Засгийн газрын өрийг бууруулах нэг санаа

Монгол Улсын гадаад өр жил ирэх бүр нэмэгдэж байна. Тодруулбал, 2018 онд улсын нийт гадаад өр 28.7 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 4.8 тэрбум ам.доллараар өсөж, 33.5 тэрбум ам.долларт хүрсэн. Ийнхүү гадаад өр нэмэгдэх нь Монголыг дефолт зарлах эрсдэлд оруулж байна. Гэвч Монгол Улс гадаадаас зээл авсаар л...

Монгол Улсын гадаад өрийг Засгийн газар, Төв банк, хадгаламжийн байгууллага, бусад салбарууд, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээл гэж таван хэсэгт хуваан авч үздэг. Эдгээрээс сүүлийн жилүүдэд хамгийн эрчимтэй нэмэгдэж байгаа өр төлбөрийн нэг нь Засгийн газрын өр юм. Тухайлбал, Засгийн газрын урт хугацаат зээлийг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин өссөн бөгөөд Засгийн газрын нийт өр Монгол Улсын нийт өрийн 25 хувийг эзэлж байна. Тэгвэл Засгийн газрын өрийг юунд, хэрхэн зарцуулж байгаа талаар хүргэе. Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төв Засгийн газрын өр хэрхэн зарцуулагдаж байгаа талаар судалжээ. Уг судалгаагаар 2018-2020 онд авсан Засгийн газрын нийт зээлийн 44.1 хувийг төсвийн алдагдлыг нөхөхөд, 16.5 хувийг зам тээвэр, 7.2 хувийг эрчим хүч, 5.3 хувийг усан хангамж, хотын дэд бүтэц, 4.6 хувийг эрүүл мэнд, 2.5 хувийг боловсролын салбарт зарцуулсан гэж дүгнэсэн байна.

Гадаад зээлийн санхүүжилтийн үндсэндээ тал орчмыг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өр нэмэгдэх хамгийн том шалтгаан нь төсвийн алдагдал болж байна. Тиймээс төсвийн алдагдлыг бууруулж чадвал Засгийн газрын авч буй гадаад зээл буурах боломжтой. Үүний тулд төр төсвийн зардлаа бууруулах хэрэгтэй болно. Монгол Улс түүхэндээ хамгийн их зардалтай төсвийг өнгөрсөн онд баталсан бөгөөд 2023 оны төсвийн нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь байхаар тооцоолсон юм. Харин төсвийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцоолов. Тэгвэл төсвийн зардал, Засгийн газрын өрийг бууруулах ямар боломж байгаа талаар эдийн засагчид өөрсдийн байр сууриа хүргэлээ.

“Нээлттэй нийгэм форум”-ын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам

Монгол Улсын хувьд гадаад өрийн асуудалдаа анхаарах цаг ирсэн. Манай улс жижиг эдийн засагтай, импортоос хамааралтай, хэрэглэгч улс. Ийм улсын хувьд томоохон эдийн засагтай, томоохон үйлдвэрлэгч орнуудын адил зээлтэй байна. Иймд гадаад өрөө багасгах шаардлагатай байна.

Эдийн засагч Н.Энхбаяр

Гаднын зээлийг буруу зарцуулж байгаа энэ явдлыг засах хэрэгтэй. Үүнийг засах ёстой гол байгууллага нь Сангийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яам юм. Одоо мөрдөгдөж байгаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульдаа ч энэ хоёр яам эл асуудлыг засах эрхтэй байдаг. Иймд төсвийн бодлого, зээл тусламжийг хэрхэн зарцуулах талаар уг хоёр яам өндөр үүрэгтэй оролцох ёстой.

Английн Манчестерын Их сургуулийн эдийн засгийн багш асан, NRCC-ийн эдийн засагч, доктор Б.Эрдэнэбат

Манай улс төсвөө маш өөдрөгөөр төсөөлдөг. Гэхдээ төсөөлөлдөө хүрч байсан нь маш цөөхөн. Олсон орлого төлөвлөснөөс үргэлж дутдаг. Үүнийгээ өр төлбөрөөр нөхөж ирсэн. Тэр нь гадаад өр болон хуримтлагддаг. Өнгөрсөн онд нэг хүнд ногдох гадаад өрийн хэмжээ 3107 ам.доллар байсан. Монгол Улсын хүүхэд хөгшид бүр ийм хэмжээний өртэй гэсэн үг юм. Манайх ам бүл тавуул байлаа гэхэд 16 мянган ам.долларын өрхийн өртэй болно. Үүнийг үе үеийн Засгийн газар өр авч манай өрхөд ногдуулжээ гэхэд хилсдэхгүй. Энэ бол бусад улстай харьцуулахад маш өндөр дүн юм.

Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төвийн судлаач С.Баттулга

2018 онд Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нийт санхүүжилтийн дүнгийн 80 гаруй хувийг гаднын зээлээс санхүүжүүлсэн байна. Энэ нь гаднын зээл хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эх үүсвэр болсон гэсэн үг. Энэ байдал 2019, 2020, 2021 онуудад ч үргэлжилсэн. Тэгвэл хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөр улсад юу хийж байна вэ гэхээр орон нутагт хөшөө, соёлын төвийн барилга байгууламж, аймаг сумын урд “Тавтай морилно уу” гэсэн хаалга хийж байна. Энэ нөхцөл байдлыг одоо анхааралдаа авч засах хэрэгтэй байна.

Хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир

Гаднын зээл тусламжийн үр ашгийг дээшлүүлэх, зориулалтыг зөв болгох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд гаднаас авсан зээл тусламжийн зориулалтыг нь дандаа өөрчилж ирсэн байна. Жишээлбэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулахаар Дэлхийн банкны зээл авсан ч уг мөнгийг 2021 оны сонгуулийн өмнө малчдад тараагаад өгчихсөн. Тэр зээлийн үлдсэн хэсгийг одоо ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун үхэр ээмэгжүүлэхэд зарцуулна гээд явж байна. Гэтэл эцсийн дүндээ гаднын өр зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр л төлдөг юм. 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл