Өвөө устгах ирээдүй
Ээжээсээ 500-гаад километрын хол буйдхан сууринд суурьших охин минь хотод ирэхээрээ зорьж очих дуртай хэдхэн газар бий. Түүний нэг нь Сүхбаатарын талбай. Харин охины минь өөрийнх нь нэрлэдгээр “Төрийн дуугийн талбай”. Багачуудын дуулсан “Төрийн дуулал” төв талбайд эгшиглэдэг учир “Youtube”-ээс олж харснаараа ийнхүү нэрлэжээ, охин минь.
Өнгөрсөн хавар зорин, зорин тэртээ холоос зорьж гарсан газартаа ирсэн охин минь надаас нэг сонин асуулт асуусан нь миний сэтгэлийн эмзэглэл болж хувирсан юм. Тэр төв талбайн цэцэгс бүрийн хажууд очиж зургаа татуулсны дараа Сүх жанжингийн хөшөөний дэргэдэх арсланг тэвэрч зургаа татуулах гэснээ “Ээжээ, ээжээ. Энэ арслангуудад яагаад контур зурчихсан юм бэ” хэмээн учиргүй хөхөрлөө. Энэ нь түүнд инээдэм, надад ханиадам байлаа. Хэлэх үггүй болсон би “Сахилгагүй хүүхдүүд л зурсан бололтой. Миний охин ингэж зурж болдоггүй юм шүү” гэтэл гуравхан настай охин минь буруу зүйл гэж бодсон болтой ханцуйгаа норгож хэсэг зүлгэснээ “Арилахгүй будгаар будсан байна” гэсээр хэсэг үрж, бид цааш алхлаа.
Хэсэг алхаад ахиад л түрүүчийн дүр зураг. Урдхан талд нь орших Монгол Улсад болсон Ази-Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын дурсгалд зориулсан “Тэнгэрийн өрх” хэмээх энэхүү хөшөөг мөн адил сэглэжээ. Хүүхдүүд шоглосон нь илэрхий. Хайртай гэх үгс хөвөрч, бундан хэлбэртэй дүрснүүд үргэлжилнэ. Уг нь энэ бүтээл бөмбөрцгийн хаана ч байхгүй дэлхийн 53 орны удирдагч нарын гарын үсэгтэй. Энэхүү бүтээлийг хийсний дараа 2018 онд АНУ-ын Нью-Йоркийн Манхэттены урлагийн галерейгаас зөвхөн энэ уран бүтээлээрээ үзэсгэлэн гаргаач гэж санал тавьсан тухай уран бүтээлч нь ярьж байлаа.
Цэвэрлэх нь хүртэл цэвдэг
Харин удалгүй өөр нэг дүр зураг сошиал ертөнцөөс олж харсан нь хөшөөг угааж, нөгөө арслангийн контурыг техникээр арилгаж буй ТҮК-ийн ажилтнууд. Хотын захиргаанаас “Хөшөө, дурсгал дээр залуучууд будаг, арилдаггүй маркер, штрикээр нэр, элдэв үг бичиж, зураг зурчихсан байдгийг арилгах гэж ТҮК-ийн ажилчид маань чамгүй хөдөлмөрлөдөг. Нэгнээ хүндлээд ийм үйлдэл гаргахгүй байхыг залуусдаа уриалж байна. Ухамсартай байцгаая” хэмээн уриалжээ.
Хэдийгээр угааж цэвэрлэсэн, тордсон нь сайн үйлдэл боловч зориулалтын бус техник хэрэгслээр түүх соёлын өвийг цахилгаан зүлгүүрээр зүлгэхийг хараад дахиад л сэтгэл өвдлөө. Уг нь соёлын өвийг арчлах, хамгаалах, хадгалахад зөвлөгөө өгөх статустай Соёлын өвийн үндэсний төв үйл ажиллагаа явуулсаар байтал цэвэрлэх нь хүртэл ийм цэвдэг байж болох гэж үү.
