Монгол Улс цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрснийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ. Улс олсон 5 төгрөг тутмын 4-ийг өрөндөө төлж, үлдсэн 1 төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдал үүссэн талаар тэрээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ онцоллоо.

2016 оны баталсан төсвийн орлого 7,013 их наяд төгрөг 1,8 их наяд төгрөгөөр тасарч, өнгөрсөн оныхоос 760,3 тэрбум төгрөгөөр бага төвлөрөхөөр байгаа аж.

Засгийн газрын өр энэ онд 17 их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна.

Энэ онд нэгдсэн төсвөөс гадаад, дотоод зээлийн өрийн төлбөрөө графикийн дагуу, шинээр зээл авахгүйгээр эргэн төлвөл, Монголын төрд бүхий л үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд дөнгөж 1 их наяд 130 тэрбум төгрөг үлдэж буй аж. Энэ мөнгө нь төрийн албан хаагчдын цалинг тавихад ч хүрэлцэхгүй юм. Засгийн газарт үйл ажиллагаа явуулахад дахин 5,8 их наяд төгрөг шаардлагатай болно. 2017, 2018 онуудад Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого нь Засгийн газрын өр, зээлийн эргэн төлөлт, хүүний төлбөрийг төлөхөд ч хүрэлцэхгүй байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг даваад байна.

2016 оны баталсан төсвийн орлого 7,013 их наяд төгрөг 1,8 их наяд төгрөгөөр тасарч, өнгөрсөн оныхоос 760,3 тэрбум төгрөгөөр бага төвлөрөхөөр байгаа аж.

Түүнчлэн “Сайн” нэртэй хөтөлбөрүүдэд нийт 1 их наяд 135 тэрбум төгрөг баталж, 596 тэрбум төгрөгийн зээл аван, 553,8 тэрбум төгрөг олгожээ.

Засгийн газрын өрийн үйлчилгээ:

2011 онд нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нийт 37,2 тэрбум төгрөгийг зээлийн хүүний төлбөрт төлж байсан нь 2016 онд 1 их наяд 85  тэрбум болж, өнгөрсөн 4 жилд 29 дахин нэмэгдсэн байна. Өмнөх Засгийн газар төсөвт тусгагдаагүй хөтөлбөрүүдийг өр тавин санхүүжүүлсэн, төсөвт ирэх ачаалал, өрийн дарамтыг нэмэгдүүлсэн зэргээс үүдэн зээлийн хүүгийн төлбөр цаашид ч хурдацтай нэмэгдэхээр байна.

Мөн ирэх оноос эхлэн бондын төлбөрийг төлж эхлэх ба валютын нөөц хангалтгүй, дэлхийн зах зээл дээрх эрдэс баялагийн түүхий эдийн үнэ унасан, манай улсын зээлжих зэрэглэл –В2 болж буурсан, 2016 оны төсвийн алдагдал 1 их наяд орчим төгрөг байхаар төсөвлөгдсөн зэрэг нь дээрх бондуудыг эргэн төлөхөд их хүнд болохыг анхааруулж байна.

Гадаад валютын албан нөөц:

2012 оны эцэст 4,1 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаад валютын албан нөөц жил улирал дараалан буурсаар энэ оны зургадугаар сарын байдлаар 1 тэрбум 296.6 сая ам.доллар болсон байна. Бодит байдал дээр гадаад валютын цэвэр нөөц -429 сая ам.доллар болсон талаар шинээр томилогдсон Монголбанкны удирдлагууд мэдэгдсэн.

Өнөөдөр төгрөгийн ханш огцом унаж байгаагийн үндсэн шалтгаан нь валютын нөөц шавхагдсантай холбоотой. Төгрөгийн ханш гол худалдааны валютуудын эсрэг өнгөрсөн 4 жилийн хугацаанд 58 хүртэлх хувиар суларсан бөгөөд ялангуяа валютын зээлтэй иргэд ААН-үүд ханшийн зөрүүнээс жилд 850 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг тооцоо гарч байна.