Хүүхдээ аюулаас хамгаалах 10 чухал зөвлөмж

Т.Маралмаа


Эцэг эхчүүд та бүхний анхаарлыг гуравхан минут маш чухал зүйлд хандуулахыг хүсч байна. Энэ бол та бидний хамгийн хайртай, эрхэм хүмүүс болох үр хүүхдүүдийн тухай юм.

Сэтгэлзүйч Леа Болл 2014-2015 оны хооронд хүүхдэд чиглэсэн хэдэн зуун удаагийн лекц явуулахдаа доод тал нь 2000-3000 хүүхэдтэй уулзсан байдаг. Тухайн үеэр хүүхдүүд сэтгэлзүйчтэй уулзаж, доромжлол, аюулын талаар юу бодож явдгаа хуваалцжээ.

Ингээд нарийн судалгаанд тулгуурласан дүгнэлтийг хуваалцъя

7-9 настай 10 хүүхэд тутмын ес нь эцэг эхийнхээ утасны дугаарыг мэддэггүй байна. Хэрвээ таны хүүхэд таны утасны дугаарыг мэдэхгүй, гудамжинд ганцаараа төөрвөл танд ямар санагдах вэ?

20 хүүхэд тутмын 19 нь настай хүнд шатаар дээш гарахад нь туслахад бэлэн гэжээ. Энэ нь тэднийг танихгүй хүнд хууртан, мэхлүүлэх өндөр эрсдэлтэй байгааг нь харуулжээ.

10-14 насны хүүхдүүдийн тал хувь нь гэмт хэрэгтэн байж болзошгүй хүмүүсийг хараад таньдаг хэмээн өөрсдийнхөө тухай ярьжээ.

-Хүүхдүүд гэмт хэрэгтнүүдийн тухай юу гэж боддог вэ-

10-14 настай хүүхдүүд гэмт хэрэгтнүүдийг хар хувцастай, бохир хувцастай, аймар царайтай, зальжин инээсэн хүмүүс байдаг гэж боддог тухайгаа хуваалцжээ. Хүүхдүүд хэрвээ аюулд орвол шат руу авирч, нуугдаж болох газар руу зугтааж нуугдана хэмээн боддог байна.

Судалгаанд оролцсон бүх хүүхэд эцэг эхийнхээ найзууд, хөрш айл, урд дэлгүүрийн эгч гэх зэрэг ямар нэг байдлаар амьдралдаа тааралдаж байсан, нэг удаа уулзаж байсан хүмүүстээ итгэж болно гэж боддог ажээ.

Түүнчлэн 20 хүүхэд тутмын 19 нь аюулд орсон үедээ чангаар тусламж гуйж, аюулд орсноо мэдэгдэхээс нэрэлхэнэ, тэгж хэлж чадахгүй байх гэсэн хариулт өгдөг байна. Эдгээр нь айдас төрүүлэм статистик судалгааны дөнгөж нэгээхэн хэсэг нь юм.

Үнэндээ жинхэнэ гэмт хэрэг нь хэзээ ч дээрх шиг хүний нүдэнд ил тусдаггүй. Хүүхдүүдийн хэзээ ч төсөөлж байгаагүй эелдэг, сайхан хувцасласан, цэмцгэр эмэгтэй, эсвэл нүдэнд дулаахан нас тогтсон хүн ч байж болно. Тиймээс хүүхдүүдэд тохиолдож болзошгүй аюулаас хамгаалах дүрмийг хүргэж байна.

Хүүхдийг аюулаас хамгаалах алтан дүрмүүд

  1. Хүүхдэдээ өөрийгөө хүндэлж үнэлэх, өөртөө итгэлтэй байдлыг нь дээшлүүл

“Танихгүй хүнээс хэзээ ч битгий юм ав” гэх хэлэхийнхээ оронд “Хэн нэгэн зайрмаг, тоглоом гэх зэрэг юм өгье гэвэл эхлээд ээж ааваасаа асууж, заавал мэдэгдэж байна гэж ээж аавдаа хэлж байгаарай. Амлаж байна уу? ” гэж хэлээрэй.

“Буруу хийчихлээ, алдчихлаа. Тэнэг юм уу!” гэж загнахынхаа оронд “Зүгээрээ, чамайг сайн хийж чадна гэдэгт итгэж байна” хэмээн магтаарай. Магтаал, урмын үг сонссон хэн ч болов цаашид ажлаа хийх урам зориг аван, илүү сайн хийдэг шүү дээ.

2. Тоглоомын заавар, дүрмийг соль. Жишээлбэл,

  • Утасны дуудлаганд хэрхэн хариулахыг
  • Хаалга цохиход юу гэж хэлэхийг
  • Яаж “үгүй” гэж хэлэхийг
  • Сургууль руугаа явах хамгийн аюулгүй замыг олох
  • Танихгүй хэн араас дагах үед хаашаа хэрхэн явж, зугтаахыг
  • Гудамжинд явж буй эдгээр хүмүүсээс хэн нь чамд хамгийн сэжигтэй санагдаж, сайхан сэтгэгдэл төрүүлж байна вэ?

Дээрх туршилтыг эхлээд эцэг эхчүүд өөрсдөө хариулан биеэрээ үзүүлээрэй. Дараа нь хүүхдээрээ давтуулан хийлгэж үзээрэй.

3. Гадуур явахдаа түгшүүрийн дохиог шалгах

Гадуур гарахдаа аливаа барилга, албан газрын цахилгаан шат руу, машины зогсоол зэрэг газар руу орохдоо аюулгүй байдлаа хамгаалах үүднээс түгшүүрийн дохио байгаа эсэхийг шалгах

4. Хаалгаа түгжихээ хэзээ ч бүү март

Ганцхан минут хажуу талын дэлгүүр ороод ирэх байсан ч хаалгаа түлхүүрээр цоожилж гарахаа хэзээ ч бүү мартаарай.

5. Хүүхдэдээ гэрийнхээ хаяг, ээж аавынхаа утасны дугаарыг цээжлүүлж, “speed-dial” товчлуурыг хэрхэн ажиллуулахыг зааж өгөөрэй

Гэр болон сургуулийн ойр орчмынхоо гудамжны харагдах байдал, нэр, ойролцоох дэлгүүр супермаркет, барилга байгууламжийн нэршлийг тогтооход нь туслаарай.

6. Итгэж болох том хүн хэн бэ?

Бид хүүхдүүддээ таньж мэдэхгүй гадны хүн тэдэнд хүрч, үнсэж анхаарал тавьж болохгүй гэж сургадаг. “Хүн бүр зөвхөн дотны хүн нь нэвтэрч болох хувийн орон зайтай-Тэр нь чиний гэр бүл юм”

7. Бид төвөгтэй асуудлуудын тухай ярилцдаг уу?

Ихэнхи эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хүүхдийн хулгай, залилан, хууран мэхлэлт зэргийн тухай ярьдаггүй. Тохиолдож болох бэлгийн хүчирхийллийн тухай бол бүр дурсаад ч хэрэггүй. Гэхдээ эдгээрийн тухай ярьдаггүй нь алдаа юм. Бид хүүхдүүдтэйгээ хэдий чинээ энгийн, шударга ярилцана, төдий чинээ хүүхдүүд өөртөө итгэлтэй болдог юм шүү.

8. Найз нь бай

Хүүхэдтэйгээ нийтийн тээврийн хэрэгслээр аялж, хамтдаа алхаж, найзууд шиг уулзаад үзээрэй. Эцэг эхчүүд бидний хувьд хүндхэн алхам байж болох ч хүүхдүүдийн хувьд бие дааж, өөртөө итгэлтэй болж, үүрэг хариуцлагаа ухамсарлахад ихээхэн ач холбогдолтой зүйл юм.

9. Сул талаа харуулах

Эцэг эхчүүд бид хүүхэдтэйгээ найзууд байх хэрэгтэй. Найзууд бие биедээ зөвхөн сайн талыг нь хэлдэггүй шүү дээ. Найзууд бие биедээ алдаа дутагдал, бүтэлгүйтэл, ялагдлынхаа тухай ч хуваалцдаг. Хүүхдүүд том хүмүүс алдаа гаргачихаад яагаад уучлалт гуйдаггүй хэрнээ, зөвхөн хүүхдүүдийг буруушаадаг юм бэ хэмээн гомдоллодог. Хүүхдүүд ч эцэг эхийнхээ хүчтэй болон сул дорой байдлыг анзааран мэдэж байдаг ажээ. Тиймээс хүүхэдтэйгээ нөхөрсөг байж, найз шиг нь харьцан, энгийн байхыг хичээгээрэй.

10. Тохиролцоондоо үнэнч бай

Хүүхдээ оройтож ирснийх нь төлөө бүү загнаж зэмлэ. Оронд нь дүрэм тогтоо:

Хэрвээ чи ярьсандаа байж чадвал тэр чинээгээрээ хүссэнээ л хүртэх эрхтэй. Харин ярилцан тохиролцсоноо зөрчвөл зохих үүрэг хариуцлагаа хүлээх ёстой гэсэн дүрэмд сурга. Ингэснээр хүүхэд хэлсэндээ хүрэх, хариуцлагаа хүлээхэд сурна. Ингэхийн тулд эхлээд эцэг эхчүүд бид өөрсдөө үлгэр дууриалал үзүүлж, амлалтандаа хүрч чаддаг байх ёстой юм шүү. Хүүхэд эцэг эхийнхээ тусгал нь билээ.

Хүндэт эцэг эхчүүд ээ, та бид үр хүүхдээ хэзээ ч бүрэн дүүрэн 100% аюулгүй байлгах боломжгүй билээ. Бид үргэлж тэдэнтэй хаа явсан газар нь хамтдаа байж чадахгүй шүү дээ. Тиймээс хамгийн чухал нь хүүхдэдээ хэзээ ямар үед юу хийх хэрэгтэйг нь, аюулаас сэргийлэхийн тулд хэрхэх тухай зааж сургах нь юу юунаас илүү чухал юм.

Сэтгэлзүйч Leah Ball “Stop threat. Safe kids”, “If you notice a suspicious person: a fatal mistake parents” номноос түүвэрлэн хүргэв

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)