Хог “хаягдал” биш

Монгол Улсад жилд 3.4 сая тонн хог хаягдал үүсдэг гэх дүн мэдээ бий. Тэгэхээр бид нэг секундэд 107 кг хог хаягдал “үйлдвэрлэдэг” гэсэн үг. Гэвч тэдгээрийн ердөө 3-4 хувийг нь л дахин боловсруулдаг. Уг нь 50 гаруй хувийг нь боловсруулан ашиглах боломжтой.   

Манай улс “Ландфилл” буюу хог хаягдлыг хөрсөнд булж устгах технологиос ангилан ялгах аргачлал руу одоогоос 8 жилийн өмнө шилжсэн байдаг. Ингэснээр хог хаягдлыг боловсруулж, дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүн бий болгон, зах зээлийн эргэлтэд оруулах учиртай. Харамсалтай нь, боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаагийн улмаас хог хаягдал хэдэн тонноороо хөрсөнд булагдаж, эсвэл салхинд хийсэн, хөрс агаарын бохирдол үүсгэж байна.

Улсын хэмжээнд хог дахин боловсруулах нийт 70 гаруй үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэдгээрийн 18 нь хуванцар бүтээгдэхүүн боловсруулдаг. Уг үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа шалтгааныг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн, Хог Хаягдлын Үндэсний зөвлөх Д.Батжаргал тайлбарласан байдаг. Тэрээр “Хог дахин боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Яагаад вэ, гэхээр уг үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд ордогтой холбоотой юм. Бид маш их хэмжээний хог гаргадаг. Гэтэл дахин боловсруулах үйлдвэрүүд түүхий эд буюу хог хаягдлын хомсдолд ороод байгаа. Үүнд ганцхан л учир шалтгаан бий. Энэ нь олон нийт хог хаягдлыг ангилан ялгаж хаяхгүй байгаатай холбоотой. Хог ангилан ялгаж буй хүмүүс маш цөөхөн байна. Иймээс л дахин боловсруулах үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд ордог” гэсэн юм.

Олон нийт хог хаягдлыг ангилан ялгаж чадахгүй байгаагаас үүдэн дахин боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй аж. Тэгвэл үүнд олон нийтийг буруутгахаас өмнө хогийг ангилан ялгах хогийн сав, хуванцар савыг мөнгөөр авдаг машины хүрэлцээг нэмэгдүүлэх асуудлыг хөндөх хэрэгтэй.

Нийтлэлээрээ хөгжингүй орнууд хог хаягдлын асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг дэлгэрүүлье.   

Герман хог хаягдлынхаа 67.1 хувийг дахин боловсруулдаг

Дахин боловсруулах үйлдвэр хамгийн өндөр хөгжсөн орноор Герман улсыг нэрлэж болно. Учир нь тус улс энэ чиглэлээр эхний тавдугаар байранд 2016 оноос хойш эрэмбэлэгдэж ирсэн бөгөөд 2020 онд нийт хог хаягдлынхаа 67.1 хувийг дахин боловсруулжээ. Тус улс нь хаягдлыг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг 1990 оноос хойш хэрэгжүүлж ирсэн байна. Үүний хүрээнд бүтээгдэхүүний сав баглаа боодлыг байгальд ээлтэйгээр бүтээх, байгальд ээлгүй сав баглаа боодол гаргасан бизнес эрхлэгчдэд хариуцлага тооцдог аж. Түүнчлэн тус улсаас нэг удаа хэрэглээд хог болох бараа бүтээгдэхүүнийг хязгаарлах, удаан эдэлгээтэй барааг устгахыг хориглох зэрэг тогтвортой, эдэлгээ сайтай бүтээгдэхүүнийг дэмжиж ажиллаж байна.  

Хог ангилан ялгаж хаях тухайд зургаан өнгийн хогны сав ашигладаг байна. Цаас, хуванцар сав, тунгалаг шил, хүнсний хог хаягдал гэх мэт ялган ангилах өнгийн савнуудад хогоо буруу ангилбал хогны машин хотхоны хогийг ачихаас татгалзах бүрэн эрхтэй байдаг аж. Хэрэв ийм зүйл тохиолдвол дараагийн ачилтын өдөр буюу 15 хоногийн турш хотхоны айлууд хогоо гэртээ байлгахаас өөр аргагүйд хүрдэг байна. Иймээс Герман улсын иргэд хог ангилах үйл явцад өндөр ач холбогдол өгдөг аж.  

БНСУ нэг удаагийн аяга, хуванцар соруул хэрэглэхээ болино

Хог хаягдлыг дахин боловсруулахад ач холбогдол өгч, төрийн бодлогоор дэмждэг орон бол БНСУ юм. Тус улс 2020 онд нийт хог хаягдлынхаа 59.7 хувийг дахин боловсруулсан бөгөөд 2027 он гэхэд нэг удаагийн аяга, хуванцар соруулыг хэрэглэхээ болих зорилт тавьсан байна.

Түүнчлэн 1995 онд 2 хувьтай байсан хүнсний хог хаягдлын боловсруулалтад анхаарч, 2020 онд 95 хувь болгон нэмэгдүүлжээ. Үүнд олон нийтийн хогоо ангилан ялгах дадал ихээхэн нөлөөлжээ.  

Гялгар уутнаас ангижирсан Австри улс

Австри улс 2018 онд хог хаягдлынхаа 53.8 хувийг дахин боловсруулсан бол 2020 онд 59 хувийг боловсруулжээ. Тус улс нь сүүлийн 10 жилийн турш хог хаягдалтай эрчимтэй тэмцэж байгаа бөгөөд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын түвшин 5 хувиас их байгаа бүтээгдэхүүнийг хогийн цэгт оруулахыг хориглосон байна. Мөн тус улс нь 2020 оны гуравдугаар сард гялгар уут импортлох, худалдахыг хориглосон бол 2020 оны зургаадугаар сард гялгар уутыг жижиглэн худалдаалагчдад олгох нэмэлт хоригийг тавьсан юм. Сонирхуулахад, Австрийн хүн амын 96 хувь нь хог хаягдлаа дахин боловсруулах боломжтой ангиллаар ялгадаг бөгөөд айл бүр жилд дунджаар нэг сая тонн хог хаягдлыг ангилан ялгадаг талаар Sustainability сэтгүүл онцолжээ.

Хог хаягдал импортолдог Швед улс

Хог хаягдлын асуудлаа шийдэж чадахгүй улс байхад гаднын улсуудаас хог хаягдал авчирч дахин боловсруулдаг эсвэл эрчим хүч болгон үйлдвэрлэдэг улс бий. Энэ бол Швед улс бөгөөд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 1.3 сая тонн хог хаягдлыг импортолдог байна. Импортын хог хаягдлын ихэнх хэсгийг нь Норвеги болон Их Британийн хог хаягдал бүрдүүлдэг аж. Ийнхүү импортолсон хог хаягдлаа дулааны цахилгаан станцуудад шатааж, өвлийн турш байрнуудынхаа халаалтын асуудлыг шийддэг ажээ.

Анх 1991 онд нүүрс болон бусад нүүрс хүчлийн хий ялгаруулдаг түлшний татварыг нэмснээр хог хаягдал шатаах болсон бөгөөд одоо тус улсын эрчим хүчний хэрэглээний талаас илүү хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлдэг байна.

Сонирхолтой нь, 2011 оноос хойш хог хаягдлын ердөө нэг хувь нь л хогийн цэг дээр булшлагдаж бусад 99 хувь нь дахин боловсруулагдаж, эсвэл дахин хэрэглэгдэж цаашлаад эрчим хүчний эх үүсвэрээ болгожээ.

Дэлхийн ихэнх орон хогийг хаягдал бус эдийн засгийг зузаатгах, эх дэлхийг хамгаалах боломж гэж хардаг болжээ. Гэтэл бид нийслэл, аймгийн төвийнхөө газар нутгийн хэмжээтэй дүйцэхүйц хогийн цэгийг бий болгож, тэндээ хогоор овоо босгож, хөрс, ус, хүн, мал, амьтангүй хордуулсаар л байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hoggoo zov yalgaj hayahgui bolohoor yaj hogjihov dee

    0 0 Хариу бичих