Амжилтанд хүрсэн хүмүүс унтахаасаа өмнө юу хийдэг вэ

Дэлхийн манлайлагчдын эгнээнд яваа хүмүүс орой унтахынхаа өмнө ямар зөв хэвшлийг өөртөө төлөвшүүлсэн байдгийг мэдээд аваарай. Таны сэтгэл санаа, ажлын бүтээмжид эдгээр зуршил эерэгээр нөлөөлж болох шүү дээ. 

Билл Гейтс нэг цаг ном уншдаг

Майкрософт компаний захирал Билл Гейтс унтахынхаа өмнө тогтмол нэг цаг ном уншдаг гэнэ. Өдөр бүр ном унших нь мэдлэгийг тэлж, стрессийг бууруулахаас гадна ой тогтоолтыг сайжруулдаг. Түүнчлэн тогтмол ном унших нь оюун ухааны дасгал болдог учраас тархины эрүүл байдлыг удаан хугацаагаар хадгалахад чухал хувь нэмэртэй.

Жоэл Гаскойн алхахыг илүүд үздэг

“Buffer” компаний гүйцэтгэх захирал Жоэл Гаскойн орой бүр гадуур салхилангаа ажлынхаа стресс ядаргааг тайлдаг аж. Ийнхүү өдөр тутам тогтмол алхаж занших нь гайхалтай эерэг үр дүнтэй гэдгийг судалгаагаар ч нотолсон байдаг. Тухайлбал, алхаснаар бүтээлч байдлыг нэмэгдүүлдгийг тогтоожээ. Учир нь алхах үед оюун санаа амарч, илүү чөлөөтэй сэтгэдэг ба шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудлын хариултыг олоход түлхэц болох нь ч бий ажээ. Хэрэв танд гадуур алхах боломж хомс байдаг бол унтахынхаа өмнө хөнгөн дасгал хөдөлгөөн хийж маргаашийнхаа эрч хүчийг нэмэгдүүлсэн ч болох юм. 

Опра Уинфри тогтмол бясалгал хийдэг

Ток шоуны хатан хаан Опра Уинфри маш давчуу цагийн хуваарьтай ажилладаг ч завгүй өдрийнхөө төгсгөлд заавал бясалгал хийдэг. Түүний хэлснээр ажлын стрессээ тайлж, оюун санаагаа цэгцлэхэд бясалгалаас илүү үр дүнтэй арга байхгүй гэнэ. Үнэхээр ч энэ нь үнэн гэдгийг 2014 онд 19 мянган хүний дунд явуулсан томоохон судалгаагаар баталжээ. Тогтмол бясалгал хийснээр хүмүүсийн бухимдал багасч, санаа зовнихоо больж, илүү өөдрөг тайван болох зэргээр бүгдэд нь эерэг өөрчлөлт гарсан байна. Тиймээс бясалгал хийх нь сэтгэл, оюунаа чөлөөлж өдөр бүхэн шавхагдашгүй эерэг энерги, эрч хүчээр цэнэглэгдэх чухал арга юм.

Кеннет Шено маргаашийн ажлаа төлөвлөдөг

“American Express”-ийн гүйцэтгэх захирал Кеннет Шено унтахынхаа өмнө маргааш ажлаа төлөвлөж хэвшжээ. Тэрээр төлөвлөгөөгөө тун энгийн байдлаар гаргадаг гэнэ. Тодруулбал, маргааш хийх хамгийн чухал гурван ажлаа тэмдэглэдэг. Ингэснээр өглөө босоод цаг алдалгүйгээр чухал зүйлсээ хийж эхэлдэг ажээ. 

1990-ээд оны нэгэн судалгаагаар коллеж төгсөгчдийн дундаас өдөр тутам хийх ажлаа төлөвлөдөг хүмүүс дөрвөн жилийн хугацаанд бусдаасаа хол давуу амжилтанд хүрснийг тогтоосон байдаг. Цаг хугацаа бол бидэнд байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйл учраас үүнийг үр бүтээлтэйгээр ашиглахын тулд зорилго, төлөвлөгөөтэй амьдрах нь хамгийн чухал юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Унсэлцдэг биз дээ

    2 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