Бүгдэд хүрэлцээгүй түрээсийн СУРАХ БИЧИГ

Намрын улиралд эцэг эх, сурагч, сургуулийн алба хаагчдын “толгойн өвчин” болдог нэг асуудал нь сурах бичгийн хүрэлцээ байсаар олон жилийг үдэв. Сурагчдад ном хүрэлцдэггүй байдлыг өөрчилж, дээрх асуудлыг хална гэж үе үеийн Засгийн газар, боловсролын салбарын удирдлагууд ам өгдөг ч өнөө хэр нь дээрх асуудал бүрэн шийдэгдэж, бүр цэгцрээгүй л байна.

Уг нь 2019 онд Азийн хөгжлийн банкны найман тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2.6 сая сурах бичиг хэвлэж, түрээсийн сурах бичиг гэх шинэ үйлчилгээ нэвтрүүлэх тухайн яригдаж эхэлсэн. Улмаар 2020 оноос хүүхдүүдэд түрээсийн сурах бичиг тараадаг болов. Ийнхүү хүүхдүүд 12.000-21.000 төгрөг тушаагаад, бүтэн жилийн турш бүх хичээлийнхээ сурах бичгийг түрээсэлж эхэлсэн. Энэ уг нь тун оновчтой шийдвэр.

Харамсалтай нь, түрээсийн сурах бичиг бүх хүүхдэд хүрэлцэхгүй байгаа тул ангийн багш нарт айлын хүүхдүүдийн хэнийг нь алаг үзэх вэ гэж “толгойгоо гашилгах” шинэ үүрэг оногдсон юм.

Түрээсийн сурах бичгийг хэнд олгох вэ?

Ихэнх сургуулийн бүлэг тус бүрд 20-25 багц сурах бичиг олгодог. Гэтэл нэг ангид 30-45 хүүхэд суралцаж байна. Заримд нь 50-иас дээш хүүхэд суралцах тохиолдол ч бий. Тиймээс сурагчдын 50-60 хувь нь сурах бичгээ түрээсэлж, үлдсэн хүүхдүүд худалдаж авах шаардлагатай тулгарч буй. Ангийн багш нар өрхийн орлого, амьжиргааны түвшин зэргийг нь харгалзаж тараах уу, түрээсийн төлбөрөө түрүүлж хийсэнд нь өгөх гэдгийг тооцоолох шаардлага жил бүхэн тулгарч байна. Энэ жилийн тухайд, улсын хэмжээнд 1-12 дугаар ангийн 746 мянган сурагч суралцаж байна. Тэдгээрийн 50-60 хувьд нь л түрээсийн сурах бичиг хүрэлцэнэ.

Энэ талаар 44 дугаар сургуулийн багш О.Шинэцэцэгээс тодруулахад “Нэг ангид дунджаар 30-50 хүүхэд суралцдаг. Хүүхэд бүр сурах бичигтэй болж чаддаггүй. Учир нь боловсролын ерөнхий газраас ЕБС-иудад олгодог сурах бичгийн тоо хязгаартай. Дунджаар нэг ангид 20-25 багц номыг түрээсээр ашиглуулдаг. Гэвч энэ тоонд бүх сурагч хамрагдах боломжгүй. Тиймээс сугалааны гадна үлдсэн сурагчид өөрсдөө номоо худалдаж авахаас өөр аргагүй” гэв.

Харин Иргэн Х.Эрхэм “Манай хүүхэд 53 дугаар сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Хүүхэд маань сугалаанд оролцоод өөрөө сурах бичгээ худалдаж авахаар болсон. Сурах бичиг гадуур их үнэтэй байсан. Математикийн ном гэхэд 20 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн багш нар он зааж явуулдаг. Тэгэхээр олдоц муу байна. Жил болгоны намар олон асуудалтай тулгарч, хүүхдээ сургуульд нь суралцуулж байна” гэв.

Ховор ном

Сурах бичиг авах сугалаа, болзлыг хангаагүй хүүхдүүд хичээл, даалгавраа хийхийн тулд номоо худалдаж авахаас өөр аргагүй. Гэвч худалдаж авъя гээд ч номын олдоц, хүрэлцээ хангалтгүй байгаа аж. Сурагчдын 50 хувь нь түрээсийн сурах бичиг авлаа гэхэд үлдсэн хэсэг нь худалдааны номын эрэлд гарна. Гэвч тэдний 10 хувийн хэрэгцээг ч хангаж дөнгөхгүй байгааг номын худалдаачид хэлж байлаа. Энэ нь жил бүхэн номын бүтэц, агуулгыг өөрчилж, шинээр хэвлэдэгтэй холбоотой аж. 2020 оноос өмнө өмнө хэвлэж, худалдаанд гарсан номыг өнөө жил ашиглах боломжгүй байгаа учир шинээр хэвлэгдсэн номууд худалдаачдад ч олддоггүй аж. Олдсон цөөхнийгөө эрэлтээс шалтгаалаад өндөр үнээр зарж байна. Сурах бичиг хүрэлцээгүй байгаа асуудалд албаныхан дараах байр суурийг илэрхийлж байна.

БЕГ-ын ЕБС-ийн хангамж, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Оюунбат “Энэ жил шинээр хэвлэсэн 1.4 сая ширхэг сурах бичгээ есдүгээр сарын 18-наас сургуулиудад түгээнэ. Энэ жил Боловсролын тухай хуульд өөрчлөлт орж, эцэг, эх нь хүссэн тохиолдолд сурах бичиг худалдахыг зөвшөөрсөн. Тиймээс хүүхдүүдэд сурах бичиг хүрэлцэхгүй байгаа тохиолдолд эцэг, эх нь сурах бичгийг нь худалдаж авч өгөх боломж нээгдсэн” гэв.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Гёте гэх хөгийн сургуулийн номын түрээс 200-300 к гэв үү дээ хаха. Худалдаад авсан нь дээр бишүү. Бүүр нэг улайм цайм дээрэм хаа хаанаа хийж бна.

    1 0 Хариу бичих
  2. Инээдтэй боддоготонгуудыг яаааааалтай юм бэ

    0 0 Хариу бичих