Суданы мөргөлдөөнөөр Хартум дахь барилга галд автжээ
Суданы арми болон сөрөг хүчний хоорондох хүчтэй мөргөлдөөний дараа нийслэл хот дахь барилга байгууламж болон Greater Nile газрын тосны компаний цамхаг галд автсан байна. Цамхагийн архитектор Тагред Абдин энэ талаар “Энэ үнэхээр сэтгэл өвтгөж байна” гэж твиттерт нийтэлжээ. Зэвсэгт мөргөлдөөн дөрөвдүгээр сараас эхэлснээс хойш Хартум болон бусад суурин газруудад агаарын дайралт, газрын тулаан үргэлжилсээр байна. Нэг сая гаруй хүн эх орноо орхин дүрвэсэн талаар НҮБ мэдэгдлээ.
Нил мөрний дэргэд орших 18 давхар тэнгэр баганадсан барилга нь Хартум хотын хамгийн нэрд гарсан дурсгалт газруудын нэг юм. Шилэн фасадан барилга юунаас болж шатсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Мөн хүн нас барсан, гэмтсэн гэж мэдээлэл ирээгүй байна.
Суданд өрнөж буй хүчирхийлэл дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн Суданы армийн командлагч болон Шуурхай туслах хүчний эрх мэдлийн тэмцлээс үүдэлтэй билээ. Шуурхай туслах хүчний бүрэлдэхүүн орон даяар байрлаж хөдөлснийг Суданы арми заналхийлэл гэж үзэн олон хоног хурцадмал байдал үүссэн. Мөргөлдөөний явцын талаар дүн шинжилгээ хийдэг Суданы дайны хянах байгууламж “Шуурхай туслах хүчин өнгөрсөн бямба гаригт армийн хяналтад байдаг бүс нутаг, тэр дундаа Хууль зүйн яамны оффисын байр руу довтолсон байна” гэж мэдэгдсэн. Гэрчүүд Франц Пресс мэдээний агентлагт армийн хяналтын бүс рүү хийсэн дайралт ням гараг хүртэл үргэлжилсэн гэж ярилцлага өгсөн.Армийн байгаа болгосон ШТХ-ний баазуудын дэргэд буюу хотын өмнөд дүүрэгт амьдардаг оршин суугчид нүсэр чимээнээс цочиж сэрсэн гэдгээ хэлсэн юм.
Эрүүл мэндийн яамнаас ням гарагт Хартум болон Дарфур бүс дэх бүх төв эмнэлгүүд үйл ажиллагаа явуулахгүй болсныг зарласан. Нийслэлд болж буй мөргөлдөөнөөс 3 км-ийн зайд амьдардаг 44 настай Навал Мохаммед “Гэрийн хаалга, цонх дэлбэрэлтийн улмаас чичирч байсан. Мөн бямба, ням гарагт болсон тулаан нь дайн эхэлснээс хойших хамгийн хүчирхийлэлтэй тэмцэл байсан” гэж хэлсэн. Ардчиллын төлөөх хэсэг хуульчид баасан гарагаас хойш Хартум хотын тулалдаанд хэдэн арван энгийн иргэд амь үрэгдсэн. Мөн хотоос өмнө зүгт 400 км-ийн зайд орших Эль-Обейд хотод тулалдаан болсон гэж мэдээлжээ. Шуурхай туслах хүчин нийслэлийг хяналтдаа авахын тулд тэмцэж байсан бол Суданы армийн агаарын цохилт нь шуурхай туслах хүчний нөхцөл байдлыг сулруулах зорилготой байжээ. Энэ зэвсэгт мөргөлдөөнд 7500 хүн барсан бөгөөд таван сая гаруй иргэд дүрвэсэн.