Хятадын хил дээрх бөглүү тосгон Эрээнийг хэдхэн жилийн дотор хөгжиж цэцэглэсэн хот болгосон монголчууд маань одоо Оросын Улан-Үдэ хотыг түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар болгожээ. Сэтгүүлч миний бие Улаан-Үдэ хотыг зорих монгол наймаачдын үнэн төрхийг сурвалжлахаар очлоо.
ОХУ руу монголчууд визгүй зорчиж эхэлснээс хойш ялангуяа тэндхийг зорих монголчуудын цуваа урт жим үүсгээд хэдийнэ хоёр жил болжээ.
Сэлэнгэчүүд нийслэлээс зорин очсон иргэдийг 60,000 төгрөгөөр өөрийн улсын /аймгийн/ дугаартай суудлын машинаар хилээр нэвтрүүлэн Улан-Үдэ хотноо “аялуулан” буцаж Монголын хилээр оруулах бүхий л ажлын хөлс үүндээ багтаадаг бөгөөд энэ нь нэг өдрийн төлбөр юм. Тэд нэг гараанд 3-4 хүнийг авдаг бөгөөд тэдгээр хүмүүсийг Улаан-Үдэ хотод хүссэн газар бүрийн дэлгүүр, зах, хоолны газраар үйлчлүүлэхэд нь тусладаг байна.
Үүрийн 5 цагт Алтанбулагийн хил дээр очихнээ 9 машин очер хүлээн зогссон байлаа. Хилээр нэвтрэхэд хоёр жим үүсгэсэн байх агаад тэр нь Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын дугаартай машинд зориулагдах ажээ. Тэнд жинхэнэ жалга довны үзэл дээд цэгтээ хүрч, чиний минийгээ дуудалцсаар хоорондоо эр, эм хамаагүй нударга зөрүүлэх нь энүүхэнд. Уг нь Сэлэнгэ аймгийн Засаг даргаас ийн жим үүсгэж, хоорондоо “найрсаг” байлгах удирдамж маягийн зүйл гаргасан гэж жолооч эмэгтэй н.Ганцэцэг хэлж байсан ч тухайн үед энэ маргааныг шийдвэрлэх хүн зорчигчдоос өөр байхгүй байв. Машины дугаарын алаанд дийлэнх нь хүүхнүүд байв. Зарим нь бүр 8 сартай хүүхдээ дагуулаад амьдралын төлөө ажрахгүй “байлдаж” байна. Хаа газар л хүүхнүүд наймаанд азаа үздэгээс хойш Замын-Үүдийн хилээр ч ийм байдаг билээ. Очер дугаар авсан хүн түүнийгээ 10,000 төгрөгөөр зардаг байна. Овсгоотой нэгэн нь бүр тулсан очероо 20,000 төгрөгөөр ч борлуулаад амжина.
Хоёр улсын хооронд ачаалалтай үед өдөртөө 50 орчим машин хилд нэвтэрдэг аж. Харин Алтанбулагийн хилээр гарах иргэдийн дийлэнх нь наймаачид. Тэд долоо хоногтоо 2-3 удаа эргэлт хийдэг гэсэн нь нэг талаараа оросын бараанд монголчууд хэзээнээсээ дуртай, нөгөөтэйгүүр урд хөршийн маань чанаргүй бараа халагдах цаг ойртож эхэлсний шинж биз. Улаанбаатар хотод бизнес эрхэлж буй Эрдэнэтуяа хэмээх хижээл насны эмэгтэй хойд зүгийн наймаа эрхлээд удаагүй ч одоо овоо гадарладаг болсон гэж байлаа. Тэрээр ойр ойрхон 500,000-700,000 мянган төгрөгт “эргэлддэг” гэдгээ ч нуусангүй. Харин их айдаг гэлээ. Үүний учир нь, саяхан болсон ченж залуугийн үхлээс хамаатай аж.
Сүүлийн үед монгол дугаартай машиныг орос машинууд тайван явуулахаа байжээ. “Estana” маркийн автомашины жолооч н.Хонгор “Сүүлийн үед харьцангуй тайван байдаг ч заримдаа “орос агаа” нарын машин араас дагах, дохих зэргээр тайван зорчиход хүндрэл учруулах тохиолдол байдаг” хэмээн үүнийг батлав. Улаанбаатарын дугаартай машины зорчигчид шөнөөр Улан-Үдэ хотыг зорих замдаа майхан барьж хоноглож байгаад буриадуудад дээрэмдүүлэн өмссөн хувцастайгаа хоцорсон тухай ч тэндхийн наймаачид ярьж байв. Бүр Эрхүү хотын зүгт явж байхад нь оросууд хоорондоо гал нээлцэж, олон хүний аминд хүрсэн хэргээс эхлээд Орост санаандгүй харах явдлууд их бий хэмээн жолооч нар сануулж байлаа.
