Төвлөрлийг сааруулах түлхэц
Нийт газар нутгийнхаа ердөө 0.03 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хот. Элдэв асуудлыг нь умартан, эндээ суурьших хүсэлтэй 1.6 сая хүн. Үе үехэн тэг зогсолт хийнэ. Өвөл, зундаа утаандаа угаартаж, өмхий үнэрт дарлуулна.
Гэлээ гэхдээ энэ нь асуудал байхаа больж, бүр сүүлдээ дөжирч орхив. Хааяа нэг Төв талбайдаа жагсаал, цуглаан зохион байгуулж, хонож, өнжин эсэргүүцлээ илэрхийлнэ. Энэ нь сүүлдээ утгаа алдаж, урлагийн тоглолт, уухай хадаах үр ашиггүй цуглаан болоод л дуусах жишээний. Тэгээд л мартагддаг. Өөдлөхгүй хэр нь энэ л амьдралдаа бид дасаж, өнөө маргаашаа аргацаасаар...
Төвлөрлийн эсрэг төлөвлөлт
“MMCG” судалгааны байгууллагын үзэж буйгаар нийслэлийн хүн амын нягтрал нь улсын дунджаас 161 дахин их байгаа аж. Анх 600 мянган хүн амьдрахаар төлөвлөсөн энэ хот өнөөдөр гурав дахин их хүн амтай болж, түгжрэл, төвлөрөл нь тулгамдсан асуудал болоод буй. Эл асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газраас хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг төсвийн бодлогоор дэмжихээр төлөвлөсөн. Тодруулбал, энэ оны улсын төсөвт орон нутаг руу шилжин суурьшсан иргэдэд ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох, орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, Улаанбаатар хотоос хүн олноор татсан аймгуудад урамшуулал олгодог болох, цаашлаад шилжин очих иргэдийг малжуулах, газар олгох зэрэг дэмжлэг үзүүлэхээр тусгасан юм. Уг бодлого, хэрэгжилтийн үр дүнг урьдчилж хэлэхэд эртдэх ч ухарсан алхам болохгүй нь тодорхой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Хотын төвлөрөл буурна гэдэг нь дагуул хот болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой. Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байна. Түүнчлэн чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн нийслэлээс орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
Гэхдээ дан ганц төрийн дэмжлэг харахаас илүүтэй иргэд өөрсдөө их хотын амьдралаас дайжиж байна. Ая тухтай, аюулгүй байдлыг илүүд үзсэн тэд ажиллаж, амьдрахад таатай хэмээн хөдөө орон нутгийг зорих болжээ. Дөнгөж их, дээд сургуулиа төгссөн залуусаас эхлээд, дадаж хэвшсэн их хотын амьдралаас алсарч, эгэл амьдрах хүсэлдээ хөтлөгдөн эл шийдвэрт хүрсэн хүмүүс олон. Тэдний нэг бол Архангай аймгийн Төвшрүүлэх сумын оршин суугч М.Энхмаа. Тэрээр 2020 онд МУИС-ийг математикч мэргэжлээр төгсөж, мэргэжлээрээ жил гаруй ажилласны дараа орон нутагт оршин суухаар шийджээ. Эхэндээ түүний шийдвэрийг ажлын хамт олноос нь эхлээд аав, ээж нь хүртэл тийм ч таатай хүлээж аваагүй байна.
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын оршин суугч М.Энхмаа
Эхэндээ ахуй талаасаа нийслэлд ажиллаж амьдрах нь хамаагүй дээр гэж боддог байлаа. Яг үнэндээ эдийн засаг, цалин хөлс гэхээс илүүтэй эрүүл мэнд, сэтгэл санааны байдлаа чухалчлах нь зүйтэй юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Ингээд л Архангай аймгийн Төвшрүүлэх суманд оршин суухаар шийдэж, их хотоо орхисон доо. Мэдээж хэрэг эхэндээ хүн бүр миний эргэлт буцалтгүй шийдсэн энэ шийдвэрийг гайхаж хүлээж авсан. Зарим найз маань хөдөө амьдрахад хүндрэлтэй биш үү гэж хэлж байсан ч удаатай. Гэхдээ эргээд бодоход харин ч би зөв алхам хийжээ гэж хардаг. Бид бүхэн мэднэ дээ. Хотын түгжрэлд ямар их цаг хугацааг дэмий өнгөрөөдөг гэдгийг. Тэгэхээр хамгийн эхний онцолж хэлэх зүйл бол стресстэн барин өнгөрүүлдэг тэр цаг хугацааг одоо би өөртөө, хэрэгтэй зүйлдээ зарцуулах боломжтой болсон. Ажил руугаа 3-5 минутанд алхаад л оччихно. Өдрийн цайны цагаар гэртээ хүрч ирээд хоол, цайгаа идчихнэ. Зарлага ч багатай байдаг. Их хотын стрессээс ангижирч эндээ жаргалтай амьдрах нь надад их таалагдаж байгаа. Орон нутгийн цалинг нийслэлтэй харьцуулахад бага санагдаж болох ч чанарын хувьд ямар ч ялгаагүй. Яагаад гэвэл хотод зарлага өндөртэй учраас олсон хэд нь ахиухан байлаа ч хэрэглээндээ зарцуулаад дуусах жишээний. Харин ч би энд хэд гурван төгрөг хадгалаад байгаа шүү. Нэг үеэ бодоход зам асуудалгүй болсон болохоор хүссэн үедээ хот руу зорчих боломжтой.
