"Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн шинэ дугаараас онцлох сэдвүүд
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 566 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаарын онцлох сэдвүүдийг танилцуулъя.
Нэг. Хязгааргүй шуналыг хазаарлах эхлэл
Манай улсад инфлюнсерүүдийн эрээ, цээргүй үйлдэл, ичгүүр сонжуургүй авир, хариуцлагагүй сурталчилгаа зэргийг хазаарлах эрх зүйн орчин дутмаг. Харин дэлхийн зарим оронд энэ төрлийн харилцааг зохицуулах хууль батлаад эхэлсэн байна. Тухайлбал, Франц улс нөлөөлөгчдийн хамжааргагүй зар, сурталчилгааг чөдөрлөх нэгэн шинэ хуулийг энэ сарын 1-нд баталжээ. Хуульд, олон дагагчтай цахим хэрэглэгчид төлбөртэй зар, сурталчилгаа нийтлэхдээ ил тод байдлыг эрхэмлэж, ивээн тэтгэгчтэй гэдгийг нь зарлах, тэмдэглэхийг үүрэгджээ. Энэ нь хэрэглэгчдэд арилжааны шинж, зорилготой бүтээгдэхүүн гэдгийг нь таниулж, төөрөгдөлд орохоос сэргийлэх зорилготой аж. Эдгээрээс гадна, зарим төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахыг ч хориглосон байна. Тухайлбал, гоо сайхны мэс заслын үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, банк санхүүгийн үйлчилгээ, мөрийтэй тоглоом, архи, тамхи зэргийг хүмүүст таниулж, ухуулах боломжгүй болжээ.
О.Даваасүрэнгийн "Цадиггүй цахим сурталчилгаа" нийтлэлээс
Хоёр. Үл нөлөөлөгчид гэж хэн бэ?
Инфлюенсер буюу нөлөөлөгчдийн эсрэг туйл гэж болох үл нөлөөлөгчдийн шинэ үе хэт материаллаг болоод өртөг өндөртэй чиг хандлага удаан хугацаанд оршин тогтнохгүй гэдгийг гэрчилж байна. Дэлхий даяар ханшийн уналт өсөн нэмэгдсээр байгаа энэ цаг үед нөлөөлөгчдийн үрэлгэн занг дэлгэцийн араас шүлс асгаруулан ширтэж буй сошиал медиа хэрэглэгчид цөөнгүй. Харин үл нөлөөлөгчид гэж нэрлэгдээд буй хэсэг бүлэг хүмүүс хэрэглэгчдийг бодит байдлыг бодолцож, нэгхэн ширхэг хөнжилд багадаа 185 ам.доллар зарцуулах шаардлагатай юу гэдэгт дүгнэлт хийхийг уриалах болжээ. Тэдний хүргэхийг хүссэн дуу хоолой энгийн бөгөөд шударга. Юу вэ гэвэл нөлөөлөгчдийн сошиалаар нэг сурталчлаад байгаа тэдгээр зүйлс хэтийдсэн үнэтэйн дээр танд огт хэрэгцээгүй гэдгийг л сануулж буй явдал юм. Зарим тохиолдолд үл нөлөөлөгчид танд илүү хэрэгцээтэй, хэрэндээ таарсан боломжийн үнэтэй зүйл санал болгодог. Мөн тэд гоо сайхан, хувцас загвар зэрэг тодорхой салбаруудтай холбоотой хог хаягдлын зардал, тогтвортой байдлын талаар санал бодлоо хуваалцдаг.
Үл нөлөөлөгчдийн үзэл бодол өдөр тутам өргөн хүрээг хамарч, олон нийтэд таалагдсаар буй. Тухайлбал, ТикТок аппликейшны тавдугаар сард танилцуулсан мэдээлэлд “үл нөлөөлөгчид” гэсэн хаштагийг 584 сая удаа үзсэний 582 сая үзэлт өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүртгэгджээ. Сошиал медиад шинээр гарч ирж буй үл нөлөөлөгчдийн трэнд хэрэглэгчдийг хэтийдсэн үнэтэй, үр ашиггүй зүйлд мөнгөө зарцуулахаас сэргийлдэг гэж “Ruby Media” группийн ерөнхийлөгч, сошиал медиа шинжээч Крис Руби өгүүлсэн байна. Сошиал медиа нь худалдаа борлуулалтын зах зээлд, тэр дундаа залуу үйлчлүүлэгчдийн хувьд амин чухал болоод байгаа үед үүссэн шинэ хандлагыг “үл нөлөөлөгчид” гэж тодорхойлж болно. Саяхны судалгаагаар худалдан авагчдын 87 хувь нь Инстаграм болон ТикТок апп дээрх зар сурталчилгаа үзсэнийхээ дараа цахимаар худалдан авалт хийх болон тухайн брэндийн вебсайтаар зочилсон гэдгийг тогтоожээ. Брэндүүд болон компаниуд зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулж, үйлчилгээгээ сурталчлахын тулд нөлөөлөгчдөд багагүй төлбөр төлдөг. Товчхондоо сошиал медиа хэрэглэгчид тухайн бараа бүтээгдэхүүнийг зарахын тулд дагагчдаа ятган сэнхрүүлдэг бол үл нөлөөлөгчид тэдний эсрэг туйл аж. Гэхдээ энд анхаарлын тэмдэг тавихад илүүдэхгүй.
Г.Ганчимэгийн "Үл нөлөөлөгчид айсуй" нийтлэлээс
Гурав. Амь дүйсэн адал явдал
дотоодын аялагч нэмэгдэж байгаад сайн тал байгаа ч сүүдэртэй тал ч мөн бий. Дотоодын аялал жуулчлал эрчимжсэн сүүлийн жилүүдэд зуны улиралд осол гэмтэл гарах, иргэд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол улам бүр нэмэгдэж байна. Тухайлбал, сүүлийн зургаан жилийн хугацаанд зөвхөн усны ослоор 600 гаруй хүн амь насаа алдсан гэх харамсалтай статистик байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрлийн осол гэмтэл хоёр дахин нэмэгджээ. Усны ослоор амиа алдсан хүмүүсийн 30 орчим хувь нь хүүхэд юм. Хүүхдээ хараа хяналтгүй орхисон, амралт зугаалгаар явах үедээ гол, нуурын усанд орсон, архидан согтуурсан зэрэг шалтгаан ослын талаас илүү хувийг нь эзэлж байгаа нь тун харамсалтай. Сэрэмжилж болох эрсдэлээс өөрийгөө хийгээд хайртай хүмүүсээ хамгаалах нь нэн чухал юм.
О.Даваасүрэнгийн "Амины үнэтэй аялал" нийтлэлээс
Дөрөв. 78 мандатыг 28 тойрогт хуваана
УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тухай тогтоолыг 2024 оны нэгдүгээр сард багтаан батална. Өмнөх сонгуулиар 76 мандатаа 28 тойрогт хувааж байлаа. Энэ удаад ч тойргийн хуваарилалтаа өөрчлөхгүйгээр 28 тойрогт сонгууль зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Өөрөөр хэлбэл, нэг тойрог 2-4 мандаттай байна гэсэн үг. Харин 78 болгон нэмэгдүүлсэн хоёр мандатаа нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт нэмэхээр төлөвлөжээ. Ингэснээр тус хоёр тойрог л таван мандаттай байх бололтой. Тойргийн тоог нэмж 28-аас олон болговол тойргийн хэмжээ жижгэрч, иргэдийн саналд нөлөөлөх шударга бус байдал үүсгэх магадлалтай гэж үзжээ.
Тойрогт нэр дэвшигчдийн хамгийн олон санал авсан нэр дэвшигчид сонгогдоно. Тодруулбал, хоёр мандаттай тойрог байлаа гэхэд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч сонгогдоно гэсэн үг. Түүнээс заавал төдөн хувийн санал авч байж сонгогдоно гэсэн зохицуулалт байхгүй. Өмнө нь “Хамгийн багадаа саналаа өгсөн сонгогчдын 28 хувийн саналыг авч сонгогдоно” гэсэн хуультай байлаа. Үүнтэй холбоотойгоор дахин санал хураалт явуулж байсан түүх ч бий. Саналын ямар ч босгогүй болгосныг зарим хүн эсэргүүцэж байгаа юм.
С.Шийлэгтөмөрийн "126 хүнийг барианд оруулах замын “хагас” зураг" нийтлэлээс
Тав. Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга нийслэлд бий юү?
