Төгсөөс төсөөрөхүй

Нэг хэсэг хүн бүхэн л төгс рүү тэмүүлж байв. Өөлөх аргагүй царай төрх, өөгүй тэгш бие хаа, төгс гэрлэлт, төлөвлөгөөний дагуу төрүүлсэн төгс хүүхдүүд, завсарлагагүй урагшлах ажил, карьер гээд бид амьдралынхаа бүхий л хэсгийг төгс, төгөлдөр байлгахыг эрмэлздэг байлаа. Харин цар тахлын жилүүдэд хүмүүс илүү энгийншиж, өөрийгөө болон орчин нөхцөл, амьдрал ахуй, амраг хайртаа байгаагаар нь хүлээн зөвшөөрч, төгс бол төсөөллийн ойлголт гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Ингэснээр амьдрал илүү энгийншиж, өөрийгөө болон өрөөл бусдыг “өвтгөх” нь багассан. Гэвч бүх хүн төгс гэх ойлголтыг “толгойноосоо аваад хаячихсангүй”. Өөрийгөө хийгээд ойр тойрныхныгоо, орчин нөхцөлөө төгс байлгахыг хичээдэг, энэ хандлага нь амьдралынх нь хамгийн чухал шалгуур болчихсон хүн бидний дунд олон бий.

Бүх зүйлд хэт өндөр шаардлага тавьдаг хүмүүсийг “перфекционизм” гэж нэрлэдэг аж. Энэ нь хүний сэтгэл зүйн нөхцөл байдлаас бус зан чанар, төлөвшлөөс үүдэлтэй хандлага юм. Түүнчлэн эл хандлага нь яг л хоёр иртэй сэлэм шиг. Энэ төрлийн хүмүүс юуг ч төгс гүйцэтгэлтэй хийдэг онцлогтой. Түүнчлэн эргэн тойрон, хүрээлэн буй орчноо үргэлж цэвэр, цэгцтэй байлгадаг. Мөн ажил, карьерын хувьд ч бусдаас илүү өсөлттэй байх нь түгээмэл. Гэхдээ сул тал нь ч эдгээртэй дүйнэ. “Перфекционизм”-ууд стресст өртөмтгий, түгших эмгэгтэй, өөртөө итгэлгүй байх нь элбэг. Түүнчлэн ямар ч зүйл сэтгэлд нь хүрэхгүй, юунд ч сэтгэл нь ханахгүй байх нь энэ төрлийн хүмүүсийн бас нэг онцлог аж.

Төгс рүү тэмүүлэх түлхэц

“Перфекционизм”-ы шалтгааныг судлаачид хэд хэдэн янзаар тайлбарладаг.

Нэгдүгээрт, генетик буюу удамшлаас үүдэлтэй гэж үзсэн байна.

Хоёрдугаарт, хүмүүжил буюу эцэг, эхийн хэт өндөр хүлээлт, ах, эгч, дүү нарын нөлөөгөөр төгс гэх шалгуурт хүлэгдэх тохиолдол элбэг аж. Түүнчлэн бага насандаа хүчирхийлэл, дарамт, үл хайхралтад өртөж байсан зэрэг нь ч бусдаас илүү байх, хэн нэгэнд сул талаа харуулахгүй амьдрах зэрэг сөрөг сэтгэл зүйг бүрдүүлдэг аж.

Эдгээрээс гадна соёл болон нийгмийн хүчин зүйл ч нөлөөлөх нь бий. Судалгаагаар анагаах ухаан, хууль эрх зүй зэрэг хэт өндөр ачаалалтай чиглэлээр суралцаж буй оюутнууд төгс төгөлдөрт тэмүүлэх хандлагатай байдаг нь тогтоогдсон байна. Түүнчлэн энэ төрлийн авир хандлага тамирчид болон урлагийнхны дунд түгээмэл ажиглагддаг байна. Эдгээрээс гадна, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлэгчид ч өөрийн гадаад төрхөө урт хугацаанд хэвээр нь “хадгалах” хүслээсээ болоод перфекционизмд өртөх нь элбэг.

Сэтгэл зүйг гэмтээгч

Өмнө өгүүлсэнчлэн перфекционизм бол сэтгэцийн эмгэг биш юм. Гэхдээ сэтгэцийн эрүүл мэндийг гэмтээх эрсдэлтэй.  Өөртөө хэт өндөр хүлээлт тавьж, алдаа бүрээ шүүх нь сэтгэл түгшүүрийн эмгэг болон сэтгэл гутралын эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Түүнчлэн перфекционизм нь OCD (obsessive compulsive disorder) буюу улигт бодол албадмал үйлийн эмгэгийг өдөөгч чухал хүчин зүйл юм.

Эдгээрээс гадна, хоолны дуршилгүй болох, хооллолтын эмгэгт өртөх ч эрсдэлтэй. Судлаачдын үзэж буйгаар төгс байдлыг эрхэмлэдэг хүмүүс хэт туранхай, өөрийн бие болон жиндээ сэтгэл хангалуун бус байдаг аж. Энэ нь өөрийнхөө гоо сайханд хэт өндөр цензур тавьдагтай холбоотой юм.

“Перфекционизм”-ын гурван төрөл

Судлаачид перфекционизмын үндсэн төрлийг “Өөртөө чиглэсэн, бусдад чиглэсэн, нийгэмд чиглэсэн” гэх гурван бүлэгт хувааж үзсэн байдаг.

Өөртөө чиглэсэн

Өөртөө хэт өндөр шаардлага тавихыг өөрт чиглэсэн “перфекционизм” гэж нэрлэж буй. Энэ төрлийн хүмүүс өөрсдийгөө маш их шүүмжилдэг бөгөөд шаардлагадаа нийцэхийн тулд шаргуу хөдөлмөрлөдөг. Тэд өөрсдөдөө тайван цайлах ч, өөрийнхөө дураар авирлах ч эрх олгодоггүй. Түүнчлэн сэтгэл зүйн хувьд үргэлж түгшүүртэй байдаг.

Бусдад чиглэсэн

Хамтран амьдарч, ажиллаж байгаа хүмүүстээ эсвэл хүүхдүүддээ гээд эргэн тойрныхондоо хэт өндөр шаардлага тавьж, алдаа дутагдлыг нь засахад бүх хүч энергиэ зарцуулдаг хүмүүсийг бусдад чиглэсэн “Перфекционизм” гэж нэрлэдэг байна. Энэ төрлийн хүмүүс өөрсдөө ч мэдэлгүй бусдын сэтгэл зүйг гэмтээж, эргэн тойрныхоо хүмүүсийг ч “перфекционизм” болоход тодорхой нөлөө үзүүлдэг.

Нийгэмд чиглэсэн

Нийгэмд чиглэсэн “перфекционизм” нь бусдад төгс төгөлдөр харагдаж, мэдрэгдэх хүслээс үүдэлтэй. Соёл, нийгмийн хүчин зүйлээс үүдэлтэй “перфекционизм”-ийг энэ бүлэгт хамааруулах боломжтой аж.

Төгсөөс төсөөрөх арга

“Перфекционизм”-ыг анагаах аргыг эмнэлзүйн сэтгэл зүйч, гэмтлийн сэтгэл засалч, арт терапигийн мэргэжилтэн Елизавета Черемохина зөвлөжээ. Түүний зөвлөгөөг хүргэж байна.

Алдах эрх олго

Эмнэлзүйн сэтгэл зүйч, гэмтлийн сэтгэл засалч, арт терапигийн мэргэжилтэн Елизавета Черемохина “Би үйлчлүүлэгчдэдээ зориуд алдаа хийж сэтгэл хөдлөлөө анзаарах зан байдлын туршилт явуулахыг санал болгодог. Энэхүү туршилтыг анхлан  мэргэжлийн хүний хяналт дор аюулгүй газар хэрэгжүүлэх нь зүй. Улмаар үе шатаа дээшлүүлэн найз нөхөд, гэр бүлийнхээ дэргэд алдаа хийж тухтай бүсээсээ гарах хэрэгтэй. Ийнхүү бид алхам алхмаар алдаа гаргаж болно гэдэг шинэ мэдрэлийн эс үүсгэх хүртлээ ажилладаг” хэмээн тэмдэглэжээ. Өөртөө алдаа гаргах эрх олгож, түүнийгээ ажих нь зуршлаа засах хялбар хийгээд үр дүнтэй арга аж.

Амжилтаа анзаар

Өөрийн гаргасан амжилт бүрийг анзаарч, өөрийгөө урамшуулж сурах хэрэгтэй. Гэхдээ заавал шагнал авсан, ажил, мэргэжлийн хувьд ахиц гаргасан зэрэг том үр дүнгээс үүдэлтэйгээр бус жижиг зүйлийг ч анирдах хэрэгтэй. Жишээ нь, нүүрээ сайхан будахдаа эсвэл ажлаа цагт нь амжуулахдаа зэрэг амьдралын хором бүрээс өөрийнхөө сайн талыг олж харахыг хичээгээрэй. Үүний тулд “ялалтын тусгай дэвтэр” шинээр нээж, тухайн өдөртөө гаргасан амжилтаа тэмдэглэх нь илүү үр дүнтэй. Энэ нь бидний дотор буй шүүмжлэгч дуу хоолойг намжаах ач холбогдолтой болохыг дээрх мэргэжилтэн зөвлөжээ.

Амралт олго

Хамгийн сүүлийн бөгөөд чухал алхмуудын нэг бол амралт юм. Харамсалтай нь, бүх зүйлийг төгс хийх гэж хичээдэг хүмүүсийн хувьд хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү зүйл бол амралт. Гэсэн ч өөрийгөө ойр тойрон, орчин нөхцөлөөс холдуулж, амьдралаас түр завсарлага авах хэрэгтэй. Түүнчлэн юун түрүүнд амралтаа эхлээд цаасан дээр төлөвлөөд, дараа нь бодитоор хэрэгжүүлэх  нь чухал.

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Engiin baih n saihan .... Ter az jargalaa medreh iluu saihan .... Yavah zam n hugtsaatai .... Yamr ih huvi tavilangaar hunii ur bolsnoo medreh n Chandiin saihan ..... bayarlalaa

    0 0 Хариу бичих