Хөлбөмбөгөөр додомдох улсын нэр сүр

Яг жилийн өмнө нэг дор 81 хүнийг цаазаар аваачсан Саудын Арабт хүний эрх хөсөр хаягдаж буйг олон улсын зүгээс хүчтэй шүүмжилж байлаа. Угсаа залгах хунтайж Мохаммед Бин Салманы шинэчлэлийн ард цусан далай урсаж болзошгүйг уралдан бичиж байсан өрнөдийн хэвлэлүүд одоо жолоогоо татаж гагцхүү Саудын Арабын хөлбөмбөгийн клубууд өндөр зэрэглэлийн тамирчдыг тэрбум дөхсөн доллараар элсүүлсэн тухай л шагшин магтах аж. Хэмжээгүй баян ч газрын тосноос өөр гайхуулах зүйлгүй, дундад эртний бурангуй заншлаа гээлгүй хоцрогдсон хэмээн ад шоо үзэгдэх улсынхаа нэр төрийг их спортоор дамжуулан өргөж, басхүү ард иргэдээ байлдан дагуулах эрх баригчдын чармайлт ийнхүү талаар болсонгүй. Криштиану Роналду, Карим Бензема, Неймар тэргүүтэй супер оддыг урвуулсан Саудын Арабын хөлбөмбөгийн лиг спорт сонирхогчдын хараанд орж ирлээ.

Эдийн засгаа спортоор солонгоруулах нь

2016 онд газрын тосны ханш 30 ам.доллар болж унахад арабчууд нэг салбараас хамааралтай эдийн засагтай байх нь ямар хэцүүг ойлгож авсан билээ. Улмаар газрын тосны хамаарлыг арилгаж, эдийн засгаа солонгоруулахаар салбар бүрт шинэчлэл хийж эхэлсний нэг нь спортын хөрөнгө оруулалт. “Алсын хараа 2030” хэмээн нэрлэгдсэн энэхүү хөтөлбөрийн эхний ээлжид Саудын Арабын төрийн мэдэлд байсан хөлбөмбөгийн багуудыг хувьчилж 6-8 тэрбум ам.доллар босгохоор зорьсон. Төрийн өмчит 14 багийн тодорхой хувийг хувьчилж, төр-хувийн хэвшлийн хэлбэртэй болгосноор алсдаа 12 мянган ажлын байр бий болгоно гэж тооцоолж буй. 2021 онд Саудын Арабын Үндэсний баялгийн сан болох олон нийтийн хөрөнгө оруулалтын сан (PIF) Премьер лигийн “Ньюкасл Юнайтед” багийг 376 сая ам.доллараар худалдаж авлаа. Үүний дараа спортын бусад төрлүүдэд ч хүч үзэхээр зориг шулуудаж LIV хэмээх мэргэжлийн гольфийн лигийг байгуулан дэлхийн оддыг өндөр цалин пүнлүү, үлэмж таатай нөхцөлөөр урвуулж эхлэв. 2021 онд Саудын Арабт анх удаа уралдааны автомашины гранпри тэмцээнийг зохион байгуулсны дараа олон нийтийн хөрөнгө оруулалтын сан “Формула 1” группийн хяналтын багцыг авахын тулд 20 тэрбум ам.долларын санал тавьжээ. Ирэх жилийнхийг оролцуулаад Дакар Ралли тав дахь жилээ Арабын цөлд уралдана. Дэлхийн шилдэг теннисчид Арабын эртний нийслэлд цуглан Дириягийн цомын нэг сая долларын төлөө өрсөлддөг болоод гурван жилийн нүүр үзэж байна. 2020 оноос хойш Испанийн супер цомын төлөөх тэмцээнийг Эр-Рияд хотноо жил дараалан зохион байгуулахад Саудын Араб 120 сая евро төлсөн, боксын хүнд жингийн аваргуудын тулааныг Жидда, Эр-Рияд хотуудад нээлттэй зохион байгуулдаг болсон зэргээр спортоор эдийн засгаа солонгоруулж буй олон жишээг дурдаж болно.

Дэлхийн спортын аялал жуулчлалд жил бүр 600 тэрбум ам.доллар эргэлддэг. Харин Саудын Араб 2030 он гэхэд ДНБ-ий 10 хувийг зөвхөн аялал жуулчлалаас олж жилд 100 сая жуулчдыг татах ойрын зорилготой. Өнгөрсөн долоо хоногт угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман спортоор эдийн засгаа дэмнэх шинэ төлөвлөгөө задалсан нь олон нийтийн баялгийн сан хөлбөмбөгийн Про лигийн Аль-Иттихад, Аль-Насср, Аль-Хилал, Аль-Ахли гэсэн дөрвөн клубыг хяналтдаа авах тухай байв. Спортын клубуудын хөрөнгө оруулалт, хувьчлалын төслийн хүрээнд үндэсний баялгийн сан эдгээр дөрвөн багийн 75 хувийг эзэмшиж, үлдсэн 25 хувийг төрийн бус байгууллага хянана. Энэ бол Хойд Америкаас гадна хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй алхам бөгөөд дөрвөн шилдэг багийг нэг байгууллага эзэмшинэ гэсэн үг. Про лигийн өөр дөрвөн клуб бусад компаниудын хөрөнгө оруулалтаар өмчлөлийн бүтэц нь өөрчлөгдөнө. Тухайлбал, газрын тосны аварга “Арамко” компани Аль-Кадсия багийг эзэмших бол  улсын баруун хойд хэсэгт шинээр сүндэрлүүлж буй бүрэн цахимжсан “ухаалаг” хот Неомын мэдэлд Аль-Сукур баг очих ажээ.

