Тэмээн хяруул, одос үхэр, арслан заантай Хойд цэнхэрийн агуй

Аялал жуулчлалын улирал эхэллээ. Гадаад дотоодын жуулчид Монгол орны түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөж байгаа нь дамжиггүй. Хөтөч нар тэдэнд юу гэж зөвлөдөг вэ. Мэдээж Монголын есөн гайхамшгийг үзэхийг санал болгодог. Учир нь Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын есөн гайхамшгийг 2010 онд тодруулсан билээ. Энэ бол Монголд хүн бүр үзэж, мэдэх ёстой гайхамшигт уул ус, газар нутгууд юм. Монголын ард түмний түүх, соёл, урлагийн үнэт зүйлс болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутгийг олон түмэнд танилцуулах, хамгаалах, өсвөр үеийнхний мэдлэгийг дээшлүүлэх, эх орноо гадаадад сурталчлах зорилготой энэхүү шалгаруулалтад нийт 113 материал ирсний 37 нь байгалийн, 76 нь хүний гараар бүтээсэн бүтээл байжээ. Эдгээрээс олон нийт болон эрдэмтэд, судлаачдын саналд үндэслэн тодруулсан есөн гайхамшиг нь 

1.Монголын говь, 
2.Хойд Цэнхэрийн агуй 
3.Орхоны хөндийн байгаль, түүх соёлын дурсгалт цогцолбор 
4.Ноён уулын Хүннүгийн булш 
5.Эрдэнэзуу хийд, Занабазарын шилдэг бүтээлүүд 
6.Хөвсгөл нуур 
7.XIII зуун цогцолбор, Чингис хааны морьт хөшөө, “Алтан ташуур” цогцолбор
8.Увс нуур 
9.Бурхан Халдун уул болон Чингис хааны түүхэн дурсгалт газар нутгууд юм. Энэ удаа бид Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Хойд цэнхэрийн агуйг танилцуулж байна. Энэхүү агуй Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим  км-ийн зайд оршдог. Уг агуйд 40 мянган жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий. Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байна. Хойд цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхгүйгээр хадгалан бидний үед хүргэжээ. Тус агуйд янз бүрийн амьтдын зургийг улаан зосоор зурсан дөрвөн хунх бий. Нэгдүгээр хунхад 20 гаруй канна гөрөөс, могой тэргүүтнийг зурж үлдээсэн нь нэн сонирхолтой ховор дурсгал юм. Харин хоёрдугаар хунх нь агуйн хамгийн том хунх бөгөөд хамгийн ур хийц сайтай гоёмсог зургуудыг агуулдаг. Энэ хунхад арслан заан, тэмээн хяруул, аргаль, цацагт хяруул, цэн тогоруу зэрэг амьтдыг дээр дээрээс нь давхарлан гоёмсог байдлаар зуржээ. Гуравдугаар хунх руу хоёрдугаар хунхаар дамжин очдог. Энд зэрлэг тэмээг нэлээн том хэмжээгээр чөлөөтэй дүрсэлсэн байхаас гадна  янгир, нисэж яваа шувууг дүрсэлсэн байна. Дөрөвдүгээр хунх шувуу, гацуур мод, харайж буй гөрөөс зэргийг зурсан байдаг. Энэхүү Хойд цэнхэрийн агуй өнөөг хүртэл судлаачдын анхаарлыг татсан хэвээр байгаа юм. Байгалийн галерей, хадны зургийн үзэсгэлэн болсон энэхүү агуйг та заавал зорьж очиж үзээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