Хүүхдийг нэмэлтээр хооллохдоо юуг анхаарах вэ
Бага насны хүүхдийг зургаан сартайгаас нь эхлэн нэмэлтээр хооллож эхлэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь энэ үед эхийн сүү дангаар хүүхдэд шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг хангаж чадахаа больдог байна. Түүнчлэн олон улсын хоол тэжээлийн зөвлөмжид хүүхдийн нэмэгдэл хоолыг хүнсний ногоогоор эхлүүлэх нь зүйтэй гэж үздэг. Мөн шим тэжээлээр баялаг байх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл төмөр болон цайрын эх үүсвэр сайн байх шаардлагатай. Энэхүү хоёр эрдэс бодис нь хүүхдийн хэвийн өсөлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Нөгөө талаас хүүхдийн хоол боловсруулах системийн хөгжилд саад учруулахгүй, амархан боловсордог байх нь чухал юм. Товчхондоо хүүхдийн хоол боловсруулах системийн хөгжил насанд хүрэгчидтэй харьцуулахад хараахан хөгжиж амжаагүй байдаг.
Хүүхдэд аль болох олон төрлийн өнгө, амттай хоол хүнсийг танилцуулж, амтлах мэдрэхүйг нь хөгжүүлэх хэрэгтэй. Учир нь бага насанд түлхүү хэрэглэсэн хоол хүнснээс шалтгаалж, хүний насан туршийн хооллолтын хэв маяг бүрддэг. Тиймээс үргэлж нэг төрлийн хоол бэлтгэж өгөх нь хүүхдийн шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлийг нэмэгдүүлж, цаашлаад хоол голоход хүргэдэг байна.
Хооллолт ба давсны хэрэглээ
Хүүхдийн хоногийн хоол хүнсээр авах натрийн хэмжээ 7-12 сартайд 0.37 грамм, 1-3 настайд нэг грамм байдаг. Ой хүрээгүй хүүхэд өөрийн биед шаардлагатай натрийн хэмжээг хөхний сүү болон бусад хоол тэжээлээсээ хангалттай авдаг гэж үздэг учраас хоолонд нь нэмэлтээр давс хийх шаардлагагүй. Түүнчлэн давс нь лаазалсан хүнс, жигнэмэг, чипс, хиам, бяслаг, төрөл бүрийн соус, утсан хүнс зэрэг ихэнх хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байдаг учраас энэ төрлийн бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэсэн тохиолдолд тухайн өдрийн хоолонд давс нэмэлтээр хийхгүй байх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Бор хоолонд орох хүртлээ хүүхэд өөрийн биед шаардлагатай шим тэжээлийнхээ хэрэгцээг хөхөх рефлексийн тусламжтайгаар хангадаг. Харин нэмэгдэл хоол өгч эхлэх үед өөр бүтэцтэй хоолыг арай өөр ур чадварын тусламжтайгаар идэх шаардлага тулгардаг. Энэ нь хүүхдийн хувьд цоо шинэ зүйл юм. Тэгвэл эцэг эхчүүд ямар нэгэн хүнсийг хүүхдэдээ хэдхэн удаа өгөөд л хүлээж авахгүй бол манай хүүхэд хоол идэхгүй байна, ногоонд дургүй юм байна гэж ойлгодог. Мөн өөрсдийн амтлах мэдрэхүйндээ тааруулан хоолонд нь давс, сахар нэмэлтээр хийдэг. Хүүхдийн дуршил буурч, хоол идэхгүй байхад нөлөөлөх олон шалтгаан бий. Нэгэн хэвийн буюу өглөө каш, өдөр болгон бантан, орой тараг л уудаг хүүхэд хоолоо голох нь түгээмэл. Ийм учраас хүүхдийнхээ хоолны цэсийг баяжуулах, мөн тогтмол цагийн хуваарьтай байхад анхаарах нь чухал. Хэрэв хоолны дуршил нэг сараас дээш хугацаанд буурсан шинж ажиглагдах юм бол заавал мэргэжлийн хоол зүйчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай.
Бүхэл хоол өгч эхлэхэд анхаарах зүйл
Хүүхэд нэмэлтээр зутан хоол хүнс хэрэглэж эхэлсэн бол дунджаар найман сартайгаас эхлэн аажим аажмаар бүхэл хоолонд шилжих шаардлагатай. Энэ шилжилтийн үед сонгож өгөх хүнсний бүтэц, хэмжээ маш чухал. Хүүхэд өмнө нь үргэлж шингэн, ширхэггүй хоол иддэг байсан учир бүхэл хоол руу шилжих эхний үед хахаж буй мэт үйлдэл гаргадаг. Энэ нь тэдний өөрийгөө хахахаас сэргийлэх төрөлхийн рефлекс хэдий ч эцэг, эхчүүд буруугаар ойлгон нухшилсан хоолоо үргэлжлүүлэх хандлага түгээмэл ажиглагддаг. Хүүхдийн араа шүд нь ургаагүй, ам тойрсон булчингийн хөгжлүүд сул, зажлах ур чадвар сайн хөгжөөгүйгээс хахах эрсдэл өндөр байдаг ч хоол хүнсийг нь зөв бэлтгэж өгвөл шүд ургасан эсэхээс үл хамааран буйл ,тагнай, шүлсний тусламжтайгаар буталж идэж чадна.
Бүхэл хоолонд шилжиж байгаа үед хүүхдэд гарт нь барихад тохиромжтой хоол өгч, мөн хахах эрсдэл өндөртэй хүнсийг зөв бэлтгэх нь чухал. Үүнээс гадна тэднийг хөлийн тавиуртай хоолны ширээнд суулгаж, хооллох үед яг хажууд нь байх зэрэгт анхаарах хэрэгтэй.
Ихэнх хүмүүс бор хоол гэдгийг хөхний сүүний оронд өгдөг хоол гэж ойлгон хүүхдээ маш эрт хөхнөөс гаргах болжээ. Гэтэл хүүхэд нэг нас хүртлээ хөхний сүү болон нэмэлт хоолыг хослуулж байж өөрийн биед шаардлагатай шим тэжээлийг бүрэн авдаг учраас ээжүүдийн дунд байдаг буруу, хэвшмэл ойлголтоос болж хүүхдээ хөхөөр хооллохоо бүү зогсоогоорой. Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар хөхөөр хооллож чадахгүйд хүрвэл эхлээд мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна.