Утаанаасаа салах уу, улс төрөө гамнах уу?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор БНХАУ-аас 177.5 тэрбум төгрөгөөр хагас кокс худалдан авч сайжруулсан түлш үйлдвэрлэн ирэх арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 31 хүртэлх 45 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган өрхөд нэгэн зэрэг хэрэглүүлж туршилт хийх бодлогоо танилцуулсан. Тэрээр ийнхүү мэдэгдсэнээс хойш олон нийтийн шүүмжлэлийн бай болов. Ингэхээс ч аргагүй юм. 177.5 тэрбум төгрөгийг гэр хорооллын айлуудын зууханд шатааж агаарын бохирдлыг бууруулах туршилт хийнэ гэдэг галтай шийдвэр.

Нөгөөтэйгүүр юмны наад захын учир начрыг ойлгохоосоо илүү шууд л шуурцгааж шүүмжлэхийн дон туссан олон нийт хагас кокс гэдгийг шууд л коксжуулсан нүүрс гэж ойлгосон. Тиймээс “БНХАУ-д коксжуулсан нүүрс зарж байж буцаагаад өндөр үнээр худалдаж авах гэлээ” хэмээн шүүмжилсэн. Гэвч хагас кокс нь коксжуулсан нүүрс огт биш юм. Бидний өмнөх жилүүдэд хэрэглэж байсан сайжруулсан түлшийг нүүрс баяжуулах үйлдвэрээс гардаг мидлинг хэмээх түүхий эдээр хийдэг байлаа. Одоо ч хийж байгаа. Харин хагас кокс нь хүрэн нүүрсийг үйлдвэрт угааж, жигнэж гаргаж авдаг түүхий эд юм байна. Уг түүхий эдийг БНХАУ-аас худалдан авч “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт сайжруулсан түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хэрэв туршилт ажилттай болбол Багануурын нүүрсний уурхайг түшиглэн үйлдвэр барьж хагас кокс гаргаж авахаар төлөвлөж байгаа юм байна.

Түүхий нүүрснээс татгалзаж мидлингээр үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувиар буурсан гэж үздэг. Гэвч өнгөрсөн жилээс эхлээд агаарын бохирдол нэмэгдэж байгаа тухай олон нийтийн зүгээс шүүмжлэл өрнөсөн. Хагас коксоор хийсэн сайжруулсан түлш ашигласнаар агаарын бохирдол дахин 50 хувиар буурна гэж тооцжээ. Мөн галаа хэрхэн, юугаар асаахаас яндангаас гарах бохирдлын хэмжээ өөр байдаг байна.

БНХАУ-аас 177.5 тэрбум төгрөгөөр хагас кокс худалдан авах эцсийн шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гаргаж, гарын үсэг зурах ёстой. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ долоо хоногт л шийдвэрээ гаргахгүй бол БНХАУ-аас хагас кокс худалдан авч сайжруулсан түлш үйлдвэрлэн ирэх арванхоёрдугаарын сарын 15-наас гэр хорооллын айлуудад хэрэглүүлж төлөвлөсөн хугацаандаа туршилтаа хийж амжихгүй гэж байлаа. Тэрээр  “Одоо хэрэглэж байгаа түлшнийхээ түүхий эдээс бид салах шаардлагатай. Одоо байгаа мидлингийг дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн буюу хагас коксоор солих хэрэгтэй. Миддлингтэй харьцуулахад хүхрийн хэмжээ 2.4 дахин, дэгдэмхий 22-оос 10.5 болж буурч байгаа. Хортой чанарууд нь буурсан туршилтыг бид хийж үзсэн. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 242 сая төгрөгийг зарцуулсан. Энэ хугацаанд БНХАУ-д хэд хэдэн туршилт хийсэн. Зөвлөх баг авч ажиллуулсан. 80 тонн хагас коксжих оруулж ирж “Тавантолгой түлш” компанид авч ирж барьцалдуулагч ашиглаж дөрвөн төрлийн түлш хийж үзсэн. Зургаан лабораторид 100 гаруй дээж өгч, дээр дурдсан үр дүнг гаргасан. Импортлоход 177.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн. Үүний 120 орчим тэрбум төгрөг нь хагас коксыг импортлох зардал, гааль, НӨАТ, гадаад дотоод тээврийн өртөг, бусад нь 20 орчим тэрбум төгрөгт асаагчийг цуг импортлохоор төлөвлөсөн. Мөн түүнчлэн хэд хэдэн барьцалдуулагчийг оруулж ирж, түлшнийхээ чанарыг өөрчилж үзье гэж байгаа юм. Ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд энэхүү түлшээ оруулаад ирвэл 12 дугаар сарын 15 хүртэл 115 мянган тонн түлшийг үйлдвэрлэж, туршилтын түлшийг түлж үзэх урьдчилсан төлөвлөгөөтэй явж байна. Утаа бүрэн арилахгүй. Гэхдээ хоёр дахин буурах болов уу гэсэн хүлээлтийг лабораторын урьдчилсан үнэлгээнд суурилан тавиад байна. Хагас коксоор утааг бууруулсан улс орнууд тухайн цаг үедээ 7-10 жил хэрэглэсэн байдаг. Дийлэнх нь одоо ч гэсэн хэрэглэж байгаа. 2023-2024 оны галлагааны улиралд түлж үзээд ямар хэмжээний үр дүн гарах нь вэ гэдгийг харья гэж байгаа юм. Дараагийн ээлжинд хагас коксыг Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэх зорилго бүхий үйлдвэрийн ТЭЗҮ-ийг ирэх есдүгээр сарын дунд гэхэд бэлэн болгоно. Ингэхдээ 600 мянган тонн түлш үйлдвэрлэх үйлдвэрийг Багануурын уурхайд түшиглэн барина. Гаднын хөрөнгө оруулагч энэ үйлдвэрийг барина. Монголын тал газрыг гаргаж өгнө. 10 жилийн хугацаанд Багануурын уурхайгаас нийлүүлэх нүүрсний үнийг тодорхой болгож өгнө. Үйлдвэр баригдсан тохиолдолд гурван төрлийн бүтээгдэхүүн гарна. Хагас кокс, давирхай, хий гарна. Хий нь ойролцоогоор 30-50 мВт-ын цахилгаан станц үйлдвэрлэх боломжтой. Бид түүнийг Эрчим хүчний хуулийн дагуу төвийн эрчим хүчинд холбох ажлыг хийнэ. Тавантолгой түлш компани 600 мянган тонн түлшийг арван жилийн хугацаанд түлшийг худалдаж авах гэрээг хийх юм. Давирхайг гадагш экспортолж бусад орнуудад түүхий эдээр борлуулах тооцоололтой байгаа. Энэ тохиолдолд хагас коксын үнэ ойролцоогоор нэг тонн нь 350 мянган төгрөг болох болов уу. Магадгүй түүнээс буурахыг үгүйсгэхгүй. “Тавантолгой түлш” компани мидлинг юм уу хагас коксыг худалдаж аваад явахаар тогтмол зардалд 327 мянган төгрөг гэхээр нэг тонн нь 650-700 мянган төгрөгийн үнэтэй түлш үйлдвэрлэх юм байна гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш компани дээр нэг тонн түлшийн үнэ 2022 оны эхний хагасын үнэлгээгээр 450 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм. Зөрүү 300 мянган төгрөгийг татаасыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн дөрвөн жил санхүүжүүлээд явж байгаа. 450 мянган төгрөгийн өртөгтэй түлш маань 650-700 мянган төгрөг болж нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр одоо байгаа татаасын хэмжээ 300 орчим тэрбум төгрөг болж нэмэгдэх урьдчилсан тооцоо гарч байгаа. Энэ тооцоо гүйцэтгэлээр таван хувиар нааш цааш хэлбэлзэж магадгүй. 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий хагас коксын үйлдвэрийг барихад 16-18 сар шаардлагатай. Тиймээс 2023 оны дөрөвдүгээр улиралд тендерийг зарласан тохиолдолд 2024 оны нэгдүгээр улиралд тендерийн компани тодорхой болно. 2025 оны зургаадугаар сарын 30 гэхэд хагас коксын үйлдвэртэй болно гэсэн үг. Ер нь мидлингээр хийсэн шахмал түлш тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Гэхдээ Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэглээ нэмэгдэж байгаа энэ цаг үед миддлингээр хийсэн шахмал түлшийг цаашид хэрэглээд явахад өнгөрсөн өвлөөс утааны хэмжээ буурахгүй гэдгийг олон нийтэд хэлчихсэн нь дээр болов уу гэж бодож байна” гэсэн юм.

Эрх баригчид олон нийтийн шүүмжлэлийг үл харгалзан зориг гаргаж 177.5 тэрбум төгрөгийг шатаан туршилтаа амжилттай болгож агаарын бохирдлоо 50 хувиар бууруулах уу, эсвэл энэ галтай шийдвэрээс татгалзаж улс төрөө гамнах уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ. Хэрэв улс төрийн тогтвортой байдлаа бодож шийдвэр гаргахаас татгалзвал ирэх өвөл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нутгийн ах Ц.Нямдорж шигээ “Би хэлсэн биз, та нарт. Хагас коксоор түлш үйлдвэрлэж туршилт хийх байсан юм. Тэгсэн бол ийм их утаатай байгаа ч үү, үгүй ч үү” гээд сууж байх нь.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Тэр мөнгөө станц даа өг гэр хорооллын ионыг тэгвэл тэнь залга тэгээд л утаа будаа

    1 0 Хариу бичих