Нүүрсний хэргийн шүүх хурал засварлаж, Эрдэнэтийн уурхайчид ажил хаясан ДОЛОО ХОНОГ
Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэе.
"Нүүрсний" хэргийн шүүх хуралдаанд гацаанд оров
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг мягмар гарагт эхэллээ.
Хэлэлцүүлгийн эхэнд уг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Ганхуяг ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзах хүсэлт өгсөнөөр хурал түр завсарласан юм. Үдээс хойш 15 цагт урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзсан хүсэлтийг шүүгчдийн зөвлөл хүлээж аваагүй болохыг танилцуулахад Б.Ганхуяг дахин хүсэлт гаргаж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нийт шүүгчдээс татгалзлаа.
Түүний хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг тодорхойгүй хугацаагаар завсарлаад байна.
Эрдэнэт үйлдвэрт өрнөсөн нэг өдрийн ажил хаялт
Цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж өнгөрсөн наймдугаар сараас үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцээ хийж буй "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид баасан гаргийн өглөө 07 цагаас эхлэн ажил хаялт зарлалаа. Тус үйлдвэрийн ҮЭ-ийн холбооноос гаргасан мэдэгдэлд нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтад саналын зөрүүтэй байдал үүссэн тул 2023 оны есдүгээр сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаатай ажил хаялт зарлаж буйг мэдэгдсэн юм. Эхний ээлжид Авто тээврийн цехийн уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн уулын ажлын хэсгүүд үйлдвэрлэлээ зогсоогоод байсан. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид цалингаа 50 хувиар нэмэгдүүлж, мөн өөрсдийн хүүхдүүдээ тус үйлдвэрт ажилд авдаг байх гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Удирдлагын зүгээс цалинг дээр дурдсан хэмжээгээр нэмэх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Баасан гаргийн 18 цагт талууд хэлэлцээрийн ширээнд сууж, Хамтын гэрээнд ажилчдын тавьсан шаардлагыг хэрхэн тусгах талаар хэлэлцэж эхэлсэн тул ажил хаялт түр зогслоо.
Тэгш, сондгойгоор хязгаарласан зохицуулалтыг үргэлжлүүлэхгүй
2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын 14-н хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулсан. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэл доторх замд зорчилт хийсэн
Тээврийн хэрэгслийн тоо 29-34 хувиар,
Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо 43-45 хувиар,
Зам тээврийн осол болон саад 5-71.4 хувиар багассан байна.
Тэгвэл иргэдийн зүгээс багагүй шүүмжлэлтэй тулгарсан дээрх зохицуулалтыг үргэлжлүүлэхгүй хэмээн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдэгдлээ. Тэрээр "Хэдийгээр 10 хүнээс асуухад зургаа нь үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа ч удаан хугацаанд үргэлжлүүлэх боломжгүй. Хоёр дугаартай хүмүүс хөдөлгөөнд оролцож байгаа нь үнэн. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил ид явагдаж байна. Ирэх долоо хоногт 100 автобус шинээр орж ирнэ. Түүний дараа 150 автобус ирнэ. Зам, гүүрийн дэд бүтцийн ажил урьд өмнө хийгдэж байгаагүйгээр хийгдэж байгаа. Ойрын хэдэн хоногт Зайсангийн гүүр ашиглалтад орно. Арваннэгдүгээр сард Туулын гүүр ашиглалтад орно" гэлээ.
Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгална
Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Гадаад нөхцөл байдлын улмаас инфляц саарсан ч төсвийн зардлаар өдөөгдсөн эрэлтийн инфляц нэмэгдэхээр байна. Дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх бодлогын шийдвэр гаргаж байсан үеэс муудаж тодорхой бус байдал өндөр хэвээр үргэлжлэхээр байна. Гадаад эдийн засгийн үзүүлэлт энэ онд саарах төдийгүй ирэх онд ч сэргэхээргүй төлөв ажиглагдаж байгаа. Геополитикийн хурцадмал байдлаас үүдэлтэй эдийн засгийн хориг арга хэмжээ болон дэлхийн томоохон банкуудын хэрэгжүүлж байгаа мөнгөний хатуу бодлого гол нөлөөтэй байна. БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт хүлээлтээс бага байгаа нь анхаарал татсан үйл явдал болж байна. Экспорт буурч үл хөдлөх салбарын хүндрэл даамжирсан хэвээр байна.
Өвөлжилт муудаж, хөдөө аж ахуйн салбарын энэ оны төсөөлөл муудаж гарсан байгаа. Инфляц ойрын хоёроос гурван сар 9-10 хувь орчимд тогтвортой байхаар харагдаж байна" хэмээлээ.
Сиднейн театрт морин хуур эгшиглэлээ
Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Австрали Улсын Сидней хотын “Сиднейн дуурийн театр”-т “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа.
Уг тоглолтыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан удирдаачаар удирдуулан толилуулсан байна.
Энэхүү тоглолтод Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, Морин хуурын чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Мөнхбаатарын дуулснаар монгол ардын уртын дуу “Урьхан хонгор салхи”, Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны бүтээл “Сэтгэлийг эгшиг” зэрэг монгол түмний сор болсон бүтээлүүдийг хүргэжээ.