
Хүүхэд бүр жил бүрийн зургаадугаар сарын 1-нийг тэсэн ядан хүлээнэ. Энэ л өдөр тэд баяраа тэмдэглэн аав, ээжийнхээ гараас хөтлөн хамгийн гоёхон бэлгүүдийг аван, үлгэрийн гүнж, ханхүү шиг эрх дураараа инээж наадан нэгэн сайхан дурсамжийн эзэн болцгоодог.
Өнөөдөр Чингисийн талбайд хөл хөдөлгөөн ихтэй байна. Жил бүр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ энд үргэлжилж байгаа юм.
Энэ удаад бид хүүхдийн баяраар бяцхан үрсээ баярлуулан байж эцэг эхүүдтэй ярилцлаа.
Ингээд тэдний бага насны хүүхдийн баяр, хамгийн дурсамжтай бэлэгний түүх болон хүүхэд насны мөрөөдөл нь биелсэн эсэхийг хуваалцсан юм.
-Эцэг эхээсээ авдаг байсан чихэр, жимстэй бэлэг л хамгийн гоё байсан-

Цагдаагийн албан хаагч Т.Төмөрбат: Хүүхдийн баяраар аав, ээжийнхээ хамт парк дээр л баярладаг байлаа. Эцэг эхээсээ авдаг байсан чихэр, жимстэй бэлэг л хамгийн гоё байсан даа. Багадаа онгоцны нисгэгч болно гэж мөрөөддөг байлаа.
-Мөрөөдөл маань бараг биелсэн-

65 дугаар сургуулийн зурагзүйн багш н.Түвшинжаргал: Аав ээжтэйгээ хүүхдийн паркт л зугаалж, тоглодог байсан. Социализмын үед баяр тэмдэглээд явах олон сайхан газар байгаагүй ээ. Аав, ээжийн маань авч өгсөн ууттай том том бэлгүүд л одоо ч санаанаас ер гардаггүй юм. Хүүхэд байхдаа архитектор болно гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ миний мөрөөдөл бараг биелсэн шүү. Би одоо багшилдаг. Энэ мэргэжил маань ч архитектортой холбоотой. Зураг зүй, шугам зургийн багш хийж байна.
-Мөрөөдөл минь биелж эмч болсон-

Ерөнхий эмч Б.Мөнхдэлгэр: Багадаа аав, ээжтэйгээ парк орж тоглоомууд дээр нь тоглож л баярладаг байсан. Ээж аав хоёр маань хүүхдийн баяраар дагуулж яваад тоглож, наадуулан баярлуулдаг байсан юм. Нэг удаа хүүхдийн баяраар хэсэг хүмүүс арга хэмжээ зохион байгуулж, сугалаа сугалуулж байв. Тэр үед би цагаан өнгөтэй үсний хавчаар сугалаанаас хожчихоод үнэхээр их баярлаж байсан. Багаасаа л эмч болно гэж мөрөөддөг байсан. Ингээд бодоход миний мөрөөдөл биелж эмч болсон байна.
-Цагдаа болно гэж мөрөөддөг байлаа-

Б.Билгүүн: Багадаа парк л орж аав, ээжтэйгээ баярладаг байсан. Баяраараа хөөсөн чихэр л их авч иддэг байсан. Хүүхэд байхдаа цагдаа болно гэж мөрөөддөг байсан. Харин цагдаа болоогүй ээ. Одоо хувийн компанид ажилладаг.
-Паркийн буудлаганаас бамбарууш хожиж байв-

Ц.Сугармаа: Аав, ээжтэйгээ хүүхдийн парк дээр л очиж тоглон баярладаг байсан. Хүүхдийн баяраар паркийн буудлага тоглоомоор тоглон бамбарууш авч байсан нь хамгийн сонирхолтой бэлэг байсан. Багадаа хүүхэд бүрийн нийтлэг мөрөөдөл болсон эмч болно гэж бодож байсан ч эмч болоогүй ээ.
-Малын эмч болох нь миний мөрөөдөл байлаа-

Малын их эмч А.Оюунаа: Хөдөө байсан болохоор орон нутагт сургуулийнхаа үүдэнд хүүхдийн баярын арга хэмжээ нээлтээ хийж, баярладаг байсан. Ерөнхийдөө аав, ээж хөдөө байсан болохоор сумын төвийн хүүхдүүдийг даган баярладаг байсан. Тухайн үед чихэр жимс ховор байсан ч баяраараа баавгайтай чихэр, бурамтай чихэр авч баярладаг байсан. Миний мөрөөдөл биелсэн. Би багадаа малын эмч болно гэж мөрөөддөг байлаа. Одоо Эмээлтэд малын их эмчээр ажиллаж байна.