Газар хөдлөлтийн аюул хэзээ ч тохиолдож болзошгүй Улаанбаатар хотод хамгийн анхаарах зүйл нь барилгын чанар. Тухайлбал, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ аваагүй, барилгын стандарт нормыг бүрэн хангаагүй барилга орон сууц нь учирч болзошгүй аюул, эрсдэлийг улам нэмэгдүүлэх бол газар хөдлөлтөд тэсвэртэй барилга эрсдэлийг бууруулна. Тэгвэл нийслэлд 130 мянга гаруй барилга байгаагаас 18 мянга гаруй нь газар хөдлөлтийн тэсвэржилт буурсан буюу газар хөдлөлт тэсвэрлэх арга хэмжээгүй гэсэн тооцоолол байдаг аж.
Ж.Лувсан-Ёндонгийн "Улаанбаатараас юу үлдэх бол..." нийтлэлээс
Зургаа. Байгалийг чагнахуй
Хот тэлж, суурин өргөжихийн хэрээр дуу чимээний бохирдолд бухимдаж, дүлийрч буйгаа гайхдаг хүмүүс дэлхий ертөнцийн өөр нэгэн эзэд болох амьтдын талаар төдийлөн санаа чилээдэггүй. Гэтэл хүний бий болгодог энэ их дуу чимээнээс амьтад дайжиж үргэхийн хажуугаар байгалийн төрөлх шинж чанар болох дуу чимээгээр хүрэлцэх мэдрэмжээ улам бүр гээж буй ажээ.
Шувуудын жиргээ, араатан амьтдын архираанаас гадна хүний сонорт баригдаж мэдрэгдэхгүй байгалийн түмэн янзын чимээ бий. Махчин аварга загаснаас дутааж яваа эх халим зулзагадаа хэрхэн дохио өгдөгийг, зөгийн сүрэг бусдыгаа айсуй аюулаас яаж сэрэмжлүүлдэгийг хүн төрөлтнүүд хэзээ ч тайлж мэдэхгүй болов уу. Хамгийн гайхалтай жишээ болох эх газрын элсэнд булагдсан яст мэлхийн үр хөврөл өндөг нь хагарч бие гүйцэхэд өөрсдөө эрэн бэдэрсээр далай тэнгисээ олж очдог зүй тогтол ч чимээтэй холбоотой. Харамсалтай нь сая сая жилийн турш оршиж ирсэн байгалийн дуу чимээ хүний хөлөөр бүдгэрч, дагаад биологийн төрөл зүйлийн тоо толгой буурч байна. Шавжны сэржигнээн, шувуудын жиргээн дарагдаж аажмаар чимээгүй ноёлж буй энэ үйл явцыг биологичид аниргүйн аюул хэмээн сэрэмжлүүлж буй. Гэвч эрдэмтэд амьтдын дуу чимээний бичлэгийг ашиглан байгалийн зүй тогтлыг эргүүлэн сэрээх шинэ арга техникийг туршиж эхэллээ.
С.Лхагвасүрэнгийн "Аниргүйн аюул" нийтлэлээс
Долоо. Эго бидний дайсан биш
Сүүлийн хэдэн жил бид эго гэх зүйлийг хэтэрхий нэг өнцгөөр харж,ойлгож ирсэн. Биеэ дөвийлгөж, чаддаг зүйлээрээ бахархах хүн бүрийг нийгмээрэээготой, мунхаг, биеэ тоосон гэх мэтээр цуурхах нь хэвийн үзэгдэл болоод буй. Гэтэл эготойбайхад буруу зүйл үгүй бөгөөд зөвхөн эгог хэм хэмжээнд нь тааруулж зохицуулах л чухал аж. Энэ ч утгаараа эго гэх би төвт үзлийг өөрт ашигтай эерэг байдлаар бий болгох нь давуу тал болох юм.
Эгонь Латины “ego”буюу би гэсэн үгээс гаралтай.Хүмүүс ихэвчлэн эго гэдэг үгийг бардам, хувиа хичээсэн зан хэмээн ойлгодог. Тэгвэл эго нь тухайн хүний хамгийн сайн, эсвэл хамгийн муу талыг дөвийлгөдгөөрөө онцлогтой.