Хүний газар үгээ мэд гэдэг. Оросын хилээр ч тэр, Улан-Үдэ хотод ч тэр үйлдэл бүхнээ хянахгүй л бол тэд тийм ч найрсаг биш. Оросын хилээр нэвтэрсний дараа наймаачдыг хамгийн их шантаажилдаг хүмүүс Сэлэнгийн жолооч нар. Тэд тийм амар хүмүүс биш. Бараа товарын хэмжээ ихдэх, хэт удаан дэлгүүр хэсэх зэргийг бол андахгүй мэднэ шүү дээ. Хоноод гарвал буудлын мөнгө нь ч бидний халааснаас гарна. Энд нэгэн бизнес өрнөдөг бөгөөд сэлэнгэчүүдийн энэхүү сүлжээ бизнес нь нийслэл хот руу явах суудлын машинаар үргэлжилдэг. Суудлын автомашин 35000-45000 төгрөгийн хооронд ханштай байх бөгөөд уг машинд суулгахын тулд зорчигч нарыг оройн 18:30 цагийн галт тэрэг, 08:00 цагийн автобуснаас хоцроодог байна. Ингээд хилээр “амжилттай” гарч ирсэн зорчигч маань суудлын тэрэгнээс өөр сонголтгүй болсон нь дамжиггүй. Тэд үнэхээр сэргэлэн.
Бидний хэдэн нөхөд 12 цагийн орчимд очер дарааллаараа орлоо. Тэр нутгийн байгаль зуны ногооноор хэдийнэ өнгөө засчээ. Бидний машинд анх удаагаа Улаан-Үдийг зорин яваа бүсгүй байсан юм. Юу авахаа мэдэхгүй хүн бүрээс ашигтай наймааг асуух тэрээр үнэхээр туршлагагүй басхүү зоригтой нэгэн мэт санагдав. Гагцхүү тэр тамын наймаанд томортлоо баяжихаас өөр хүсэлгүй мэт элдвийг хаман ярьж байлаа. Гэвч бизнес болгон нууцтайгаас хойш түүнийг асран хамгаалах хүн бараг байсангүй. Яагаад гэвэл монголчууд хүний газар хүний л зан гаргадгаас хойш. Сэтгүүлч миний бие энэ улсын энэ хотыг зорих гэж буй хүмүүст зориулан Улаан-Үүд хотноо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвүүдийг танилцуулъя.
“Абсолют” сүлжээ их дэлгүүр, “Сефтафор” “Титан” “Рынок” /зах/ зэрэг зах, худалдааны төвүүдэд ижил бүтээгдэхүүнүүд нь харилцан адилгүй үнэтэй.
Дээр үеийн “валентиний үлдэгдлээ” зарахгүй харамладаг сэтгэхүй одоо ч хэвээрээ. Хотын оршин суугчид монголчуудыг аль нэг дэлгүүрээс их хэмжээний барааны худалдан авалтанд дургүйлхэж, нийтээрээ уурлан үйлчлэхгүй байх энүүхэнд. Үнэхээр эх оронч үзэл үү эсвэл дээрэнгүй суртал уу? “Абсолют” сүлжээ их дэлгүүрээс 50 орчим насны манайхны нэг ах хайрцаг шилэн тирко авч байх юм. Үүнийг харсан тосгоны иргэд нийтээрээ буцлаад ирэв. Азаар тэр эрэгтэй орос хэлээр нэвтэрхий ярьдаг басхүү чамгүй мэдлэгийнхээ ачаар тас загнаад өнгөрсөн. Их сургуулийн багшаар улсдаа 25 жил ажиллаж буй тэрээр өнөөгийн эдийн засгийн хямралд цалингийн хажуугаар нэмэлт орлого олохын төлөө хоёр улсын хилээр эхнэртэйгээ ажлын ачааллаас шалтгаалан 14 хоногт нэг удаа л явдаг байна.
монгол залуус сантехникийн боолт, эрэг шургийг “нуулгүй” оруулж байгаад бүгдийг хураалгасан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард болсон байна. Хэрэв гаалиар асуудалгүй нэвтэрсэн бол 100 айлын бизнесийн түншүүддээ нийлүүлэхэд 6 саяын ашигтай байснаа хэлж байжээ. Гаалийнхны зүгээс болон Сэлэнгийн мэргэжлийн хяналтын газраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хууль бусаар их хэмжээний бараа таваар оруулахгүй байхыг удаа дараа сануулж байгаа юм.
Улаан-Үдэ хот бол Оросын буйдхан тосгон. Эндхийн үйлдвэрийн барааны илүүдлийг монголчууд бөөндөн авч буй уг тосгоны хэтийн хөгжилд үнэхээр бодитой хувь нэмэр оруулж байгаа. Гэвч үүнийг тосгоны ард түмэн ойлгох цаг болоогүй байгааг наймаачид маань хэлж байлаа. Кассан дээр суух орос, буриад худалдагч харцаараа дургүйлэхснээ илэрхийлэн бүр загнаж, уурлан барин манайхны хэдэн өндөг, сүүг “бичиж” өгөхөөс авахуулаад энд харилцааны ёс зүйн хүнд суртал бол үнэхээр доголдолтой.
