Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая албан ёсны мэдээлэл хийлээ.
Тэрээр “Би өнөөдөр сайн мэдээ дуулгах гэж байна. Зарим хүмүүс улс төрийн сонгуультай холбогдуулан сайн мэдээг саар мэдээ болгож харуулахыг зорьж байгаа учраас Ерөнхий сайдын хувьд мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзлээ. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 100 хувь Монголын үйлдвэр боллоо. Энэ талаарх мэдээллийг ОХУ-ын Интерфакс агентлаг бас мэдээлж эхэлснийг энд онцолъё. Монгол тал Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшдэг, ОХУ-ын Ростех компани 49 хувиа эзэмшдэг. Түүндээ таарсан ногдол ашгаа авдаг байсан. Харин өнөөдөр Монголын тал 100 хувь ногдол ашгаа хүртэхээр болж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийг дагасан нийгмийн шинж чанартай барилга, байгууламжууд 100 хувь Монголын талд ирнэ. Мөн Монголросцветмэт компани 100 хувь Монголын үндэсний аж ахуйн нэгж болж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн ямар нэгэн дансыг хаагаагүй, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү асуудал Монгол Улс, ОХУ хоорондын Засгийн газрын өндөр дээд төвшинд хэлэлцэж, шийдвэрлэгдсэн. Цаашдаа хэлэлцээрт ямар нэгэн гуравдагч тал оролцохгүй. Өөрөөр хэлбэл, Монголын тал эзэмших 49 хувиа хэн нэгэн гуравдагч этгээдэд худалдахгүй” гэлээ.