Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2023 оны оны аравдугаар сарын 2-нд ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэрээр 2020 оны аравдугаар сарын 23-нд УИХ-ын гишүүний сэнтийгээсээ татгалзаж, хотын дарга болж байв.

Гурван жилийн хугацаанд хотыг удирдсан түүнд магтаалаасаа илүү шүүмжлэл зэмлэл олон ирж байлаа. Бүхнийг “даагаад” тэсээд гарсан ч түүний ажлаасаа халагдах өргөдөл нь дуулиант “Ногоон автобус”-ны хэрэг байлаа.

МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл 2023 оны аравдугаар сарын 4-нд хуралдаж, зарим улс төрийн томилгоог хийсэн. Тодруулбал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг, Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайдаар Б.Дэлгэрсайханыг томилохыг УЗ-ийн гишүүд 100 хувь дэмжсэн юм.

Х.Нямбаатар: Засгийн газрын тэргүүний шийдвэр учир хүндэтгэнэ

Хотын даргад нь нэр нь дэмжигдсэн Х.Нямбаатар энэ өдөр уг асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийсэн. Тэрээр  “Нэгэнт улс төрийн шийдвэр гарсан. Би эрсдэлтэй алхам гэж гоншигоносон яриа гаргахгүй. Одоо НИТХ-ээс шийдвэр гараагүй, Ерөнхий сайдын захирамж гараагүй байгаа учир Нийслэлийн бүтцийг өөрчилнө гэж ярих нь зохимжгүй. Гэхдээ шийдвэр гарсан тохиолдолд нийслэлийн бүтэц дээр ажлын байрны зураг авалт хийх зайлшгүй шаардлагатай. Үүний үр дүнгээс хамаарч шаардлагатай бол өөрчлөлт оруулна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас маш олон үүрэг, даалгавар авсан. Нэгдүгээрт, нийслэлд очиж таван Ш ажиллагааг эрчимжүүлэх, газар олголттой холбоотой асуудлыг цахимжуулах зэрэг олон даалгавар өгсөн. Нийслэлийн хувьд, маш олон асуудалтай их айл. Түгжрэл хамгийн дээд цэгтээ хүрсэн байна. Ямар нэг импортын автомашины хязгаарлалт огт хийгдэхгүй байна. Сая нэг амиар олон автобус шинэчлэх гэсэн бодлого уначихлаа. Энэ харилцааг эцэслэх, ил тод нээлттэй сонгон шалгаруулалт яаралтай зохион байгуулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд анхаарах шаардлагатай байгаа. Шулуухан хэлэхэд, миний болоод Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд ч тэр, ажилд бид томилогдоно гэх санаачилга гаргаагүй. Энэ цэвэр Засгийн газрын тэргүүний шийдвэр учир хүндэтгэнэ. Өөр хувилбар байхгүй гэдэг зүйл хэлсэн. Томилогдсон тохиолдолд, би алсдаа хэрэгтэй давс мэт гашуун шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй гэж бодож байгаа" хэмээн мэдэгдэв.

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд Х.Нямбаатарт даалгах нь зүйтэй гэж үзлээ

Харин үүний дараагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганд үг хэлж, шинээр томилогдож буй сайд нараа танилцуулахдаа “Улсын Их Хурал, Засгийн газар үндэсний хэмжээний асуудалд төвлөрч, сүүлийн 30 жил нийслэлийн асуудлыг зөнд нь орхисноос нийслэл хот маань өнөөдөр авлигын бэлгэ тэмдэг болсон цементэн ширэнгэ болон хувирчээ.  Хот төлөвлөлтгүй олгосон газрын наймаа, тэндээс баяжиж хөрөнгөжсөн улс төрийн бүлэглэл, зөвшөөрлөө аваад байшин барих биш, барилгаа бариад зөвшөөрлөө гаргуулдаг авлигын соёлыг хэзээ болтол бид мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөх вэ? Улсын Их Хурал, Засгийн газраар баталсан хууль, стандарт, дүрэм яагаад 30 жил огт хэрэгжсэнгүй вэ? Байгалийн тусгай хамгаалалттай газарт сүндэрлэн боссон тансаг хотхонуудыг бид хэзээ болтол жуулчны отог гэж итгэсээр амьдрах вэ? Нийтийн тээвэрт монопол тогтоосон гурван компанийн чөтгөрийн тойрогт хэзээ хүртэл хотынхон хорлогдож, ашигтай шугамны наймааны төлөө иргэдийн эрх зөрчигдсөөр байх вэ? Нэгдсэн эмнэлгийнхээ нүүрийг хааж барьсан эмнэлгийн захирлуудын хувийн эмнэлэг, сургуулийн талбайг хүртэл хэсэгчилж зарсан үе үеийн дүүргийн удирдлагууд, төрийн байгууллагуудын газрыг тасдаж аваад хувийн хороолол босгон, ичих ч нүүргүйгээр өөрсдөө амьдарч буй хотын дарга нартай хэзээ хүртэл эвлэрч амьдрах вэ? Үерийн далан дээр бярдаж босгосон хууль сахиулахын хуучин дарга нарын авлигын хороололд олон нийтийн шаардлага хэзээ үйлчлэх вэ? Юутай ч нийслэл дангаараа хүчин мөхөсдсөөр ирснийг өнгөрсөн 30 жилийн түүх нотоллоо. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын нийслэлийн маань асуудал улсын тулгамдсан асуудал болж хувирчээ. Том авлигын асуудлыг цэгцлэхэд нэгдмэл хүчээр ажилласан шиг их хотын идээ бээрийг шахаж, ирээдүйг нь тодорхойлж өгөхөд Улсын Их Хурал, Засгийн газар иргэдтэйгээ хамт байж хэсэг хугацаанд шууд оролцоогоо нэмэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байна. Төрийн үйлчилгээний 70 гаруй хувь, төрийн мэдээллийн 11-11 төвд ирж буй гомдлын 80 орчим хувь нь зөвхөн нийслэлтэй холбоотой байна. Нийслэлийн асуудал шийдэгдвэл Улсын Их Хурал, Засгийн газрын ачаалал 70-80 хувиар хөнгөрнө гэсэн үг юм. Нийслэл есөн дүүргийнхээ тогтолцоогоор цаашид иргэддээ хүрч үйлчилж чадах уу? Бид үүнд хариулт өгөх цаг болжээ. Хороодын дарга, хэсгийн ахлагчид аймгаас том хороодыг хэрхэн удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх вэ? Бид энэ асуудлыг цаг алдалгүй нарийвчлан шийдвэрлэх шаардлагатай. Гэр хорооллын тэлэлтийг нийслэл, дүүрэгт даатгаад уул уулаараа ухуулсаар байгааг харж шогширсоор л байх уу? Аль эсвэл хотын асуудал надад хамаагүй гэж улс төрийн галаас хойш сууж, аргацааж аргалсаар дахиж 30 жил болох уу? Нийслэлийн асуудлууд шийдэлгүй үргэлжилбэл Монгол Улсын Үндсэн хуулинд тусгагдсан хүний эрх, иргэдийн аюулгүй байдал, амьдралын чанарын үзүүлэлт огт хэрэгжихгүй нь ойлгомжтой. Тийм ч учраас Нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд нь онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн болно. Улсын нийслэлд цогц байдлаар хийх энэхүү авлигын эсрэг ажиллагаа, реформд нэгдэж, Засгийн газрыг дэмжиж ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнээс хүсье.

Хаврын чуулганаар ачаалалтай ажиллаж, авлигын эсрэг эрхзүйн орчин, Үндсэн хуулийн сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хийж чадсан шиг, намрын чуулганаар өмнөхөөсөө ачаалалтай ажиллаж, нийслэл Улаанбаатар хотын урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын бүтэц, зохион байгуулалт, хотын соёлын дүрэм, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр, нутаг дэвсгэрийн нэгж, хот тосгоны эрхзүйн байдал, газрын харилцаа зэрэг асуудлуудыг цогц байдлаар нь шийдвэрлэхэд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал бүрэн дэмжлэг үзүүлж, хичээнгүйлэн оролцож ажиллахыг хүсье. Энэхүү зорилтыг ханган хэрэгжүүлэх үүргийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт Ерөнхий сайдын хувьд даалгах нь зүйтэй гэж үзлээ” гэж мэдэгдсэн.

ИТХ-аас гаргасан саналын дагуу Ерөнхий сайд захирамж гаргаж хотын даргыг томилно

Харин өнөөдөр Ерөнхий сайдын эцсийн шийдвэр хуулийн дагуу баталгаажна. Учир нь Нийслэлийн ИТХ өнөөдөр /2023.10.12/ хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Нийслэлийн ИТХ-аас гаргасан саналыг Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд захирамж гаргаж хотын даргыг томилно.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд:

Ерөнхий сайд Х.Нямбаатарыг томилвол тэр Улаанбаатар хотын 35 дахь дарга болно. Түүнээс өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдох Х.Нямбаатар

Төгссөн сургууль, мэргэжил

1996 онд 48 дугаар дунд сургууль

2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/

2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр

2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр

2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант

2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант.

Ажилласан байдал

2000-2007 онд Орхон их сургуульд багш

2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч

2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх

2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга

2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна.

Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байжээ.

Д.Сумъяабазарын сүүлийн үг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ажлаа өгсөн оройныхоо /2023.10.02/ 20.00 цагаа мэдээлэл хийсэн. Ингэхдээ тэрээр “Би Нийслэлийн Засаг даргын ажлаа авснаас хойшхи гурван жил орчим хугацаанд Улаанбаатар хот эрүүл эрх зүйтэй, эрүүл эдийн засагтай, эрүүл засаглалтай байх ёстой гэсэн бодлогыг бий болгож, гурван суурьт хөтөлбөрийг бий болгохыг зорьж, УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, төрж, өссөн Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө ажиллахыг хичээлээ.

Хотын асуудлыг шийдвэрлэхэд УИХ дахь Монгол ардын намын бүлэг, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, институт хоорондын уялдаа холбоог улам нэгдэн нягтаршуулж, Улаанбаатар хотын асуудлыг шийдэхийн төлөө ажиллана гэдгээ мэдэгдэж байсан. Улаанбаатар хотод өөрчлөлт, реформ, Улаанбаатар хотод тулгамдаж байгаа хөрөнгө мөнгөний дутагдлын эх үүсвэр, Улаанбаатар хотод дутагдаж буй эрх зүйн чадамж, эрүүл засаглалын тогтолцоог бүрдүүлэхийн тулд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн хүч оролцоотойгоор ажиллах боломжийг бүрдүүлсэн. Урьд нь ийм боломж бүрэн дүүрэн байсангүй.

Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар, нийслэлээс сонгогдсон 24 гишүүн, хөдөө орон нутгийн хоёр гишүүн гээд 26 гишүүнтэйгээр Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог УИХ-д анх удаа байгуулж, хотын санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, барилга байгууламжийн стандартыг шинээр бий болгох, Улаанбаатар хотын замын стандартыг цааш нь ахиулан өөрчлөх томоохон зорилт тавьж ажилласан.

Улаанбаатар хотын эрх зүйн шинэчлэлийг хийхгүйгээр Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдлыг өндийлгөж босгож ирнэ гэдэг үнэхээр амаргүй ажил. 1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нэртэйгээр батлагдсан хуулиас хойш 27 жилийн дараа хотын эрх зүйн шинэтгэл хийгдсэн. 27 жилийн турш УИХ болон Засгийн газрын босгыг давж чадаагүй.

Коронавирусийн хүнд хэцүү үе байсан хэдий ч Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж чадсан. Ингэснээр нийслэл хот анх удаа бонд гаргах эрхтэй болж, энэ нь ажил хэрэг болоод явж байна. Хотын тулгамдаж байгаа асуудлыг УИХ-ын түвшинд, хууль, эрх зүй түвшинд шийдэж, Улаанбаатар хотын багц хуулийг Намрын чуулганаар батлуулах нь хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх суурь нь болно. Дараагийн ирэх хотын дарга шамдан оролцоосой.

Эрх зүй, эдийн засгийн чадамжгүйгээр бидний хүсээд байгаа хотыг бий болгох боломжгүй. Дараагийн Хотын дарга энэ чөдөр, тушаанд битгий автаасай. УИХ, Засгийн газрын түвшин дэх бидний ойлголцлыг үргэлжлүүлж яваасай. Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүй байх түүхэн шийдвэр гаргасныг үргэлжлүүлж, хотын иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэх хэрэгтэй. Цаашид Улаанбаатар хотын эрх зүйн чадамжийг сайжруулж, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулах хэрэгтэй” хэмээсэн юм. Түүний сүүлийн үгэнд хамгийн их давтагдсан үг нь эрх зүй, дараагийн хотын даргадаа захисан зүйл нь Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль. Дараагийн хотын даргаар Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг ирнэ гэж тохирсондоо ингэж тодотгосон уу, ямартай ч түүний сүүлийн үгэнд эрх зүй хууль хэмээх үг хэдэнтээ давтагдав.

Мөн тэрээр “Намайг дэмжиж, үргэлж хурцалж, шударга шүүмжилж ирсэн хүн бүрд талархал илэрхийлье. Хот гэдэг бол нэг хүний ажил биш. Надтай мөр зэрэгцэн ажилласан нийт төрийн албан хаагчдадаа, хотын иргэддээ талархаж байна. Өөрийн хүсэлтээр, ёс зүйн хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа огцорч байгаа тул уг шийдвэрийг минь бүү улс төржүүлээрэй. Албан тушаалаас чөлөөлөгдөх шийдвэрт маань улс төрийн нөлөө, дарамт шахалт огт байхгүй. Төрийн ажил, хотын ажил цаашид үргэлжлэх ёстой. Тиймээс ёс зүйгээ баримтлаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна” хэмээсэн билээ.

Ерөнхий сайдын шийдвэр тул ИТХ-аар дэмжигдэх нь гарцаагүй. Харин хэдэн хувийн саналаар дэмжигдэж, Нийслэлийн ИТХ-ийн төлөөлөгчид юуг түүнд даалгаж, түүнээс ямар амлалт авахыг хүлээх л үлдлээ.