Постер ажиллагаа

Өнөөгийн авлигатай тэмцэх бүтэц үүргээ хангалттай биелүүлэхүйц хүч бололцоогүй. Хүч, хөрөнгө гаргахгүй л бол илрүүлсэн хэрэг, шийдэгдсэн маргаан, төлүүлсэн хохирлын дүн сонсоод авлигыг ялж байгаа юм шиг байдалтай бид нэлээд удахаар шинжтэй байна. Өрнөж буй үйл явдлуудыг жолоодож байгаа бодлого, зорилго нь авч хэрэгжүүлж буй арга хэмжээ бодит үйлдэлдээ томдох болж. Плакат постер нь гоёдсон төрийн ажилд агуулга хэлбэрийг тохируулахгүй бол мянган жин ачаа тэгнээд зуун бээрийн цаадахыг зорьж яваа хөсөг чинь буулгаа ч даахаа болих нь.

БОДЛОГО: АТГ-ын 22 ажилтан 49 мянган албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж, 50-иадхан мөрдөгч жилдээ 1500 гаруй хэрэг дээр ажиллаж байхад авлигыг бид хэзээ ялах вэ=?

Авлигын эсрэг тэмцэлд постер нь гоёдоод арга ажиллагаа нь гүйцэхийг болив. Өнөөгийн төрийг удирдаж буй эрх баригч хүчин МАН, түүний удирдлага, Засгийн газар, УИХ-ын гээд бүх түвшинд авлигын эсрэг тэмцэл, шударга ёс тогтоох үзэл хандлага ерөнхий постер боллоо. Энэ имидж, дүр төрх Монголыг гоё харагдуулж байна. Гоё. Гэхдээ гоё байхад учир бий. Амжилт ахицыг ажаад үзвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж УИХ-ын сонгуулийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн өөрчлөлт хийгдсэнээр хуулийн зохицуулалтыг нарийвчлах замаар шударга ёсны шинэ эргэлт хийж байна. Үүнтэй зэрэгцээд 5Ш ажиллагаа авлигын эсрэг тэмцэл, шударга бус байдлыг жигших хандлагыг өдөөж байгаа. Дээрх бүгдийг нэгтгэн харвал дотоодод ч, гадаадад ч нүүр бардам харуулах гоё постер болжээ. Монгол сэрж байна, монголчууд сэргэж байна гэдгийг урам зоригтой харуулахад өнцөг, зорилго нь яг таарч. Гэхдээ энэ гоё постертоо тохирсон үйл ажиллагаа явуулж байж агуулгаа тодорхойлно. Харин тэр рүү нь өнгийгөөд харвал бодит ажил дээр авлигачидтай тулж байгаа байгууллагынх нь хүчин чадал тун тааруу. Авлигын эсрэг бодлогын шинэчлэл, уриа лоозон, эрх зүйн шинэчлэлийг дээгүүрээ хийгээд, доогуураа бодит ажил дээрээ хөрөнгө хүч зарахгүй бол үр дүн, агуулга чанар нь постертоо гологдож түүх л болох вий.

Авлигатай тэмцэх улс төрийн хүсэл зоригоо баталгаажуулж, бодит ажил дээр хөрөнгө хүч зарцуулах шаардлагатай

Монгол Улсын авлигатай тэмцэх зорилт, хүсэл тэмүүлэл нь төр засаг шударга ёсны төлөө гэсэн гол имидж боллоо. Хууль эрх зүйн зохицуулалт, уриа лоозонгоор бид дэлхийн жишигтэй л харьцуулагдаж байна. Гэтэл бодит байдал дээр авлигын хэрэг дээр ажиллах нэг мөрдөгчид оногдох хэргийн тоо дэлхийн жишгээс 5-6 дахин давжээ. Хэргийн тоо, хохирлын хэмжээ өсөх тусам хүч бүрэлдэхүүн “хаяж” анхаарах ёстой атал улс ядуу, төсөв бага гэхдээ л авлигатай тэмц гээд орхисноос 50-иадхан мөрдөгч 800 гаруй хэрэг дээр ажиллаж байна.

