Д.Мөнхсоёл: Татвар нэмэгдүүлэх нь шударгаар татвараа төлдөг иргэдэд дарамт болно

Eagle.mn


Төсвийн тодотгол болон татварын хувь хэмжээг нэмэх асуудлын хүрээнд Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Д.Мөнхсоёлтой ярилцлаа.

-2016 оны улсын төсөвт тодотгол хийгдэхээр хуулийн төсөл өргөн баригдсан. Хэдийгээр батлагдаагүй байгаа ч халамжийг багасгах, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг заалтууд тусгагдсан нь нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Сүүлийн өдрүүдэд УИХ-ын хуралдаанаас хэд хэдэн эдийн засгийн бодлого, шийдвэрүүд гарч байна. Уг яригдаж буй шийдвэрүүд нь иргэн бүрийн амьдралд шууд нөлөөлж байгаа болохоор яалт ч үгүй нийгмийн анхааралд орох нь зайлшгүй. УИХ-ын сонгуулийн өмнө ч энэ талаар ярьж байсан. Тиймдээ ч шинэ засгийн газар макро эдийн засгийн үзүүлэлтүүд маш хүндрэлтэй, төсвийн алдагдал өндөртэй, арилжааны банкуудын чанаргүй зээл ихтэй, валютын ханшийн өсөлт зэргээс шалтгаалан янз бүрийн шийдвэрүүдээ гаргах нь зүйн хэрэг.

-Төсвийн алдагдал маш өндөр түвшинд буюу 18 хувьд хүрсэн ийм нөхцөл байдалд ямар арга замыг сонгож, эдийн засгийн хүндрэлээс гарах боломжтой вэ?

-Төсөв бол яалт ч үгүй үндэсний хэмжээнд яригдах ёстой зүйлсийн нэг. Тиймдээ ч ийм нөхцөлд байдалд төсвийн тодотгол хийх нь хамгийн зөв сонголт мөн. Өөрөөр хэлбэл, ийм нөхцөл байдалд төсвийн тодотгол, таналтыг хийх шаардлага хүссэн хүсээгүй үүсэх нь зайлшгүй. Мөн төсвийн алдагдлыг бууруулахад орлого болон зарлагын асуудал нэн тэргүүнд хөндөгдөнө.

-Төсвийн 88 хувийг татварын орлого бүрдүүлдэг-

-Тэгэхээр эдийн засгийн ийм нөхцөл байдалд төсвийн тодотгол хийх нь зүйн хэрэг гэж үү?

-Тийм. Гэхдээ хамгийн оновчтой аргыг сонгож, судалгаа шинжилгээний үндсэн дээр хийх ёстой. Орлогоо сайжруулахын тулд татварын асуудлууд сөхөгдөх нь зүйн хэрэг. Учир нь, манай улсын төсвийн 88 хувийг татварын орлого бүрдүүлдэг. Тиймдээ ч татварын орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн албан татвар руу чиглэсэн арга замыг хэрэгжүүлэх нь гэж ойлгож байгаа.

Орлогоо сайжруулахын тулд татварын асуудлууд сөхөгдөх нь зүйн хэрэг.

-Манай улсад татварын шатлалын шинэчлэлийг хамгийн сүүлд хэзээ хийж байсан юм бэ?

-2007 онд энэхүү шатлалт тогтолцоог өөрчилж, сайн үр дүн үзсэн. Тийм болохоор тэр үеэс хойш тэгш буюу 10 хувийн шинэтгэлийг хийж эхэлсэн. Гэхдээ татварын орлогыг эдийн засаг уналтад ороогүй илүү боломжтой үед хийх хэрэгтэй.

-Хүмүүс татвар төлөхийг хүсдэггүй. Тэр дундаа өндөр татвар төлөхийг бүр ч хүсэхгүй шүү дээ. Гэхдээ тооцоо, судалгаа, шинжилгээтэй, оновчтой шийдвэрийг иргэд дэмжиж, улс орноо хүнд байдлаас гаргахад өөрсдийн хувь нэмрээ оруулах болов уу?

-Тийм ээ. Юм шударга байвал хүмүүс хүлээн зөвшөөрнө. Шударга байхын тулд үндэслэлтэй байх ёстой. Үндэслэлээ маш сайн тайлбарлах ёстой. Үр өгөөжгүй бонд босгож их хэмжээний өрөнд орчихоод, эргээд тэр өр зээлээ ард түмнээр төлүүлнэ гэхээр иргэд эсэргүүцэж, дургүйцэх нь зөв шүү дээ. Тийм болохоор үндэслэлээ зөв гарга, шударга бай гэдгийг хэлмээр байна.

-Монголд “сүүдрийн” буюу далд эдийн засаг маш их байгаагаас шалтгаалан төлөвлөсөн хэмжээний мөнгө төсөвд төвлөрдөггүй. Тиймдээ ч “сүүдрийн” эдийн засгийг багасгахын тулд татвараа бага болгох хэрэгтэй гэдэг. Харин эсрэгээрээ татвар нэмчихээр нөгөө “сүүдрийн” эдийн засаг чинь бүр ихсэж, их хэмжээгээр олно гэсэн төсөв маань төвлөрөхгүй байх эрсдэл үүснэ гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Энэ талаар?

-Энэ асуудал бүх цаг үед яригддаг. Жишээ татъя л даа. Хоёулаа адилхан ажил хийгээд ижил зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлж байж чи 10 хувийн татвар төлөөд би таван хувийн татвар төлөх ч юм уу эсвэл бүр төлөхгүй байвал чи ямар ч татвар төлөх мотивацгүй /хүсэлгүй/ болно шүү дээ. Татварын хувь хэмжээг нэмсэн ч эдгээр хүмүүст ямар ч дарамт учрахгүй. Угаасаа татвараа төлдөггүй юм чинь. Харин үнэнч шудрагаар татвараа төлдөг хүмүүсийн дарамт нэмэгдэнэ.

-Бид 2009 онд яг ийм нөхцөл байдалтай тулгарч байсан-

-Таны бодлоор манай эдийн засагт нэн тэргүүнд тулгамдаж буй буюу байнгын анхаарал хандуулж байх ёстой зүйл юу вэ?

-Дандаа л борооны дараа цув нөмрөөд байна. Үүн дээр анхаарах ёстойг олон эдийн засагч, судлаачид хэлдэг. 2009 онд яг энэ байдал давтагдаж байсан.

-Энэ удаагийн төсвийн тодотгол нь урт хугацаанд хэр өгөөжтэй вэ гэдгийг харах нь зүйтэй болов уу. Гэтэл өнөөдрийн дэвшүүлж буй энэхүү шийдвэрүүд нэг л тийм аргацаасан байдалтай юм шиг. Эдийн засагч хүний хувьд таны зүгээс юуг нэн тэргүүнд хийх нь оновчтой вэ?

-Долларын ханш хэт хүчтэй чангарч, төгрөгийн ханш хэт хүчтэй унаж, чанаргүй зээлийн хэмжээ хэт ихсэж байгаа зэрэг нөхцөл байдалтай бид тулгараад байна. Тийм болохоор нэн тэргүүнд шийдвэр гаргах нь чухал. Гэхдээ оновчтой, зөв шийдвэр.

Хүн амын орлогын албан татварыг шатлал болгохдоо 10 хувиас 25 болгож буй нь иргэдэд хүндээр нөлөөлж байгаа нь дамжиггүй. Учир нь энэ нь яг тооцоотой зүйл мөн эсэх нь эргэлзээтэй.Тиймээс маш сайн тооцоо судалгаа хийж, цогц бодлогыг хийх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Ингээд түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ЭНЭ ҮНЭН ШҮҮ ! ИРГЭДЭЭС ХУРААЖ АВСАН ТАТВАРЫН МӨНГӨӨ ЗӨВ, ҮР АШИГТАЙ, АРВИЛАН ХЭМНЭЛТТЭЙ ЗАРЦУУЛАХ ТАЛ ДЭЭРЭЭ Л САНАА ТАВИХ ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ... ТАТВАРЫГ НЭМЖ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ЯАЯ ГЭЖ БАЙГАА ЯДАРСАН ИРГЭДЭЭ ТАТВАР НЭМЖ БОЛОХГҮЙ ШҮҮ

    1 0 Хариу бичих
  2. MAN-HHAN MORIIN HOTOLBORTOOO TATBVARIIG 1%% BOLGONO GEJ AMLAJ BAIJ GARCH IRSEN SHUUU DEEE.

    0 0 Хариу бичих