Мэргэжлийн байгууллагууд хэрхэн “цэвэрлэдэг” нэгэн жишээг толилуулъя. Архангай аймагт орших Тайхар чулууг Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газар, Математик тоон технологийн хүрээлэнгийн судлаач мэргэжилтнүүд болон Архангай аймгийн музей, Архангай аймгийн Ихтамир сумын соёлын төвийн хамт олноос бүрдсэн баг ажиллаж цэвэрлэсэн байна. Ингэхдээ эхлээд гадаргуу хэсгийн механик бохирдол болох тосон будаг, сүү тосны бохирдол, хими биологийн гэмтлээс хамааралтай чулуулгийн өгөршил, өнгөний гандалт зэрэг хүний буруутай үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны анхан шатны эрсдэлийг тодорхойлсон байдаг. Үүний дараагаар гэмтэл бохирдлыг цэвэрлэх бэхжүүлэх арга зүйг боловсруулж тус дурсгалын онцлогт тохируулан хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах арга технологи боловсруулах анхан шатны сорьц судалгааг явуулж, сэргэээн засварлажээ. Ингэж л сэргээн засварлаж, хүний бурууг цайруулдаг байх нь.
Долоон жилийн дараах тооллогын дүн одоо хүртэл сурагггүй
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга 2022 оны тавдугаар сарын 6-нд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын ажил зохион байгуулах тухай тушаал гаргаж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг орон даяар таван сарын турш зохион байгуулсан. Гэвч тооллого дуусаад хагас жилийн хугацаа даруй өнгөрсөн ч энэ удаагийн тооллогоор нийт 9126 дурсгалт газрыг тооллогод хамруулсан гэснээс өөр мэдээлэл алга. Мэдээлэл авъя гэхээр “Засгийн газарт танилцуулсны дараа мэдээлэл өгнө. Удахгүй” хэмээх тайлбарыг өгүүлнэ. Хэдийнэ бэлэн болсон мэдээлийг нийтэд өгөхгүй байгаа нь ямар учиртайг эс тааж мэднэ.
Энэхүү тооллого нь 2015 оноос хойш долоон жилийн дараа болж буй гэдгээрээ онцлог. 2022 оны тооллогын дүнгээр бидний хөндөөд буй дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдлын үнэлгээ, дурсгалын төрөл тус бүрийн эвдрэл, гэмтэл тодорхой болно. Мөн дурсгалт газрын нэр, газар зүйн солбицол, төрөл зүйл зэрэг зарим алдаатай мэдээллийг засаж сайжруулах, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын нөхцөл байдлыг улсын болон орон нутгийн хэмжээнд нэгтгэх, статистик мэдээллийг баяжуулах, дурсгалын хадгалалт хамгаалалтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах зэрэг олон боломжийг нээнэ хэмээн өгүүлж байсан юм.
Хүний нөлөөгөөр гэмтсэн 11007 дурсгал
2022 оны тооллогын дүн нийтэд ил болохоос өмнө одоо нөхцөл байдал ямар байгааг товч өгүүлье. Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах, эрсдэлийн судалгааны газрын дарга Г.Анхсанаа 2022 оны долоодугаар сард бэлтгэн гаргасан “2015 оны түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын үр дүн, анхаарах зүйлс” өгүүлэлд дурдсанаар “2015 оны Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг, тооллогод хамрагдсан нийт дурсгалын 12.7 хувь буюу 11007 дурсгал хүний нөлөөллөөр гэмтжээ. Үүнийг нарийвчлан задалвал 16 хувийг тонож сүйтгэж, 31 хувийг сүйтгэж, 10 хувийг будаж баллаж, 9.7 хувийг хугалж, 2.5 хувийг сийлжээ. Мөн 3.3 хувь нь зөөгдөж, 3.2 хувь нь алга болж, 8.8 хувийг тос, сүүгээр бохирдуулж, 2.4 хувийг буруу засжээ. Үүнээс гадна 4.8 хувьд хадаг, бөс даавуу ороож, уяж, хоёр хувь нь дэд бүтцийн аюулд өртөж, 4.6 хувь нь аж ахуйн үйл ажиллагаанд өртсөн байна. Мөн уул уурхайн нөлөөлөлд өртсөн, өртөж болзошгүй 953 үл хөдлөх дурсгал байгааг онцолжээ.
Хайрлах нь ...
Соёлын өвөө ухан сэндийлж, тонож дээрэмдэж, эвдэлж сүйтгэж буйг дээрх баримтаас харсан байх. Гэхдээ бид энэ удаад “бичихгүй” байх тухай л хөндөж буй юм. Өв соёлоосоо алсарч Монголоо “гэмгүй” хорлож буй залуус “Би чамд хайртай, “Үүрд хамтдаа”, “11д үргэлж хамт”, “Э+О=LOVE” хэмээн хадны сүг зураг, соёлын түүхэн байгууламж бүрд сараачиж дахиад л Монголоо “сүйтгэж” байна. Дэлхий дээр хадны сүг зургийг монголчуудын нүүдэллэж байсан газраар л харах боломжтойг Монгол орны лавлахад онцолсон байдаг. Хадны сүг зураг нь Европод бараг байхгүй бөгөөд Монголын соёлыг дэлхийд гайхуулдаг гол соёлуудын нэгийг ч онцолсон.
