Нийгмийн сүлжээ

“Сошиал орчин”, “Сошиал мэдиа” гэж тусдаа гадаад үгээр яриад байхаар нэг л тусдаа ертөнц мэт ойлгогдох гээд байдаг юм. “Нийгмийн сүлжээ”, “Олон нийтийн сүлжээ” гэж монголоороо ярьж заншвал уг нь дөхөмтэй. Хүн бүрт л нийгмийн хэрэгцээ бий /нийгмийн идэвхи биш/. Хэлбэрийн хувьд ажлын хамт олноос дунд сургуулийн нөхөрлөл хүртэлх олон янз. Хүний бүхий л хэрэгцээ улам тэлдэг хойно нийгмийн хэрэгцээ ч бас улам тэлж. Гэхдээ Монголын анхны олон нийтийн сүлжээ /ОНС/ бол twitter, facebook, hi5 аль нь ч биш ТВ чаатууд байсан юм. Нэг үе моодонд орж байсан FM радионы утсаар шууд холбогддог нэвтрүүлгүүд ч ОНС –ний элемент агуулдаг байв. ТВ чаат, FM –ийн нэвтрүүлэг аль алинд нь л “нууц нэрээр холбогдох”, “бусдын үгэнд комэнт өгөх”, “хоорондоо танилцах”, “янз бүрийн сэдвээр гомдол санал тавих” гэх мэт бүх элемент бий. Одоо цагт орон нутгийн жижиг ТВ-ийн ТВ чаатууд харилцаанаас илүү хэрэгцээнд зориулсан маягаар ашиглагдаж байгаа /"3 хүн аваад УБ хөдлөх машин байна.." г.м/. 90 –ээд онд FM –ийн шууд нэвтрүүлэгт идэвхитэй холбогдож алдаршсан Гансүх гэж хөгжлийн бэрхшээлтэй залуу байсныг зарим нь санах байх. Өнөөгийнхөөр бол “сошиал од” юм. 

1999, 2000 он хавьцаа компютер нь өөрөө сонин шинэлэг байхад түүгээр бусадтай чаатална гэхээр бүр ч гайхалтай сонин. Компютер гэлтгүй гар утасны мээсэж ч сонирхолтой. 2000 он хавьцаа Мобикомын 10 нэгж 2500 төгрөг, хуушуур 50 төгрөг байсан. Огт танихгүй хүнтэй өдөртөө л хорь гучин хуушуурны үнээр мээсэж бичдэг, мээсэжэнд донтсон /өнөө цагт сошиалд донтдог шиг/ хүмүүс олон байсан юм шүү. Одоо үед утасны мээсэжэнд донтлоо гэвэл хэн ч ойлгохгүй биз. Цахим орчинд анх “Mongolei.de” чаат, “asuult.net” форум г.м. янз бүрийн чаат форумууд нэг үе их эрчээ авч байсан. Төдөлгүй чаат, форумаас хүмүүс уйдаж “hi5”, “yahoo messenger”, “youtube”, төрөл бүрийн блогууд моодонд орсон нь хэрэглээний дэвшил гэлтэй. Утасны тариф буурсанаар мээсэж яваандаа "тансаг хэрэглээ" биш олон нийтийн хэрэглээ болов. Харин интернет, компютерийн хэрэглээ нь зардлаасаа үүдээд саяхныг хүртэл төдийлөн олон нийтийг хамарч чадаагүй л байлаа. Интернет тоймгүй үнэтэй, компютертэй айл цөөхөн. Одооных шиг гар утаснаас интернетэд орно гэж байхгүй. Цахим шуудан, чаат хэрэглэж чаддаг бол бараг орчин үеийн, "мэдлэг боловсролтой" гэх нь холгүй тийм цаг үе саяхан. Бид дасчихсанаас биш “олон нийтийн сүлжээ”, “нийгмийн сүлжээ” гэх мэт нь тун саяхны шинэ ойлголт. 2010 оноос өмнөх сонин хэвлэл бариад хараарай, “нийгмийн сүлжээ” “олон нийтийн сүлжээ” гэдэг үг тааралдахгүй л болов уу. 

ОНС –г 100 хүнтэй найр гэж үзвэл твитэр нь танхимын голд байх 10 хүнтэй дугуй ширээ, харин фээсбүүк нь тус бүр 5 хүнтэй 20 ширхэг дөрвөлжин жижигхэн ширээ гээд зүйрлүүлчихэд болно.