Түүнчлэн арилжааны орлого болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хослуулах замаар Саудын Арабын Про лигийг дэлхийн шилдэг 10 лигийн нэг болгох, зах зээлийн үнийг нь гурав дахин өсгөж 2.1 тэрбум долларт хүргэх зорилгын хүрээнд угсаа залгамжлагч ирэх жилүүдэд 20 тэрбум долларыг зөвхөн супер тоглогчдыг эх орондоо авчрахад зарцуулахаа мэдэгдсэн юм.

Татгалзах аргагүй санал

Хөлбөмбөгийн ертөнцөд туйлын бүдэг байсан Саудын Араб 2018 оны зун солилцоо наймаанд 162 сая евро зарцуулж, дэлхийд зургаадугаарт бичигдэн тодорч ирсэн.

Португалийн супер од Криштиану Роналду өнгөрсөн арванхоёрдугаар сард жилийн 200 сая еврогийн цалинтайгаар Аль-Нассрт нэгдсэн бол энэ сард Карим Бензема, Н'Голо Канте нар Реал Мадрид, Челси багийг орхин Аль-Иттихад клубт ирлээ. Бензема л гэхэд 2025 он хүртэл Про лигт тоглож улирал бүр 100 сая еврогийн цалин авахаас гадна 2030 онд ДАШТ зохион байгуулахаар өрсөлдөж буй Саудын Арабын тусгай элчээр ажиллах хөлс нь жилийн 20 сая доллараар хэмжигдэж буй.

Барселонатай учраа ололцож дөнгөөгүй Лионель Мессид арабууд жилийн 400 саяын санал тавьсан ч аргентин довтлогч Интер Майамиг сонгож Хойд Америкийг зорьсон билээ. Мессиг элсүүлж чадаагүй Аль-Хилал клуб тэр даруй Неймартай хоёр жилийн хугацаатай 300 сая долларын гэрээ байгуулж дөнгөсөн. Мөн тус клуб Челсигийн 97 сая фунтын үнэтэй бельги довтлогч Лукакуд хоёр жилийн хугацаатай жилийн 50 сая еврогоор тоглох санал тавилаа. Энэ мэтчилэн Про лиг эхлэхээс өмнө хөлбөмбөгийн олон одод Эр-Риядад чууллаа.

Нөгөөтэйгүүр Саудын Арабын хүн амын 70 хувь нь 35-аас доош насныхан зонхилж буй үед залуу үеийн дэмжлэгийг авахад эрх баригчид барууны соёл, спортын нөлөөг хүлцэн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Криштиану Роналду Арабт ирсэн эхний улиралд гэхэд хөлбөмбөг үзэгчдийн тоо өнгөрсөн жилээс 150 хувиар өссөнөөс харахад Арабын спортын ирээдүй дэлхийтэй хөл нийлүүлэхийг хүсэж байна.

Хятадын алдааг давтахгүй

Про лигийн орлого одоогоор 120 сая доллар бол  2030 он гэхэд 480 сая доллар хүртэл өснө гэж таамагладаг. Мөн энэ хугацаанд лигийн үнэ цэн 800 сая доллараас 2.14 тэрбум доллар болж нэмэгдэх аж. Хөлбөмбөг шинэ тутам хөгжиж буй орны хувьд ийм хэмжээний дэвшилд хүрэх нь мэдээж амаргүй. Европын ихэнх клубууд 100 гаруй жилийн тэртээгээс органик байдлаар хөгжиж ирсэн. Ази тивд гэхэд л Өмнөд Солонгос 1983 онд тивийн хэмжээнд анхны мэргэжлийн лигийг эхлүүлсэн. Засгийн газар шууд болон шууд бус байдлаар тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг Япон, Тайландын лигүүд чамгүй амжилттай. Харин спортын арилжааны болон хувьчлалын талаар туршлага дутмаг, клубуудэд нь төрийн оролцоо ихтэй Хятад улс өнгөрсөн 10 жил гадаадын томоохон тоглогч, дасгалжуулагчдад хэдэн зуун сая доллар зарлагадсан ч амжилт ололгүй хөлбөмбөгийн гүрэн болох зорилгоосоо ухарч эхэлснийг спортын тоймчид сануулж буй. 

Арабын ертөнц ДАШТ-ийг анх удаа хүлээн авч “Катар-2022”-ыг амжилттай зохион байгуулсан нь хөлбөмбөгт туйлын хорхойтой ч тив дэлхийн тэмцээн зохион байгуулах туршлагаар ямагт гологддог байсан исламын орнуудад урам зориг нэмсэн. Илүү сайн тоглогчид цуглуулж, илүү тохитой цэнгэлдэх хүрээлэнгүүд бүтээн босгосоор Саудын Араб 2027 онд Азийн аваргыг нутагтаа хүлээн авахад төдийлөн барьц алдахгүй байх.

SKEMA бизнесийн сургуулийн профессор Саймон Чадвикын хэлснээр хаант төрийн засаглал нь хэвээр ч бизнесийн өндөр мэдрэмжтэй, басхүү өрнийн соёлыг нутагшуулахыг хичээж буй нь Арабын давуу тал. Товчхондоо энэ бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас хараат биш, гэхдээ чөлөөт зах зээлийн хөлбөмбөг ч биш. Энэ бол улсынхаа нэр сүрийг өргөх Саудын Арабын загвар билээ.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл