-Сангийн сайд мэргэжлийн бус мэдэгдэл хийлээ-
Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн уржигдар хийсэн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой мэдэгдлийн талаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяа байр сууриа илэрхийллээ.
-Сангийн сайдын өчигдөр хийсэн мэдэгдэл дээр та ямар байрь суурьтай байгаа вэ?
-Сангийн сайд өчигдөр улс орны эдийн засагт үүсч байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдэгдлийг анхааралтай сонсч судалсан. Шинэ байгуулагдсан Засгийн газар болон Сангийн сайд өнөөдрийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг давж туулах өөрсдийн гэсэн шинэ арга зам гарцаа олж чадаагүй байна гэж би харлаа.
Сангийн сайд өнөөдрийн төсвийн алдагдлыг нөхөх хүндрэлтэй төслүүдийг санхүүжүүлэх өрийг графикийн дагуу төлөхдөө олон улсын байгууллага эсвэл түншлэгч орнуудаас зээл авахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Зээл л авч үүнийг шийднэ гэсэн санааг энэ мэдэгдлээрээ хийчихлээ.
АН хямралаас давж гарахын тулд бонд босгож түүний хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж явсан. Түүнийг шүүмжилж байсан тэд яг ижилхэн үүнийг хүлээн зөвшөөрч гаднын зээлээр энэ асуудлыг давж туулах юм байна гэдгээ шууд хэлж чадахгүй байна. Тэд тойруу замаар бидний гарц бол зээл гэж хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг хийлээ гэж улс төрийн өнцгөөс харагдлаа.
Учир нь Ерөнхий сайдын дурьдаж байгаа тоонууд буюу гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийн 17 хувиар бууралт болон улсын валютын нөөцийн хомсдол, улсын өрийн тухай тоо бол шинэ тоо биш.
Өмнө нь 2012-2014 онд одоогийн МАН-ын нэрийн өмнөөс УИХ-д нэр дэвшиж гишүүн болсон Ч.Улаан сайдын үед ч, одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байх үед ч, Сангийн сайд асан Д.Болорын үед ч эдгээр тоонууд бол яригдаж л байсан. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нөхцөл байдал ийм байна, шийдлээ яаж олох уу гэдэг дээр УИХ дээр асуудал ярьж, мэдэгдлээ байнга хийдэг байлаа.
Гарцаа хайхын тулд УИХ-д олонх болсон хоёр намууд хамтран УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоол “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрүүд”-ийг батлаад явж байсан. Тиймээс өнөөдөр гэнэт л мэдсэн юм шиг энэ тоонуудыг шинэ Ерөнхий сайд, шинэ Сангийн сайд гарч ирээд ард түмнийг цочролд оруулахаар өндөр дуугаар ярих шаардлагагүй.
Хамгийн гол нь бид хүндрэлээсээ мэргэжлийн хүний хувьд яаж гарах вэ гэдэг асуудал дээрээ тулгуурлаж ярьвал илүү зөв юм.
-АН Сангийн сайдын мэдэгдлийг шалгах ажлын хэсэг байгуулна-
-АН бүлэг дээрээ энэ асуудлыг ярьсан уу. Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-АН бүлэг дээрээ энэ мэдэгдлийн талаар ярьсан. АН-ын бүлгээс ажлыг хэсэг байгуулагдаж байгаа. Ажлын хэсэг нарийн зүйл заалт бүр дээр буюу улсын төсвийн орлого, зарлагад шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргана.
Миний бие УИХ дахь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд өнөөдөр Сангийн сайдад мэдээлэл ирүүлэх хүсэлт явуулсан. Ингэхдээ долоодугаар сарын байдлаар улсын төсвийн орлого 2 их наяд орчим төгрөгөөр тасалдахаар байна гэснийг тодруулж, заалт бүрт дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн. Мөн зарлагын төлөвлөгөөг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэж ярьсан.
Хамгийн ноцтой нь улсын нэгдсэн тэнцлийн алдагдал -5.1 их наяд төгрөгт хүрэх гээд байгаа тухай мэдэгдэл хийлээ. Хүлээж байгаагаа энэ том алдагдлын дүн гэж хэлсэн учраас ямар зарлагууд нэмэгдэхээрээ ийм их алдагдлууд үүсэх гээд байгааг бас мэдмээр байна.
Мэдээллүүд ирсний дараа УИХ-ын Зарлагын хяналтын дэд хороо асуудлыг авч хэлэлцэж дүгнэлт гаргана. Мөн дэд хорооны гишүүддээ мэдээллүүдээ танилцуулж, хуралдана.
-Сангийн сайд зээл авч л энэ асуудлыг шийднэ гэж мэдэгдлээ. Харин таны хувьд энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?
-Товч мэдээлэлд 5.1 их наяд төгрөгийн алдагдалтай 3.9 их наяд төгрөг нь гадаадад төлөх өр зээл бондын төлбөрүүд, түүний хүү гэж хэлж байгаа. Харин тухайн өр төлбөрийн графикийн талаар тохиролцох арга хэмжээ, улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр шийдэх арга, цаашид хэрхэн ажиллах талаар мэдэгдээгүй.
Уг нь бид аль ч олон улсын санхүүгийн байгууллагад санхүүжилт хөрөнгө босголтоо харилцан тохиролцож болдог. Түүнээс гадна Монголбанк, Сангийн яамны зүгээс ийм мэдэгдэл хийсэн нь эдийн засгийг улам хүндрүүлж болзошгүй гэж мэргэжлийн хүнийхээ хувьд харж байгаа.
-Дэлхийн аль ч улс валютынхаа нөөцийг ил тод зарладаггүй-
-Тэгэхээр Сангийн сайд болоод Монгол банкны Ерөнхийлөгчийг мэдэгдлийг та буруутгаж байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Монголбанкны Ерөнхийлөгч мэргэжлийн бус улс төрийн мэдэгдэл хийсэн. Дэлхийн аль ч улс валютынхаа нөөцийг ил тод зарладаггүй. Холбооны нөөцийн банкны дарга ямар үг хэлэхээс эдийн засгийнх нь нөхцөл байдал хамаарч байдаг. Түүний хэлсэн үгнээс эдийн засагт үүсэх үр дагавар маш их. Эдийн засаг савлаж, доргиж болно. Гэтэл зохиомол валютын хомсдлыг бий болгох мэдэгдэл хийсэн нь туйлын харамсалтай байна.
Монголбанк 6 жилээр, Сангийн яам сайдаа 4 жилээр томилдог нь бодлогын хувьд бие биенээ хянах төсвийн тэлэлт, мөнгөний нийлүүлэлтийг хэт их байлгаж эдийн засгийг савлуулахгүй байх зорилготой байдаг атал Монголбанкны ерөнхийлөгч улстөрч шиг мэдээлэл хийсэн нь туйлын харамсалтай.
Ийм түвшний хүмүүс мэргэжлийн байр сууринаас хандаж байгаасай гэж хүсэх байна. Мөн Ерөнхий сайд болзошгүй алдагдлыг -5.1 их наяд гэж хэлж байгаа нь өөрөө маш болчимгүй үйлдэл. Учир нь өнөөдөр зайлшгүй төлөх төсөв дээр суусан өр төлбөрийн тухай ярихаас биш дараа жил 2017, 2018 онд төлөх төлбөрийн бүх дүнг энд оруулж ирээд, ингэж томоор хүмүүсийг цочроож болохгүй. Энэ бол маш хариуцлагагүй ажил гэж бодож байгаа.
-Цаашид үүнийг даван туулах ямар гарцууд байгаа вэ?
-Олон гарцууд бий. Өмнөх Сангийн сайд, Ерөнхий сайдууд хэлж байсан. Энэ Зас гийн газар 100 хоногтоо ямар гарцыг гаргаж ирж тавих вэ гэдгийг сөрөг хүчин АН-ынхан харж байгаа. Шинэ Засгийн газар өнөөдөр бидний хувилбар ийм гэж хэлэхээсээ илүү ард түмнийхээ өмнө өгсөн амлалт, Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа нь ажиглагдсан.