Гэтэл “бичсэн” нэг л жишээ толилуулахад, Ховд аймгийн Үенч сумын нутаг Ямаан ус хэмээх нарийн хавцалд орших хадны сийлмэл зураг бол Хүрлийн үе, түрүү төмрийн үе, Хүннүгийн үед тооцогдож он цаг нь (НТӨ III мянган жил-НТӨ I мянган жил)-(НТӨ III – НТ II зуун)-д хамаарна. Гэтэл энэхүү хадны зураг дээр “2021 оны төгсөлт”, “Алтай сумын ЗДТГ”, “Алтай баг” хэмээн сийлжээ. Төрийн байгууллагынхан, нутаг усныхан нь хүртэл ийм цэвдэг. Хад гомддогсон бол “шархалсандаа” цөхөртлөө уйлмаар ийм л дүр зургийг бүтээж байна.
Залуучуудад “битгий эрээчээч” гэх нь утгагүй мэт санагдаж болох. Гэхдээ монголчууд бидний биет болон биет бус өв соёл бол түүхийн гэрч, бид түүхийг бүтээсний баталгаа. Түүхийг зохиосон гэж өөр нэгэн улсад дээрэлхүүлэхгүй байх өмөөрөл юм. Та нарт үлдээж буй өвгөдийн тань, энэ цагийг түүчээлэн буй бүхний бахархал нь юм.
МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал
Хадан дээрээ эртний бичиг, тэмдэгт томьёотой, хэдэн зуу мянган зураг татлагатай хосгүй нандин өв соёл байгалийн музейтэй улс дэлхий дээр маш, бүр маш цөөхөн. Тэд ийм өв соёлдоо дэндүү хайртай, сайн ч хамгаална, сайн ч судална, сайн ч сурталчилна, сайн ч түгээнэ, сайн ч төсөв мөнгө зарцуулна.
Тэд яах гэж ингэдэг гэж бодож байна. Мөхөс миний бодлоор хүн төрөлхтний оюун санааны дархлаа, цаашилбал бид энэ газар төрж өсөж үржиж ингэж үлдэж байна гэж ам бардам ирээдүйн зуунд хэлэх гэж байгаа бололтой. Гэтэл өнөөдөр цээжээ дэлдэж би Монгол гэж сагсалзаж яваа бидний дүр төрх нэг иймэрхүү л байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан
Монгол Улс зөвхөн газрын хэвлийнхээ баялгаар гайхамшигтай биш, Монгол орны уул, хад хүртэл дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийг биедээ тээж ирсэн. Монголын Алтай, Хангай, Хэнтий, Саяны салбар уулсуудад нийтдээ 500 гаруй хадны зургийн цогцолбор газар бий. Хадны зураг бол зөвхөн зураг биш, бидний өвөг дээдсийн асар үнэтэй өв юм гэдгийг бид бүхэн мэдэх хэрэгтэй байна. Монгол орон даяар байгаа хадны зургийг бүртгэлжүүлэх, архивжуулах, хамгаалах, хайрлах ажлыг ялангуяа нутгийн иргэд, малчид, эрдэмтдийн хамтын ажиллагаагаар хийх олон ажил бий.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж
Дэлхийн хадны урлагаас хамгийн гайхамшигтайгаар хадгалагдаж үлдсэн улс бол Монгол Улс байж магадгүй гэж би хувьдаа боддог. Тэгэхээр энэ зүйлд бид үнэхээр онцгой анхаарал хандуулах ёстой.
Ирээдүй болсон та бүхэн ухамсраараа соёлын өвөө хайрлаж чадахгүй бол хуульдаа үүнийг тусгасныг сануулъя. Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийн эх баригч, гавьяат хуульч Б.Чимид гуайн хэлсэнчлэн “Алганд багтсан Монгол Улс” буюу Үндсэн хуулийн эхний мөртүүдэд Монголын ард түмэн бид “.......төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж.....эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээсэн нь бий.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл