Өдөрт 1048 автобус үйлчилгээнд явж байна
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 107 чиглэлд 1048 автобус үйлчилгээнд явж байна хэмээн Нийтийн тээврийн газраас мэдэгдлээ.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийтийн тээвэрт 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр парк шинэчлэл хийж байсан. 2022 оны байдлаар нийт тээврийн хэрэгслийн 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрсэн. Монгол Улсын стандартаар 12-оос дээш жил явсан автобусыг ашиглахыг хориглосон байдаг. Гэтэл эдгээр автобусыг 13 дахь жилдээ ашиглаж байсан. Иймээс Засгийн газраас нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгойлон анхаарч, 810 автобусаар парк шинэчлэл хийхээр болж, 2022, 2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимтэй хийж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 60 автобус, 2023 оны нэг, хоёрдугаар сард 224, нийт 284 автобус оруулж ирсэн. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 100 гаруй автобус орж ирээд байгаа” хэмээжээ.