Цаг нь болохоор бид өөрсдийнхөө байр суурь, саналаа Засгийн газар, УИХ-д тавих болно. Ард түмний эрх ашиг нийт улс орны хувь заяатай холбоотой тул зөвхөн намын байр сууринаас бүх асуудалд хандаж болохгүй.
Хамгийн гол Засгийн газар шийдвэртэй алхмуудыг хийх хэрэгтэй. Төсөв, санхүүгийн асуудал хүнд дээр нь төсвийн тодотголыг яаралтай хийх гэж байгаа энэ үед зөвхөн орлогоо 1.8 их наяд төгрөгөөр бууруулж, зарлагаа 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх нь өөрөө логикийн хувьд алдаатай. Өөрөөр хэлбэл, МАН-ын үндсэн зорилт одоо хийж байгаа үйлдэл хоёр ямар зөрж байна.
-Малчдын авсан зээлийг хэзээ ч Засгийн газар эргэн төлөхгүй-
-Сангийн сайдын хийсэн мэдэгдлээс харахад АН өнгөрсөн 4 жил засгийн эрхийг барьж байх үедээ хийсэн буруу үйл ажиллагаанаас эхтэй гэсэн мэссэжийг өгч байна. “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин” хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлэлгүй тэрбум төгрөг гаргасан байна гэх мэт. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?
-Өнгөрсөн хавар хэрэгжүүлсэн сайн хөтөлбөрүүд улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй гэж тухайн үеийн Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс мэдэгдсэн. Энэ бол Засгийн газрын баталгаатайгаар Монголбанк арилжааны банкуудын хооронд хийгдсэн зээлийн эх үүсвэрүүдээр санхүүжүүлэгдэж байсан. Энэ бол төсвөөс гараагүй. Ерөнхий сайд хуулиар зөвшөөрөгдөөгүй санхүүжүүлэлтүүдийг хийсэн, улсын төсөвт тусгагдаагүй мөнгөөр санхүүжүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл.
Сангийн сайд эхлээд нөхцөл байдлыг маш сайн судлах хэрэгтэй. Монголбанкны арилжааны банкуудтай хийгдсэн гэрээний нөхцөл, гэрээг мэдэгдэл хийхээсээ өмнө үзэх хэрэгтэй байсан юм.
Энэ нь төсөвт ямар нэгэн хүндрэл үзүүлэхгүй. Ер нь арилжааны банкны зээл дотроос малчны зээл хамгийн баталгаатай сайн эргэн төлөгддөг зээл. Малчдын авсан зээлийг хэзээ ч Засгийн газар эргэн төлөхгүй.
Малчид өөрөө төлнө. Үе үеийн арилжааны банкууд дээр байгаа малчдын зээл хүндрэлд орж байгаагүй. Малчид өөрсдөө л төлж байсан.
Монголбанк арилжааны банкуудын хооронд хийсэн хэвийн явж байгаа энэ хөтөлбөрийг зогсоох гэсэн цаад санаа явж байна уу гэж би хардаж байна. Мөн төсвийн нэмэх гээд байгаа зардал дотроо үүнийг оруулж ирэх гээд байна уу гэсэн хардлага ч байна.
-Гэтэл Сангийн сайд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн бодлогын алдаа гэж хэлээд байгаа шүү дээ?
-Өнгөрсөн дөрвөн жилийн буруу бодлогын улмаас энэ алдагдал үүссэн гэж Сангийн сайд хэлэх нь учир дутагдалтай. Өнгөрсөн дөрвөн жилийн бодлого зөв байсан уу буруу байсан уу гэвэл бид дандаа хамтарсан Засгийн газар байгуулсан.
Хамтарч хийсэн учраас та нар ингэж ярилаа гэж хэлэхийг би хүсэхгүй байна. Ер нь ард иргэддээ бид хамгийн таатай өндөр биш бага хүүтэй зээл олгох замаар тэдний өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн. Үүнийгээ хэзээ ч буруу гэж хэлэхгүй. Зөв зүйтэй явж байгаа эдгээр хөтөлбөрүүдээ зөв шугамаар нь үргэлжлүүлж явуулна гэдгийг аль ч нам засгийн эрхэнд гарсан хүлээн зөвшөөрдөг байх улс төрийн соёлд суралцах хэрэгтэй.