Монгол Улсад хөгжлийн тушаа нь авлига мөн гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. 30 жил чөдөр тушаа зангидсан дарга нар залгидгийн гэрт хоолгүйн үлгэрийг түмэндээ үзүүлж ханасангүй. АТГ 2022 онд 1806 үйлдэлтэй, 1184 холбогдогчтой, 1520 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. 2022 онд 188 авлигын хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж. Энэ тоо өмнөх жил нь 160 байсан юм. 2022 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас 5 их наяд 24.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Энэ бол аймшигтай их тоо. Энэ бол өнгөрсөн хугацаанд авлигачид гахай мэт үржсэн гэсэн үг. Харин гахайтай тэмцээд төрөө хуу цэвэрлэнэ гэдэг төрийн өндөрлөгүүдийн үг нь хуурай, постер нь гоёдсон байна. Учир нь авлигатай тэмцэх системийн байгууллага байгаа ч хүч нь хүрэлцэхээргүй хэмжээнд, нэг мөрдөгчид ногдож байгаа хэрэг нь дэлхийн дунджаас 5-6 дахин их байгаа юм.

Монгол Улс 1996 онд Авлигын эсрэг хууль, 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн авлигатай тэмцэх бие даасан байгууллага байгуулах үүрэг хүлээсэн. Ингээд 2006 онд Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, АТГ 2007 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Хөндлөнгөөс нь харахад урьд өмнө байгаагүй энэ бүтцийг байгуулахдаа маш өргөн цар хүрээтэй ажлыг цөөн бүрэлдэхүүнд үүрүүлээд орхисон, одоо ч хүч бүрэлдэхүүний байдлаас нь хэтийдэж давсан үр дүн хүлээж байдаг. За энэ газар юу хийдэг вэ гэхээр авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэгтэй. Ерөнхийдөө шударга ёсны төлөө иргэдийн итгэл хүлээх ганц газар нь. Гэтэл авлигын хэргийн тоо, хохирлын хэмжээтэй уялдуулаад хүч бүрэлдэхүүнийг өргөжүүлж яваагүйгээс ажлын ачаалал нь хэтийдэж хэрэг уддаг гэх шүүмжлэлүүд гарч, зарим судалгаагаар иргэдийн бүрэн итгэлийг хүлээхүйц хэмжээнд очоогүйг харуулах болжээ.

АТГ-ын нэг мөрдөгчид 20-30 хэрэг ногдож байна

2007 онд АТГ байгуулагдаж байхад тухайн жил шалгасан авлигын гэмт хэрэг 85, өргөдөл гомдол 218 байхад мөрдөгчийнх нь тоо 36 байж. 2019 онд авлигын хэрэг 1300, гомдол мэдээлэл 894 байхад мөрдөгчийн тоо 46  болсон. 15 жил болоход гэмт хэргийн тоо 1520 өргөдөл гомдол 1400 давчихаад байхад мөрдөгчийн тоо 46 л байсан. Одоо хэлтсийн дарга нь оролцоод мөрдөгчийн бүрэлдэхүүн 54 хүн л байна.  Авлига, албан тушаалын гэмт хэргийн тоо, тусгай мэдлэг шаардсан шинэ төрлийн гэмт хэрэг мөнгө угаах, хөрөнгө гадаадад байршуулах, өндөр технологи ашиглах хэргүүд улам нарийсаж байхад за ингээд авлигатай тэмцээ гээд анх байгуулсан бүтцээр нь шахуу зүтгүүлээд байсныг эндээс харж болох юм. Судлаад үзэхээр Монгол Улс АТГ-ыг байгуулахдаа ижил төстэй орчин нөхцөлийг харгалзан Хонгконгийн Авлигатай тэмцэх хорооны жишгээр байгуулсан юм билээ. Одоо Хонгконг 7 сая хүн амтай. Авлигатай тэмцэх хороо нь 1700 орчим хүнтэй. Эдний 1000 орчим нь мөрдөгч. Гэтэл Монгол Улс 21 аймагтай, илүү өргөн газар нутагт 3.5 сая хүнтэй, авлигын үзүүлэлт асар өндөр мөртлөө 50-иад л мөрдөгчтэй, орон нутагт салбаргүй. Тэгээд яаж ажилладаг юм бэ гэхэд баталж өгсөн төсөв орон тоонд зохицуулаад Тамгын газар, мэргэжилтнүүдээ алба хэлтсийн хийх ажлыг нэг хоёр хүнд үүрэхээр цөөлөөд хэрэг мөрдөх, шалгах чиглэлд боломжоороо хүнээ нэмэх байдлаар л явж байна. Ингэлээ гээд 54 мөрдөгч жилдээ 1500 хэрэг дээр, 22 ажилтан 49 мянган албан тушаалтны хөрөнгө, орлогыг шалгаж, шинээр томилогдсон хүмүүсийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж, дүн шинжилгээ хийж, мэдүүлгийн бүрдүүлэлтийг хянаж байна. Үүн дээр нэмэгдээд долоо хоногт дунджаар 130-150 өргөдөл гомдол хүлээж авна, нэмээд соён гэгээрүүлэх ажлууд явуулна.

