Аниргүйн аюул

Хот тэлж, суурин өргөжихийн хэрээр дуу чимээний бохирдолд бухимдаж, дүлийрч буйгаа гайхдаг хүмүүс дэлхий ертөнцийн өөр нэгэн эзэд болох амьтдын талаар төдийлөн санаа чилээдэггүй. Гэтэл хүний бий болгодог энэ их дуу чимээнээс амьтад дайжиж үргэхийн хажуугаар байгалийн төрөлх шинж чанар болох дуу чимээгээр хүрэлцэх мэдрэмжээ улам бүр гээж буй ажээ.

Шувуудын жиргээ, араатан амьтдын архираанаас гадна хүний сонорт баригдаж мэдрэгдэхгүй байгалийн түмэн янзын чимээ бий. Махчин аварга загаснаас дутааж яваа эх халим зулзагадаа хэрхэн дохио өгдөгийг, зөгийн сүрэг бусдыгаа айсуй аюулаас яаж сэрэмжлүүлдэгийг хүн төрөлтнүүд хэзээ ч тайлж мэдэхгүй болов уу. Хамгийн гайхалтай жишээ болох эх газрын элсэнд булагдсан яст мэлхийн үр хөврөл өндөг нь хагарч бие гүйцэхэд өөрсдөө эрэн бэдэрсээр далай тэнгисээ олж очдог зүй тогтол ч чимээтэй холбоотой. Харамсалтай нь сая сая жилийн турш оршиж ирсэн байгалийн дуу чимээ хүний хөлөөр бүдгэрч, дагаад биологийн төрөл зүйлийн тоо толгой буурч байна. Шавжны сэржигнээн, шувуудын жиргээн дарагдаж аажмаар чимээгүй ноёлж буй энэ үйл явцыг биологичид аниргүйн аюул хэмээн сэрэмжлүүлж буй. Гэвч эрдэмтэд амьтдын дуу чимээний бичлэгийг ашиглан байгалийн зүй тогтлыг эргүүлэн сэрээх шинэ арга техникийг туршиж эхэллээ.

Байгалийг чагнахуй

Дуу бичлэгийг байгаль орчны ажиглалт, туршилтад ашиглаж ирсэн нь саяхны хэрэг биш. Дуу хураагуур, бичлэг тоглуулагч бий болсон цагаас л ан амьтад, байгалийн зүйл бүрийн чимээг бичиж судалж ирсэн хүрээлэнгүүд бий. Тухайлбал, 1969 онд Их Британид байгуулагдсан “Зэрлэг ан амьтдын дуу чимээний сан”-д дэлхийн газар зүйн бүс бүрээс дуу чимээ гаргадаг амьтдын бүх төрөл зүйлийг хамарсан амьд байгалийн 240000 гаруй бичлэг хадгалагдаж байна. 

Харин технологи хөгжсөн өнөө цагт амьтдын дуу чимээг илүү нарийвчлалтай тод чанга акустиктайгаар бичиглэж, хүний мөр хүрэх боломж хомс нууцлаг буйдхан газраас ч дуу чимээний сангаа зузаатгаж байгаа тухай тус сангийн эрхлэгч Шерил Типп өгүүлсэн юм. Тэгвэл ховордож буй төрөл зүйлийг дуу чимээг зөвхөн хальсанд мөнхлөөд үлдээх бус дуу чимээний сангаа эргэлтэд оруулж амьтдыг байгалийн дуу хоолойгоор нь эргээд сэргээх төсөл 2020 оноос эхэлжээ. Энгийнээр тайлбарлабал мэлхийн үржлийг эхлүүлэхийн тулд хур борооны бичлэг хэрэгтэй. Хот суурингийн чимээнд төөрөлдсөн сарьсан багваахай, загас, халим зэрэг амьтдыг үржил явагдах тодорхой байрлал руу чиглүүлэхийн тулд “акустик төөрөгдөл”-ийг амжилттай ашиглаж байна.

Далайн сонорт

Аделаидын их сургуулийн далайн экологич Доминик МакАфийн удирдсан баг Австралийн эрэг орчмын далайн хясааг шинээр сэргээсэн амьдрах орчинд суурьшуулах зорилгоор усан доор чанга яригч байрлуулж ижил төрөл зүйлийнх нь “аялгуу”-г тоглуулдаг. Хэтийдсэн загас агнуур, амьдрах орчны доройтол зэргээс үүдэн Австралийн эрэг орчмын хясааны популяци мөхлийн ирмэгт хүрч, сүүлийн 150 жилийн хугацаанд далайн хясааны 85 хувь нь устаж үгүй болсон юм. МакАфийн аргаар үлдсэн цөөхөн хясааг дуу чимээгээр сэрээхэд хөдөлгөөн нь эрс идэвхжиж, далайн гүн руу шумбан үржилд орж байв. Дараа нь багийнхан далайд асар том шүрэн хад байрлуулахад үр дүнг нь хараад гайхан цочирджээ. Дуу чимээний аясаар хад чулуудыг тойрон хэдэн зуун хясааны авгалдай цуглах нь тэр. 

2022 онд хэвлэгдсэн судалгаагаар далайн чимээ шуугиан тоглуулж хадны хясааг нөхөн сэргээсэн Австралийн туршлага үр дүнтэй гэдэг нь нотлогджээ. Гэхдээ зориудаар үүсгэж буй чимээ шуугиан далайн бусад хөхтөн амьтдад сөрөг нөлөө үзүүлж магадгүй тул илүү өндөр түвшинд судлахыг санал болголоо. “Цөөхөн жилийн дотор бид устаж үгүй болсон экосистемийг мөхлөөс эргүүлэн авчирлаа” гэж МакАфи өдгөө ам бардам хэлж сууна.

Далайн сонорыг сэрээх түүний аргыг өдгөө дэлхий даяар сонирхон туршиж эхэлжээ. АНУ-ын зүүн зургаан мужийн 166 000 км3 талбайг хамарсан Чесапик булангийн сав газар нэгэн цагт хясааны диваажин байлаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд тоо толгой нь хорогдож, популяци удааширсан тул МакАфийн аргаар нөхөн сэргээлт явуулж буй. Далайн усны чанар, тунгалаг байдлыг хадгалахад онцгой нөлөөтэй хясааны үржлийг дэмжихийн тулд америкчууд Chesapeake Oyster Alliance хэмээх хандивын сан үүсгэн байгуулж 2025 он гэхэд зүүн эргийн хясааны тоог 10 тэрбумд хүргэх зорилго тавьжээ.

Шувуудын диско

Байгалийн дуу чимээнээр сэрж буй биологийн төрөл зүйл ганцхан хясаа биш юм. Чесапик булангаас 9700 км зайд Номхон далайн аниргүй арлыг шувуудын ганганаан чимэх боллоо.

Дэлхийн II дайны үед алс буйдхан Палмира арлыг дайрч өнгөрсөн АНУ-ын цэргийн хөлөг онгоцноос хэсэг харх шүрэн аралд үлдэж хоцорчээ. Урилгагүй зочид арлын уугуул “оршин суугчид” болох далайн нялцгай биет, ургамал, далайн шувуудын ангаахайгаар хооллосоор хурдан хугацаанд өсөж сүрэглэв. Байгаль хамгаалагчдын олон жилийн хүчин чармайлтын дүнд Палмира арал 2011 он гэхэд хархнаас бүрэн ангижирсан билээ. Гэвч арлын экосистемийг аврахад дэндүү оройтсон байлаа. Хархнууд арлын найман зүйл шувуудыг бүрэн идэж устгаснаар аймшигтай нам гүм ноёлно. Азот, фосфороор баялаг далайн организмаар хооллодог таатай орчинд нь шувуудыг эргүүлэн авчрахын тулд дуу чимээ чухал. Далай тэнгис, шувуудын чимээ хадгалагдаж үлдсэн ч хоногийн турш тэдгээрийг тоглуулахад байгальд ээлтэй басхүү жигүүртэн шувуудын нүднээ хүний мөр гаргахгүй технологи хэрэгтэй боллоо. Ингээд 2020 онд нарны эрчим хүчээр ажилладаг хос чанга яригч, MP3 тоглуулагч суурилуулсан “Шувуудын диско” бий болж төрөлх арлаасаа дайжсан шувуудыг урин дуудлаа. Чанга яригчаас гарах чимээ ердөө 500 метр зайд л түгэж, тэнгисийн салхи шуургатай сүлэлдэн замхрах тул шувуудын диско эхэндээ амжилтад хүрэх боломжгүй мэт санагдана. Нэг л өдөр аралд саарал нуруут буцан ирж, араас нь эмэгчин нь нэгдсэнээр анхны дэгдээхэйгээ тосож авлаа. Ердөө 3.9 км2 нутаг дэвсгэртэй бяцхан арал одоо 52 зүйлийн жигүүртний өлгий болсон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ковидын үеэр дуу чимээ багасаад устаж байсан амьтад сэргэсэн гэж байсан хүмүүс хорлонтой юм аа

    0 0 Хариу бичих
  2. Ureer shuvuudiin jirgeeneer yavj bhad shan shuu

    0 0 Хариу бичих