Терроризм, хүн амины хэрэг, зам тээврийн болон онгоцны осол, байгалийн гамшиг зэрэг дэлхий өнцөг булан бүрт тохиолдож буй сөрөг мэдээллийг дурдаад барамгүй. Сүүлийн жилүүдэд тайван орон гэгддэг байсан Европын улс орнууд хүртэл халдлагад өртөх болов. Тиймээс гадны улс орон руу явахаар төлөвлөж буй хүмүүс тухайн улсын аюулгүй байдлыг судлах нь нэн тэргүүний хүчин зүйл болоод байна.
Хэрэв та аюул, эрсдэлийн түвшин хамгийн бага орныг хайж байгаа бол Дэлхийн энх тайвны индексийн үзүүлэлтэд үндэслэн гаргасан дэлхийн хамгийн аюулгүй газруудтай танилцаарай.
Уг индексэд 163 орон багтсан бөгөөд шашны тогтвортой байдал, цөмийн зэвсэгтэй эсэх, цагдаа тусгай хүчний албан хаагчдын тоо гэх зэрэг олон чухал хүчин зүйлийг аюулгүйн шалгуур болгожээ. Монгол Улс Дэлхийн энх тайвны индексээр 2016 онд 50 дугаарт орж өмнөх оныхоос долоон шатаар доош буужээ. Харин манай хоёр хөрш болох ОХУ 163 орноос 151 дугаарт, БНХАУ 120 дугаарт орсон байна.
Дэлхийн хамгийн тайван 10 улс /2016/
1. Исланд
Исланд зургаа дахь жилдээ дэлхийн хамгийн аюулгүй, тайван улсаар шалгарчээ. Бага хүн амтай энэ улсад хүн амины хэргийн түвшин доогуур байдаг нь энэ жагсаалтыг тэргүүлэх гол хүчин зүйл болсон байна. Исландын Засгийн газраас тухайн улсад гарч буй хэрэг зөрчлийг шийдвэрлэхэд жилд 242 сая ам.доллар зарцуулдаг нь бусад улстай харьцуулбал хэд дахин бага тоо юм.
2. Дани
Жагсаалтын хоёрдугаарт Дани улс оржээ. Бие даасан хойг учраас тус улсад хилийн маргаан гэх санаа зовоосон асуудал үгүй. Мөн Дани улс дэлхийн хамгийн жаргалтай газруудын нэгээр шалгарчээ.
3. Австри
Австри улс хамгийн бага зэвсэг импортлогч бөгөөд тайван ардчилалыг тогтоож чадсанаараа жагсаалтыг жагсаалтын гуравдугаарт оржээ.
4. Шинэ Зеланд
Адал явдалт арлын улс Шинэ Зеланд олон улсын маргаанд хамгийн бага өртдөгөөрөө жагсаалтыг удаалсан байна.
5. Португал
Тавдугаарт жагссан Португал улс дотоодын зөрчил хамгийн багатай улс юм. Түүнчлэн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж чаддаг жагсаалтад дээгүүр бичигдэх нэг нөхцөл болжээ.
6. Чех
Чех улсад хэрэг зөрчил харьцангуй бага гардаг бөгөөд, нэг хүнд ногдох цэргийн тоо хамгийн бага байдаг аж.
7. Швейцарь
Төвийг сахигч алдарт Швейцарь улс долоодугаар байранд оржээ. Хэдийгээр дайнаас хол, газар нутаг, хилийн маргаангүй ч зэвсгийн экспортоороо дээгүүр ордог нь энэ улсын аюулгүй тайван гэх статусыг олон улсад доош татсан байна.
8. Канад
Дэлхийн хамгийн том улсуудын нэг Канад жагсаалтын наймдугаарт бичигдсэн байна.
9. Япон
Гэмт хэргийн зөрчил харьцангуй бага гардаг нь Япон улсыг уг жагсаалтад багтахад нөлөөлжээ.
10. Словени
Словени улс дэлхийн хамгийн аюулгүй тайван улсуудын нэг болжээ.
Харин дээрх индексээр цагаачдын хамгийн ихээр очихыг хүсдэг АНУ 103 дугаарт, Англи улс 47 дугаарт орсон бөгөөд британичууд хэрэг зөрчлийг шийдвэрлэхэд жилд 139 тэрбум ам.долларыг зориулдаг ажээ.
Тэгвэл зорчиход хамгийн аюултай газруудаар Йемен, Афганистан, Ирак, Өмнөд Судан улсууд тодорсон бол Сири улс жагсаалтын сүүл мушгиж хүний амь насанд хамгийн халтай орноор тодорлоо.