Олон нийтийн цахим сүлжээнд мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн өөрийн үзэл бодол, энэ нийгэмд тэдний өмнө тулгараад буй бэрхшээл хийгээд алдаа дутагдлыг зоригтойгоор хэлсэн Буянжаргалын Болороо гэх бүсгүйг өнөөдөр хэн хүнгүй андахгүй болжээ. Тэрээр “Тийм ээ, би та нарын тэнэг мангар, согтуу хөлчүүгээр нүдэнд чинь харагддаг, тахир дутуугаар нь дууддаг тархины саажилттай хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна... Миний хэлэх үгийг дуустал нь сонсохыг л хүсье” хэмээн олон нийтийн сүлжээнд видео бичлэгээ байршуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн.
Өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд нийтэлсэн түүний уг бичлэгийг өнөөдрийн байдлаар 382 мянган хүн үзэж 8368 хүн шэйр хийж бусдад түгээсэн.
Түүний хөгжлийн бэрхшээлтэй мянга мянган иргэдийнхээ өмнөөс өмөөрч хэлсэн үгс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт хүрч энэ асуудалд анхаарлаа хандуулахыг салбарынханд үүрэг болгосон байдаг.
Тэгвэл тэрээр хэдхэн хормын өмнө өөрийн цахим хуудаснаа баяртай мэдээг нийтэлжээ. Тэрээр “Өглөө хөдөлмөрийн яамнаас 'Төрийн нарийн бичгийн дарга ирж уулз гэж байна' гэсэн дуудлага хүлээн аваад ирж уулзлаа. Яаманд мэргэжилтнээ авсан учраас Нийслэлийн хөдөлмөрийн газар ХБИ-ийн 'Хөдөлмөр эрхлэлт' хариуцсан ажилтнаар гэрээгээр ажиллахаар боллоо. Үнэндээ бичлэгийг чинь өчиндөр л үзлээ, тэгээд мэргэжилтэнтэйгээ ярилцаж байгаад өөртэй чинь уулзаж санал бодлоо солилцох гэсэн юм гэв. Засаг солигдохоор хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудаа цээжээрээ хамгаалж авч үлдэнэ гэсэн сайхан үг хэлснээс гадна дараагийн удирдлагуудад ОРОН ТООНЫ АЖИЛТАН-аар авч үлд гэж хэлэх болно гэсэн. Ард түмний элч, төлөөлөгчийн үүргээ гүйцэтгэн бичлэгийг маань үзэж бусдадаа анхааруулсан Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржид маш их баярлаж байна.
Үнэхээр ингээд ажиллахаар бол ХБИ-ийнхээ төлөө ярьж хэлж байснаасаа илүүг хийж, бусад ХБИ-тэйгээ нягт холбоотой байж, сайн ажиллана гэж ам бардам хэлэхээр байна. Бичлэг маань үргэлжилж орно, дараагийнх нь сэтгэлгээний хана хэрэм нураах тухай. Дэмжиж байгаа бүх хүнд баярлалаа” хэмээн цахим хуудаснаа бичжээ.