Ч.Жаргалбаатар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга

Мөрдөн шалгах ажиллагааны чанарт хамгийн их нөлөөлдөг зүйл нь хүн хүчний асуудал. Олон улсын чиг хандлагыг аваад үзвэл бүх улс орон багаар ажилладаг болчихсон. Багийн зохион байгуулалттай ажиллаж авлигын гэмт хэргийг шалгадаг, илрүүлдэг. Тэнд нэг баг жилд 5-6 хэргийг чанартай мөрддөг. Зургаагаас илүү гарахад чанарт нөлөөлдөг гэж үздэг, удаан шалгаад ирэхээр хөөн хэлэлцэх хугацаагаар сөрөг нөлөөнд ордог, мартагддаг гэж үздэг. Мөрдлөгийг чанартай, хурдан шуурхай явуулахын тулд ажлаа хуваарилсан байдаг. Зөвхөн гэрчүүдтэй уулздаг мөрдөгч, хохирлыг хариуцдаг мөрдөгч, зохион байгуулалтын ажлаа хариуцдаг мөрдөгч гээд нэг хэрэг дээр дунджаар 12 мөрдөгчтэй багууд ажилладаг. Бид энэ олон улсын чиг хандлага руу явах нь зүйтэй

Ц.Шинэбаяр АТГ-ын Сургалт, шинжилгээний албаны дарга

Гомдол тавьж байгаа юм биш. Бид бол үнэхээр цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх гэж ихээхэн хичээж байгаа боловч үнэхээр энэ их эрэлтийг барахгүй байна л даа. Байнга зохих газраас нь төсөв мөнгийг харж үзээд орон тоо багаар нэмж байгаа боловч энэ их эрэлтийг гүйцэхгүй байна. Олон улсын харилцаа гэхэд л их чухал болчихоод байна. Хэлтэй хүн хэрэгтэй байна, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, санхүүгийн нарийн мэдлэгтэй хүн  хэрэгтэй байна.

 

Нэг мөрдөгчид ногдож байгаа авлигын хэрэг нь дэлхийн дунджаас 5-6 дахин их байна

Олон улсын жишгээр гурван сая хүнд 400 мөрдөгч ногдож, нэг баг 5-6 хэрэг дээр чанартай ажиллаж байхад манайд гурван сая хүнд 54 мөрдөгч, нэг мөрдөгчид 20-30 хэрэг ногдоно. Дээр нь энэ хэргүүдээсээ гадна томоохон хэргүүдийн хамтарсан ажлын хэсгүүдэд ажиллана. Ингээд бодохоор төр засгийн түвшиндээ авлигатай тэмцэх уриа лоозон, бодлого, хууль батлахтайгаа зэрэгцүүлээд авлигатай тэмцэх байгууллагаа хүчжүүлэх ажилд нэг анхаарах цаг нь болсон байна. Постер чинь гоё байж болох ч үйл ажиллагаандаа анхаарахгүй бол болохгүй болжээ гэдгийг судлаачид ч олон удаа хэлжээ. Судалгаагаар Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг бодлогод үр дүн хүлээлгэж байна. Харин бодит ажил дээр жилд таван их наяд төгрөгийн авлигын хохирлыг илрүүлж, ор сураггүй алга болчих  мөнгийг нөхөн төлүүлж байхад жилд 1500 давж байгаа авлигын хэргүүд дээр тавиадхан мөрдөгчийг зүтгүүлж байгаад улсын хэмжээний үр дүн шаардаж байгаа. Үр дүн гаргах үүрэгтэй газар нь АТГ болохоор энэ хүч бүрэлдэхүүн дутмаг, төсөв хөрөнгө бага, орон нутагт хөл салбаргүйгээ үглэж дуулалгүйгээр өнөөг хүрсэн гээд харахад авлигатай тэмцэх зорилгоор имиджээ бүрдүүлсэн засаг төр нь өөрөө энэ чиглэлд анхаараад харж болоогүй юм байхдаа гэж бодмоор.

Хүн амын тоо, эдийн засаг нийгмийн хөгжилтэйгөө уялдаад УИХ-ын гишүүдийн тоог нэмчихэж болж байхад авлигын хэргийн өсөлттэй уялдуулаад боловсон хүчинд нь анхаарч болоогүй юм байх даа.

АТГ одоогоор 801 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Жил ирэх бүр авлигын хэргийн гомдол мэдээлэл, шалгах хэргийн тоо, хохирлын хэмжээ нэмэгдэж байгаа. Сүүлийн таван жил Монгол Улс авлигын индексээр байнгын бууралттай. Төрийн өндөрлөгүүд судалгаа, индексүүдийг хараад авлигатай бүх түвшинд тэмцэнэ гээд ярьж, амлаж, зорилт тавьдаг. Түүнийгээ улс төрийн хүсэл зоригоо болгон постерлож байна. Харин авлигатайгаа яг тэмцэх байгууллага нь хүч бүрэлдэхүүн нь хүрэлцэхгүй байгаад дүн шинжилгээ хийхээ мартсан л бололтой. Нийгмийн ёс зүйн ялзрал нь авлигаар илэрдэг. Ингэлээ гээд улстөрчид нь том зорилт, амлалт зарлаад нийтээрээ соён гэгээрчихгүй. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг яг зэрэгцээд хүчтэй явуулж, богино хугацаанд авлигачдаа илрүүлж хохирлыг төлүүлж, нийтээрээ авлигын эсрэг үзэл санаанд дадаж ялзралаасаа сална. Бусад улсын жишгийг харахад хөгжих үйл явцдаа ийм замыг туулдаг. Үүнийгээ хүчтэй давж гараад дараагийн шатанд бэлддэг. Тэр нь эдийн засаг хөгжих тусам томоохон компаниудын томилгоо, сонгон шалгаруулалт, худалдан авалтаар дамжсан авлигын хэргүүд байдаг. Манай улсын эдийн засаг томорч тэлнэ. Харин зайлшгүй тохиолдож болзошгүй үйл явцын өмнө бид төрийн хулгайгаа цэгцлээд нийгмийн оюун санаагаа эмчлээд авмаар. Гэхдээ энэ үйл хэрэгт голлож оролцох АТГ-ынхаа албан хаагчдыг чадвахжуулах, хүний нөөцийг бэхжүүлэх, шинэ төрлийн болон үндэстэн дамнасан хэргүүд дээр ажиллахуйц мэдлэг боловсролтой залуусаар хүч сэлбэх шаардлага байна.

Гэхдээ ингэж мөрдөж мөшгөх эрхтэй айлгадаг том байгууллагыг дархлах гээд байгаа юм биш. Авлигын нөхцөл байдал буурч, нийгмийн үйлдэл сэтгэхүй авлигагүй шударга ёсны үнэлэмж нэмэгдэх үед буцаагаад цөөлөх байдлаар стратегийн шийдэл хийхгүй бол илрүүлсэн хэрэг, шийдэгдсэн маргаан, төлүүлсэн хохирлын дүн сонсоод авлигыг ялж байгаа юм шиг байдалтай бид нэлээд удахаар л шинжтэй байна. Постер нь гоёдсон авлигын эсрэг үйл хэрэгт бодит ажил дээр гар дүрэх хүнийхээ тоог нэмэхгүй бол энэ постероосоо залхтал бид авлига асуудалтайгаа байсаар байх бүр муухай зураг харагдана.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)