатар БНХАУ-ын шигшээг дасгалжуулж, жүдогоор олимпийн анхны хүрэл медалийг нь хүртлээ. Ингээд мундаг дасгалжуулагч нараа гадагш нь алдсаар байна.

Холбооны бүх асуудлыг Х.Баттулга шийддэг юм байна. Өмнөөс нь хэн ч үг хэлж чаддаггүй гэнэ. “Биднээс санал аваагүй. Ерөнхийлөгч л шийдсэн” гэх юм. Энэ бол том алдаа

Манай шигшээ багийн сахилга бат алдагдаж байна. Токиогийн олимпод өрсөлдөх шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт арваннэгдүгээр сард болно.

Жүдо бөхийн спортын төлөө, Монголын жүдочдын төлөө гэсэн Х.Баттулгын идэвхи зүтгэл, сэтгэлийг онцольё. Бүх тамирчиндаа амжилт хүсье.

Х.Цагаанбаатар: Би өдий хүртэл сайн дурын уран сайханч хийсээр байна

Хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар “Би өнөөг хүртэл шигшээ багийн дасгалжуулагч болоогүй. Тэмцээнд тамирчдаа дасгалжуулаад алдаа оноог нь хэлье, зөвлөе гэхээр тэр бүр боломж бүрдэхгүй байна. Улсын зардлаар гурав, бусад тэмцээнд хувийн зардлаар дасгалжуулагчаар оролцсон.

“Би өнөөг хүртэл шигшээ багийн дасгалжуулагч болоогүй.

Би ДАШТ-ээс хүрэл медаль авсныхаа дараа олон улсын тэмцээнд оролцчихоод зодог тайлъя гэж төлөвлөсөн. Энэ тухайгаа холбооныхонд ч илэрхийлсэн. Харамсалтай нь намайг олон улсын тэмцээнд оролцуулаагүй. Намайг яагаад үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар авахгүй байгаа талаар холбооныхноос асуусан.

Үнэнийг хэлэхэд өнөөдрийг хүртэл сайн дурын уран сайханч хийж байна. Тамирчдынхаа бэлтгэлийг базаагаад явдаг ч ямар нэгэн албан бичгэн дээр миний нэр байдаггүй

2014 оны гуравдугаар сарын 21-нд баталсан Сонгон шалгаруулалтын журмаар МЖБХ хэнээр шигшээ багийг дасгалжуулахаа тодорхойлоод, тухайн салбарын сайд нь баталдаг. Гэтэл манай холбоо өнөөг хүртэл намайг шигшээ багийн дасгалжуулагчаар батлаагүй. Үнэнийг хэлэхэд өнөөдрийг хүртэл сайн дурын уран сайханч хийж байна. Тамирчдынхаа бэлтгэлийг базаагаад явдаг ч ямар нэгэн албан бичгэн дээр миний нэр байдаггүй. Цаашид тамирчдын өрсөлдөөн, ур чадварыг ахиулахын тулд лигтэй болох санаачлага гаргаж байна.

Ж.Ганболд: Сайн тамирчин заавал мундаг дасгалжуулагч болох боломжгүй

Сайн тамирчин заавал мундаг дасгалжуулагч болох боломжгүй. Хэдийгээр залуудаа том амжилт гаргасан байсан ч “Би юу хийж чадах вэ” өөрөөсөө асуух хэрэгтэй.

Х.Цагаанбаатар “Багшаа өргөдлөө өгчих. Би Нийслэлийн БТСГ-ын дарга болох гээд байна” гээд надаас гуйж л байсан. Тиймээс хэдийгээр олимп, дэлхийд өндөр амжилт гаргасан ч заавал үндэсний шигшээ багийн дасгалжуулагч болно гэх бодлоо толгойноосоо авч хаях хэрэгтэй.

Х.Цагаанбаатар “Багшаа өргөдлөө өгчих. Би Нийслэлийн БТСГ-ын дарга болох гээд байна” гээд надаас гуйж л байсан.

Ёс суртахууны хувьд Х.Цагаанбаатар энд ингээд сууж байх эсэх нь эргэлзээтэй хүн. Гэтэл хэн ч энэ талаар дуугарахгүй байна. Та нар ийм л байсан. 2006 онд яг энд ингэж суугаад Монголын жүдо бөхийн холбооны алс хэтийн тухай ярилцахад бүлх залгисан юм шиг дуугүй сууж байсан шүү дээ, та нар. Хэрвээ тэр хуралд би байхгүй байсан бол юун олимпийн алтан медаль байтугай ингэж Их хурал хуралдахгүй байсан. Тиймээс цаашид асуудлаа ил тод яриад, атгасан гар шиг байцгаая.