Харин нэг авууштай зүйл бол дэлгүүрүүд 21-22 цагт хааж, бүтэнсайн өдөр аниргүй амарна. Үүнийг мэдэхгүй хүмүүс бүтэнсайнд андууран ирдэг байна. Улан-Үдэ хотоос худалдаа хийж болно. Харин хилээр нууцаар нэвтрүүлэх нь жолоочийн овсгооноос их шалтгаалдаг байна. Учир нь, нэг төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг зорчигч олноор нь авч нэвтрэхийг тас хориглодог. Тиймээс тэд бараагаа нуудаг. Үүнийг оросын ч, Монголын ч гааль мэддэг. Энэхүү амьдрал ойлгосон нөгөө талаараа хууль зөрчсөн үйлдлүүд одоо хэрэгжиж байгаа. Оросын хилээр хар тамхи, бурхан зэрэг аюултай онц ноцтой зүйлүүд нэвтрэхгүй л бол бусад зүйлд их “зөөлөн” ханддаг. Оросын эдийн засагт тэр дундаа хилийн боомт хотод нь хөрөнгө оруулж байна шүү дээ. Саяхан оросын хилээр монгол руу нэвтэрч байсан буриад залуус их хэмжээний хар тамхины төрлийн ургамлыг нэвтрүүлэхээр завдсанаас үүдэн оросын хил чангарч эхэлжээ.
Мөн монгол залуус сантехникийн боолт, эрэг шургийг “нуулгүй” оруулж байгаад бүгдийг хураалгасан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард болсон байна. Хэрэв гаалиар асуудалгүй нэвтэрсэн бол 100 айлын бизнесийн түншүүддээ нийлүүлэхэд 6 саяын ашигтай байснаа хэлж байжээ. Гаалийнхны зүгээс болон Сэлэнгийн мэргэжлийн хяналтын газраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хууль бусаар их хэмжээний бараа таваар оруулахгүй байхыг удаа дараа сануулж байгаа юм.
Гэвч иргэд наймааны ашгаа бодон төдийлөн журмаа мөрдөхгүй байгаа нь энэ сурвалжлаганаас харагдлаа. Тэд авсан бүтээгдэхүүнээ хээр аваачиж савлан нуудаг байна. Наймаачдын ихэнх нь хүнсний бүтээгдэхүүн авдаг. Хэдийгээр хугацаа дууссан, чанаргүй амттан, хүнс ширхэг ч байхгүй ч их хэмжээгээр хилээр нэвтрүүлбэл багагүй татвар төлнө. Оросын хилээс санаа зовдоггүй эдгээр наймаачин маань монголын хилээр гарахдаа бүгд л маань мэгзэм ам амандаа уншина.
Сүсэг бишрэлээ орхигдуулаагүй авгайчууд маань замын голд машинаа зогсоож, цүнхнээсээ савласан сүү гаргаж хангай дэлхийд юу ч юм даатган өргөж байлаа. Зарим нь бүр бараа руугаа ариулсан будаа, арц цацаж, эгээтэй л завилаад суучихсангүй. Амьдралаа даатгаж яваа энэ “аялал” тэдний хувьд үнэхээр адармаатай байгаа нь харагдаж байв.
Монголын хилээр орно гэдэг чинь алаан байхгүй юу. Зарим нэг байцаагч нь шалгахгүйгээр зорчигч бүрээс 10,000 төгрөг авдаг байна. Нөгөө хэсэг нь нэг нэгэнгүй шалгаж нэвтрүүлдэг. Жолооч нар бие биендээ “Өнөөдөр нөгөөх чинь гарч байна, баларсаан” гэхийг бодоход их л ярвигтай байх шиг байв. Байцаагч нарыг ямар нэг хоч өгөн “кодлож” ярих нь тэдний дунд бас л бизнес өрнөдгийг хэлээд л өглөө. Бидний үйлчлүүлсэн жолооч маань торгуулийн төлбөргүй нэвтрүүлсэн нь аргагүй л тэрүүхэндээ алдаршсан жолооч байсныг батлаад өгөх шиг л боллоо.
Хилийн наана цаана өрнөх энэхүү сурвалжлага маань Хархорин захын үүднээ өндөрлөсөн юм. Тэд зогсох талбайдаа зохих түрээсээ төлдгөөс гадна шууд худалдан авалтанд орчны хувьд зохимжгүй байсан ч боломжийн зарагддаг гэж байлаа. Амрах завгүй тэдгээр наймаачид маань хүнсээ дэлгүүртээ, машины тээшиндээ эсвэл албан байгууллагын үүдээр борлуулахаар зам салан үлдэцгээлээ.
Г.Золцэцэг