
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх арван даваанд зодоглосон. Ингээд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын арслан Ч.Санжаадамба шинээр арслан цол хүртсэн Р.Пүрэвдагваар арав давж, Улсын наадмын түрүү бөхөөр тодорлоо. 15 жил барилдсан тэрээр ийнхүү Монгол Улсын аварга цолны болзол хангаж, Монгол түмнээ баясгав.
Монгол Улсын 22 дахь аварга Ч.Санжаадамба сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
-Юуны өмнө Төрийн их баяр наадамд түрүүлж, аварга болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Үнэхээр их баяртай байна. Юуны өмнө төрүүлж өсгөсөн аав, ээждээ болон гэр бүлийнхэндээ баярлалаа. Мөн “Бөх билэгт” дэвжээний хамт олон, нутгийн олондоо баярлаж байна. Бөх хүн бүр аварга цолонд хүрэхийг хүсдэг. Өнөөдөр энэ хүсэл минь биелэлээ. Монгол түмэн та бүхнийхээ итгэлийг алдалгүй барилдсандаа сэтгэл өндөр байна.
-Таны хувьд хамгийн хүнд даваа аль даваа байв?
-Мэдээж тэр даваа гэж онцлоход хэцүү. Даваа бүр хүнд байсан. Аварга цолонд хүрэх амар байсангүй.
-Архангай аймгийн бөхчүүд Төрийн их баяр наадмын үзүүр, түрүүг авсан гурав дахь тохиолдлын эзэн боллоо.
-Тиймээ. Нутгийнхаа хүчит эрчүүдийн түүхийг үргэлжлүүлсэндээ баяртай байна. Энэ жилийн хувьд архангайчуудын хувьд сайхан наадам боллоо. Улсын начин цолтон дөрөв төрж, арслан, аваргатай боллоо.
Миний хувьд 15 жил улсын наадамд барилдаж, аварга хэмээх сайхан цолонд хүрлээ.
1024 бөх барилдсан түүхт ойн жил Архангайн хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн нь бас нэгэн ховор амжилтын түүхийг бичлээ. Миний хувьд 15 жил улсын наадамд барилдаж, аварга хэмээх сайхан цолонд хүрлээ. Цаашдаа улам сайн барилдаж, та бүхнийхээ итгэлийг алдахгүй хичээх болно.

-Таны хувьд Р.Пүрэвдагва арслангийн барилдааныг мэддэг биз дээ?
-Р.Пүрэвдагва өнөө цагийн иртэй бөхчүүдийн нэг гэдгийг бөх сонирхогчид андахгүй мэднэ. Тэр яагаад үзүүрлэж болохгүй гэж. Энэ жил түүний бэлтгэл урьдынхаас илүү сайн байсан юм.
-Өмнө нь “Сайн байна уу заан аа” гэдэг байсан бол одоо “Аварга аа” гэх боллоо. Ямар санагдаж байна вэ?
-Заан цол сайхан ч аварга цол илүү хүндэтгэлтэй шүү дээ. Сайхан байна.
-Өглөө гэрээсээ гарахдаа түрүүлэх юм шиг совин төрөв үү?
-Өмнөх наадмуудын адил л барилдлаа. Эхнэрийнхээ чанасан цайны дээжийг ууж, бурхандаа залбирч, зодог шуудгаа арцаар утаад л гарсан.

-Баярт мөчөө хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?
-Хамгийн түрүүнд надад баяр хүргэж, үнсэх хүн бол засуул байдаг. Дараа нь Р.Пүрэвдагва. Тэгээд нутгийнхаа бөхчүүдтэй. Харин гэр бүлийнхэнтэйгээ утсаар холбогдож амжаагүй байна.
Дашрамд дурдахад, Монгол улсын сүүлийн 95 наадмын ердөө есөн удаад нь нэг нутгийн хоёр бөх үзүүр түрүүнд үлдэж байжээ. Эдгээрийн тавд нь Архангайн бөхчүүд хүч үзсэн байдаг аж. Эрт үед төрийн баяр наадамд Архангай аймгийн “Аат” хочит Д.Лувсанжамц, “Суугай” Содов нар түрүү, үзүүрт шалгарч байсан бол дараа нь даян аварга “Буур” Жамъяан, улсын арслан Ш.Төмөрбаатар нар мөн л тэргүүн байрны төлөө хүч үзэж байсан гэдэг. Энэ жилийн хувьд Р.Пүрэвдагва, Ч.Санжаадамба нар тунаж үлдсэн юм.