Өмнөговь аймгийн Даланзадгад хотын оршин суугч О.Урангоо
Би МУИС-ийг 2022 онд Монгол хэл, уран зохиолын боловсрол мэргэжлээр төгссөн. Төгсөнгүүтээ орон нутагтаа ирж, мэргэжлийнхээ дагуу ажиллаж, амьдарч байна. Миний бодлоор жижиг суурингууд хөгжиж байж л төвлөрөл саарна гэж боддог. Орон нутгийн гол “бордоо” нь иргэд, жинхэнэ шинэ үеийн боловсорсон соёлт залуус юм шүү дээ. Тийм ч учраас өөрийн төрж өссөн нутагтаа ирсэн. Манайхан байгаагаа тордож чадахгүй байж үргэлж илүүг хүсдэг нь түгээмэл. Өөрийн нутгаа хөгжүүлье гэвэл нийслэлд аж төрөхөөс илүүтэй мэдлэг өвөртөлж ирээд эндээ суурьших нь зүйтэй санагддаг.
Эдгээр залуус дан ганц өөрсдийн ая тухтай аж байдлаас илүү орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй явдгаа мөн онцолж байсан юм. Түүнчлэн аймгийн төв, аль эсвэл алс буйдхан сумдыг гэр бүлээрээ зорих хүмүүс ч олон бий.
Архангай аймгийн оршин суугч Б.Саруулбаяр
Би 30 настай, нөхөр хоёр хүүхдийн хамт Архангай аймагт амьдардаг. Одоо хүүхэд, залуучуудын соёл, үйлчилгээний төвд усан бассейн дасгалжуулагч, багшаар ажилладаг. Манай нөхөр анх Архангайд амьдрах санаачилгыг гаргасан. Шулуухан хэлэхэд Улаанбаатарын утаа, стрессээс ангижирхыг хүссэн юм. Түгжрэлд өнгөрөөх цаг заваа гэр бүлдээ зарцуулах боломжтой болсон сайхан санагддаг.
Судалгаанд тулгуурлах гаргалгаа
Дотоодод шилжих хөдөлгөөний судалгааг хамгийн сүүлд 2009 онд хийсэн бөгөөд үүнээс хойш энэ талаар сэдэвчилсэн судалгаа хийгдээгүй аж. Энэ хэрээрээ нарийвчилсан мэдээлэл хомс байна. Үндэсний статистикийн хорооноос 2015 онд хүн амын завсрын тооллого хийж, дотоод шилжих хөдөлгөөний ерөнхий хандлага, урсгалын талаарх мэдээлэл цуглуулсан байна. Гэхдээ шилжилт хөдөлгөөний шалтгаан, хүчин зүйлийн талаар мэдээлэл дутмаг байгаа юм. Орон нутгаас нийслэлийг зорих шилжин суурьшигчдад эдийн засгийн шалтгаанаас эхлээд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах, зах зээл ба хөгжилд ойртох зэрэг шалтгаан голлон нөлөөлдөг нь тодорхой. Гэхдээ энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлыг улам нарийвчилж, үүнд тулгуурлан хөдөлж чадвал дорвитой шийдэл болж чадна. Иргэдийн өөрсдийнх нь оролцоонд тулгуурлаж, Засгийн газрын бодлого зохицуулалтаар дэмнэвэл зөв гаргалгаа болох боломжтой.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл