УИХ-ын чуулган өчигдөр шөнө дөлөөр хуралдаж, Засгийн газрын шинэ бүтцийг хэлэлцсэн билээ. Тэгвэл энэхүү чуулганы товыг УИХ-ын гишүүн С.Жавхланд мэдэгдээгүй талаар тэрээр өнөөдөр хэвлэлд ярьжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Жавхлан ярихдаа “Нэг л нууцгайхан хуралдчих гээд байгаа юм шиг мэдрэмж надад төрөөд байна. Энэ гэхдээ хардалт ч байж магадгүй. Өнөөдөр л гэхэд маш тулгаж хэллээ. Ямар ч байсан амжаад ороод ирлээ” гэв.
Саяхан С.Жавхлан гишүүнийг эргүүлэн татаж магадгүй гэх мэдээлэл хэвлэлээр гараад байсан. Тодруулбал, Түүнийг сонгуульд нэр дэвшихээсээ өмнө МУГЖ Т.Баясгалантай хамтран “Илгээлтийн эзэд” хандивын тоглолт хийж малчдад хандив тараасан нь хуульд заасанчлан 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны зургаадугаар сарын 29-ний 22:00 цаг хүртэл нэр дэвшигчид мөнгө эд зүйлс тараах, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх гэх заалтыг зөрчсөн гэх.
Тэгвэл энэ асуудалд тэрээр “Илгээлтийн эзэд аяныг Засгийн газартай хамтран зохион байгуулсан. Хандивын мөнгөөр өвч, тэжээл авч, мал өгсөн. Тэр өвсийг хүн идээгүй. Хэрэв өвс идсэн хүн байвал надтай холбоо бариарай” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