Сөрөг эго нь таны дайсан болдгоос эерэг эго нь амжилт хичээл зүтгэлийн түлш болж байдаг аж. Тухайлбал, АНУ-ын Индианагийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар эерэг эго нь тухайн хүний хүсэл зоригийг хурцалж өгдөг бөгөөд энэ нь амжилттай суралцах, эсвэл томоохон төсөлд анхаарлаа төвлөрүүлж амжилт гаргахад тусалдаг хэмээн үзжээ. Мөн эго нь аливаа зүйл буруугаар эргэх үед тэсвэр тэвчээртэй байхад тусалдаг хамгийн чухал зан чанар аж. Мөн ажил, нийгмийн амьдралын карьерт эго өндөртэй залуус илүү өндөр цалин, ажил мэргэжлийн хувьд тушаал ахих боломж бүрдсэн байдаг нь ШвейцарийнБернийн их сургуулийн нэгэн судалгаагаар батлагджээ.
И.Сарангоогийн "Эерэг эго бол ид шид" нийтлэлээс
Найм. Тууштай байдал туйлаас чухал
Хүн бүрд хэзээ биелэх нь тодорхойгүй хэл сурах, жингээ хаях, шинэ хоббитой болж өөрийгөө хөгжүүлэх нууцхан хүсэл бий. Үүнийгээ хугацаа заан товлох дуртай. Сарын дотор хүссэн жиндээ хүрч, шалихгүй богино хугацаанд гадаад хэл сурахаар төлөвлөнө. Гэвч бодохоос цаашгүй. Хэрэгжүүлж эхэллээ ч хэсэгхэн хугацааны дараа шантарч орхидог. Ихэнх нь тууштай биш байдалдаа хорсох ч туйлбартай байж чаддаггүй. Энэ нь сүүлдээ эмгэг болж, стресстүүлэх шалтгааны нэг болдог байна.
Хүмүүсийн аливааг ахархан хугацаанд амжуулахыг хүсдэг оролдлоготой нь холбоотойгоор англи хэлний сургалтын төвөөс эхлээд ашиг хайсан хэн бүхэн тэдний тууштай биш зорилгод нь нийцүүлж, тусгайлсан хөтөлбөр санал болгодог. Хагас хүрэхгүй жилийн хугацаанд хэлний түвшинг нь сайжруулж, хангалттай хэмжээнд тураан галбиржуулах боломжтой хэмээнэ. Энэ нь нэг талаас тийм байж болох ч цаашид хэрхэх эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Гэтэл аливаа зүйлийг сурах процесс өөрөө насан туршийнх байдаг. Амьдралын хэв маягаа өөрчлөхөд хүртэл ялгаагүй. Тууштай байдал, уйгагүй хөдөлмөр зорьсон зорилгод хүргэдэг болохоос түр зуурын бүхэн ямар ч нөлөөгүй.
Б.Нямцэрэнгийн "Алдагдсан сахилга бат" нийтлэлээс
Ес. Гавьяаны эзэд
Энэ сард 10 жилийнхээ ойг сүр дуулиантай тэмдэглэж Сөүл хотыг нил ягаан өнгөөр хучсан BTS хамтлаг дэлхийн хөгжмийн зах зээлд К-попын нөлөөг мэдэгдэхүйц тэлсэн. K-поп соёл нь Солонгосын эдийн засагт жилдээ 10 тэрбум ам.доллар оруулдаг бол BTS хамтлаг дангаараа 3.9 тэрбум олдог. 10 жилийн хугацаанд тэдний Солонгосын эдийн засагт оруулсан үр нөлөө 32.6 тэрбум ам.долларт хүрээд буй. Хамтлагийн 10 жилийн ойг тэмдэглэсэн BTS Festa арга хэмжээний үеэр зургаадугаар сарын 12-15-нд Сөүлд ирж буй жуулчдын тоо 13 хувиар өссөн нь гайхах зүйл огт биш юм. Гуравхан өдрийн тоглолтоос улсынхаа эдийн засагт үзүүлсэн үр нөлөө нь нэг их наяд вон хэдийнэ даваад байна.
С.Лхагвасүрэнгийн "Эдийн засгаа тэтгэх энтертайнмент" нийтлэлээс
Амаржаргөл 2 өдрийн өмнө
Нөт урамшуулалаа яаж авах
0 0 Хариу бичих