ОНС –г 100 хүнтэй найр гэж үзвэл твитэр нь танхимын голд байх 10 хүнтэй дугуй ширээ, харин фээсбүүк нь тус бүр 5 хүнтэй 20 ширхэг дөрвөлжин жижигхэн ширээ гээд зүйрлүүлчихэд болно. Яг л хурим, шинэ жил шиг нэг ширээнээс нөгөө ширээ хэсээд л босч суугаад л нэг тиймэрхүү гэсэн үг. Дугуй ширээнд бүгд тэгш эрхтэй, хэлэх үг нь 140 тэмдэгтийн хязгаартай. Харин фээсбүүкийн дөрвөлжин ширээнд “ширээний дарга” нь ерөнхийдөө уур амьсгалаа хөтөлнө. Фээсбүүк мэдээж илүү олон хэрэглэгчтэй, харин твитэр нь цөөхөн хэрэгчтэй ч илүү “ардчилсан” гэх юмуу даа. “Yahoo messenger” –ийн найзуудын листний дээд талд “status bar” гэж юм бий. Тэнд “idle”, “Батаа орж ирээд залга..”, “Ууртай байна” .. гэх мэт статус илэрхийлэхээс гадна таалагдсан киноны линк, хэрэгтэй мэдээлэл гэх мэтийг тавидаг. “Yahoo Messenger” –ийн "статус бар" -ыг салгаж аваад хэлбэрийн нь хувьд хөгжүүлчихсэн нь твитэр юм шиг санагддаг.  Батаад гомдсон Цэцэгээ зүгээр л шууд өөрт нь “Чамд гомдсон за..” гээд хэлчих нь хангалтгүй. Батаад гомдсон гэдгээ мэссэнжэр листнийхээ бүх хүнд /эсвэл твитэрийн дагагч нартаа/  илэрхийлж байж санаа нь амарна. Фээсбүүкээс залхсан хүн “Найзуудаа фээсбүүкээ устгалаа шүү..” гэдэг пост фээсбүүк дээрээ заавал бичихийг яана. Нэг төрлийн эго. “Энэ үнэхээр супер кино шүү..” гэж пост бичсэн хүн яг тэр киногоо өөрөө үзээд сууж байх нь эргэлзээтэй. Тэр кинонд дуртай гэдгээ л бусдад илэрхийлээд буй хэрэг. Буддын сургаальд “Цэцэгсийн тухай олныг бүү бод, цэцэгсийг зүгээр л харж үнэрлэж таашаа” гэдэгсэн. Харин нийгмийн сүлжээний ачаар бид цэцэгсийн тухай олныг бодох нь байтугай бодсоноо заавал илэрхийлж бичдэг болов. Гэхдээ Буддын сургааль хамгийн зөв зам байх албагүй л дээ.

Хамгийн гол нь дэлхийн аль ч газарт, аль ч цаг үед, ямар ч ширэнгийн отог омог өөрийн гэсэн согтууруулах ундааг олоод нээчихсэн байдаг шиг дэлхийн аль ч газар, аль ч цаг үед "нийгмийн сүлжээ" -ий хэдэн зуун янзын элемент байдаг.

ОНС зарим салбарт шинэ сорилт авчирч буй. Сэтгүүлзүй, маркетинг, пиарын салбарууд хамгийн түрүүнд өртөнө. “Твитэр гарч ирсэнээр сэтгүүлчид бидний тархийг хэчнээн их угаадаг байж вэ гэдгийг ойлголоо..” хэмээн Ц.Бат /твитэрийн Бат инженер/ хэлсэн удаатай. Байр авах гэж буй хүн маркетингийн мэнэжэрийн үгнээс илүү тухайн байрны оршин суугчдын фээсбүүк группээс сайн мууг нь мэдчихнэ. Маркетинг, пиар гэдэг товчхондоо хүмүүсийг “уяраана”, “панаалдана” гэсэн үг. Сэтгүүлчид уншигчдыг “уяраана”,  улс төрч хүн сонгогчдыг “уяраана”, “панаалдана”. Том зургаар нь харвал ОНС–ний ачаар хүмүүс тэр бүр панаалдуулж, уяраад байхааргүй болж буй нь сайшаалтай. ОНС хүний зан суртахуунд ч нөлөөлж. Заримынх нь хувьд "Нууц амраг", "Найз охин", "Найз залуу" г.м. үгс утгаа алдсан. Яг хэнийгээ ч тэгж нэрлэх юм. Арваадхан жилийн өмнө л таалагддаг охиноос ирсэн мээсэжийг утсан дээрээ бүтэн сар хадгалж, байн байн эргэж уншдагсан. Харин 2016 оны өсвөр насныхан, оюутнуудад тийм “романтизм” бараг байхгүй. Юун 80, 90-ээд оны цаасан захиа, утасны мээсэжээ нандигнах романтизм хүртэл алга болж. 

ОНС-г согтууруулах ундаатай зүйрлүүлчихэж болох юм. Хөөрхөн донтуулна. Зарим хүн зөвхөн муу талыг нь олж хараад байнга муулна. Тааруулбал ажил бүтнэ, найз нөхөдтэй болно. Хэтрүүлбэл ухаанаа алдана. Огт хэрэглэхгүй бол шизотой болно. Хамгийн гол нь дэлхийн аль ч газарт, аль ч цаг үед, ямар ч ширэнгийн отог омог өөрийн гэсэн согтууруулах ундааг олоод нээчихсэн байдаг шиг дэлхийн аль ч газар, аль ч цаг үед "нийгмийн сүлжээ" -ий хэдэн зуун янзын элемент байдаг. Хэлбэрийн хувьд олон янз бий, хэлбэртэй нь биш агуулгатай нь зууралдвал илүү дээр.