Үр дүнтэй суралцах 10 арга
Сурагч бүр өөрт тохирсон үр дүнтэй суралцах арга барилтай байх нь чухал. Тэгвэл бид энэ удаагийн зөвлөгөө булангаараа хэрхэн үр дүнтэй суралцаж амжилт гаргах талаар бяцхан нууцыг хүргэж байна.
1.Хичээлийн хуваарь гаргах
Яг л өдөр бүр унтаж, өдөр бүр иддэг шиг өдөр бүр зөвхөн хичээлээ хийх цаг гаргаж, төлөвлөж, төлөвлөгөөнийхөө дагуу хичээлээ хийгээрэй. Тухайн хичээл болон сэдвээс хамааран ямар хичээлд, хэр их цаг гаргах нь ялгаатай байна. Ойролцоогоор өдөрт 2 цагийг хичээл хийхэд зарцуулаарай.
2. Өдөр бүр тогтсон газартаа, тогтсон цагтаа
Анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээлтэй, хэцүү байвал хичээл хийх орчноо тохируулах хэрэгтэй.
Хичээл хийх орчин нь дуу чимээ багатай, сатааруулагч зүйлсээс аль болох хол байх хэрэгтэй. Мөн өдөр бүр нэгэн адил газартаа, нэг цагт сууж хичээлээ хийх нь анхаарал төвлөрөлтөд чухал нөлөөтэйгөөс гадна хичээл хийхийг дадал болгоход онцгой үүрэгтэй.
3. Хичээлээ хийхдээ өөрт хэрэгтэй бүх хэрэглэгдэхүүнийг ойр тавих
Хичээлээ “тогтвортой”, ямар нэг завсарлагагүйгээр, анхаарлаа бүрэн төвлөрүүлж хийхийн тулд ширээн дээрээ хэрэг болж магадгүй бүх зүйлсээ бэлтгэ. Жишээ нь үзэг, харандаа, тооны машин, ус, хөнгөхөн идэх юм гэх мэт. Үүний давуу тал нь хичээлээ ямар нэг сатаарвал, завсарлагагүйгээр хийхэд тусална.
4. Ямар нэг урам зориг, шалтгаан бүү хүлээ
Даалгавар, хичээлээ хийхдээ хиймээр санагдах мэдрэмж төрүүлэх урам зориг, шалтгаан бүү хүлээ. Чи шүдээ угааж, хоолоо идэхдээ ямар нэг урам зориг, мотиваци хайдаггүй шүү дээ. Үүнтэй адил өдөр бүр “зөв” цаг мөчийг хүлээлгүй хичээлээ хий.
5. Чухал зүйлсийг тэмдэглэж авах дэвтэр
Эмх цэгцтэй байх нь дүнгээ сайжруулахтай мөн л холбоотой. Хэрэгтэй үед хичээлийн тухай чухал мэдээлэл, материалаа хаанаас олохоо мэдэж байх тусгай дэвтэртэй бай.
Давуу тал:
- Хичээл бүрд тусгайлан бие даалт, даалгавар зэргийг бичих хэсэг гаргах
- Чухал өдрүүдийг тэмдэглэх хэрэгтэй. Жишээ нь бие даалт хураалгах өдөр, календарь гаргах
- Тухайн дэвтэртээ бие даалт, даалгавруудыг зарлагдмагц бичиж авч байх
6. Даалгавар бие даалтуудыг нэг бүрчлэн тэмдэглэх
Дэвтэрт даалгавар, бие даалтын жижиг гэлтгүй бүх шаардлагатай, деталь бүрийг хугацаатай нь хамт тэмдэглэх нь мартахаас сэргийлэх болон даалгавраа цагт нь хийхэд нэн хэрэгтэй.
7. Боломжит цагийг ашиглаж байх
Гэр лүүгээ харих, сургууль руу явах, оочирлох зэрэг заавал бүрэн анхаарал шаардахгүй цагуудыг флашкарт ашиглаж, хичээлээ хийхэд ашиглаарай.
8. Тэмдэглэл хөтлөх
Хичээл дундуур багшийн чухалчлан хэлсэн мэдээлэл эсвэл сурах бичгээ уншиж, даалгавраа хийж байхдаа олж авч буй мэдээллээ өөрт ойлгомжтой байдлаар тэмдэглэж авах хэрэгтэй. Үр дүнд нь шалгалтын өмнөх өдөр номоо уншиж суухын оронд өөрийн хялбарчилсан, ойлгомжтой мэдээллийг эргүүлэн харахад болно.
9. “Илүү сурах” нь ой тогтоолтыг сайжруулна
Удаан хугацааны туршид сурсан зүйлсээ мартахгүйн тулд “илүү их сурах” нь гол түлхүүр гэж судлаачид үздэг. Тухайн олж авсан мэдээллээ аль болох олон аргаар хувиргаж, бичиж, тэмдэглэж, давтах нь илүү үр дүнэтэй.
10. Тогтмол давтах
Шинээр сурсан зүйлээ ахин эргэж харж давтахгүй бол 14 хоногийн дотор тухайн мэдээллийн 80 хувийг мартдаг. Иймд сурсан зүйлээ тогтмол харж давтаж байх нь урт хугацааны ой санамжид нөлөөлнө.