“Чи ганцаараа биш: Бүү өнгөрөө, хүүхэдтэйгээ ярилцаарай!” нөлөөллийн аян нээлтээ хийлээ

Хүүхдийг Ивээх Сан, НҮБ-ын Итгэлцлийн Сангийн хамтарсан санхүүжилттэй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл 2021-2024 оны хооронд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлж байна. 

Тус төслийн хүрээнд “Чи ганцаараа биш” цуврал аяны хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Бүү өнгөрөө, хүүхэдтэйгээ ярилцаарай” сэдэвт нөлөөллийн ажлыг эхлүүлж хийж байна. Төслийн хүрээнд “Чи ганцаараа биш” цуврал нөлөөллийн ажлыг зохион байгуулж, охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдээллийг хүргэж байна. Нөлөөллийн ажлын 1 дүгээр үе шат өсвөр насны охидод чиглэн, 2023 оны 3, 4 дүгээр сард зохион байгуулагдсан. Харин 2 дугаар үе шат болох эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан нөлөөллийн ажил “Бүү өнгөрөө, хүүхэдтэйгээ ярилцаарай” уриан дор 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн марафон гүйлтээр нээлтээ хийлээ. Тус нөлөөллийн ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийг Ивээх Сан зохион байгуулж, хамтран зохион байгуулагчаар Цагдаагийн ерөнхий газар ажиллаж байна. 

Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Түр хамгаалах байрны дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ган-Эрдэнэ, Хүүхдийг Ивээх Сангийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай тэргүүтэй албаны хүмүүс нээж үг хэлнэ. Мөн 200 орчим эцэг эх өсвөр насны хүүхдүүдтэйгээ цуглаж, нэгэн өдрийг хамтдаа, дурсамж дүүрэн дүүрэн өнгөрөөлөө. 

“Чи ганцаараа биш: Бүү өнгөрөө, хүүхэдтэйгээ ярилцаарай!” нөлөөллийн ажлын гол зорилго нь эцэг эх, асран хамгаалагчдад охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн шинж тэмдэг, охидоо хэрхэн хамгаалах, эрсдэлд орсон тохиолдолд мэдээлж, тусламж авах мэдээллийг хүргэх юм. Ингэхдээ охидоо хүчирхийллээс хамгаалах хамгийн зөв арга бол эцэг эхчүүд хүүхдэдээ цэг гаргаж, анзаарч, ярилцах юм гэдгийг онцолж байна. Тиймээс ч нээлтийн марафон бол тэр чигтээ аав ээж нар хүүхдэдээ цаг гаргах, тэдэнтэйгээ хамт дурсамж бүтээхэд чиглэсэн арга хэмжээ юм. Нээлтийн үйл ажиллагааны үеэр марафон гүйлтээс гадна, гэр бүлийн хөгжөөнт тоглоом, тэмцээнүүд болж, зохион байгуулагчдын зүгээс хүүхэд хамгаалал, тэр дундаа охидыг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр оролцогчдод мэдээлэл хүргэж байлаа. 

Тус нөлөөллийн ажил 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сургалт, уулзалт зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаагаар  дамжуулан улс орон даяар хэрэгжих юм.