Бүжиг бол боломж

Бүжгийн урлаг гэдэг аливаа зүйлийн мөн чанар, хүний сэтгэл хөдлөлийг биеийн хэлэмж болон хөгжмийн зохицлоор төгс илэрхийлдэг зүйл.

Тэр ч утгаараа энэхүү урлаг өнөөг хэр нь үнэ цэнтэйд тооцогдож, улам бүр түгэн дэлгэрч байна. Түүнчлэн 1982 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 29-ний өдрийг дэлхийн ихэнх улс оронд “Олон улсын бүжгийн өдөр” болгон тэмдэглэсээр иржээ. Нөгөө талаас бүжиг гэдэг зүйл дан ганц урлагийн нэгэн хэсэг төдийгүй хүний уураг тархинд хүртэл онцгой нөлөө үзүүлдгийг судалгаагаар тогтоожээ.

Колумбийн их сургуулийн хийсэн нэгэн судалгаанд хөгжим болон бүжгийн хослол нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, мэдрэхүйн тусламжтайгаар сэтгэхүйд дохиолол болж очдог байна. Ингэснээр харааны ой тогтоолт сайжирч, цаашлаад баруун, зүүн тархины хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг аж.

Мөн бүжиг нь серотонин дааврын хэмжээг нэмэгдүүлж, стресс бухимдлыг намжаагаад зогсохгүй мэдрэлийн шинэ холбоог бий болгож, урт хугацааны санах ой, танин мэдэхүйн чадварыг сайжруулдгаараа онцлогтой.

Uuree’s dance-ийн бүжгийн багш Ж.Үүрийнтуяа

Миний хувьд сэтгэл санааны байдлаа дээрдүүлэх, турах зорилгоор бүжгээр анх хичээллэж эхэлсэн. Харин явц дундаа бүжгээр хичээллэх нь хүнд ямар олон давуу талыг бий болгодгийг бүр илүүтэй мэдэрсэн. Бүжгээс хүн тайтгарал, эрч хүчийг мэдэрч болно. Нэг үгээр хэлбэл бүжиг сэтгэлзүйн эмчилгээ юм. Тэр ч утгаараа хүний зан харектерт ч эерэг нөлөөлөл үзүүлдэг. Түүнчлэн хувь хүний төлөвшил талаасаа цаг баримтлах, аливаа зүйлд гэгээлэг байдлаар ханддаг болох, бусадтай учир зүйгээ ололцоход сургадаг.

Chill-рэх орон зай

Их дэлгүүрийн урд талын фантамын хөшөө аль эсвэл хотын төвийн хаа нэгтээ залуус сонирхлоороо нэгдэж, хөгжим бас бус зүйлсээ авчран цагийг зугаатай өнгөрүүлдэг жишиг тогтсон. Дуулж, бүжиглэх тэдгээр залуусыг хараад суухад хүртэл сэтгэлд өег. Ер нь дуу, хөгжим, бүжиг гэдэг зүйл хүний амьдралд хэзээнээсээ л чухал байсаар ирсэн. Залуучуудын хувьд цагаа өнгөрүүлэх газар тэр бүр байдаггүй ч тэд боломж бололцоогоороо зөв зүйлд цаг зарцуулж буй нь сайшаалтай. Өмнө нь ямар нэгэн арга хэмжээг заавал хаа нэг газрын өрөө эсвэл танхимд хийх ёстой мэт хэвшмэл ойлголт байдаг байв. Харин өнөө цагт бол тийм биш. Энэ хэрээр гудамжны урлаг, тэр дундаа “street dance” Монголд хөгжих голдрилдоо аль хэдийнэ ороод байна. Гудамжны бүжгийн тухайд анх 1970-аад оны үед үүсэж хөгжсөн түүхтэй. Тухайн үед Африк гаралтай Америк, Латин Америкчуудыг арьс өнгөний үзлээс шалтгаалж, бүжгийн студид оруулдаггүй байв. Гэхдээ тэд зүгээр суухыг хүссэнгүй. Гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн гээд байж болох газруудад бүжиглэдэг байсан нь өнөөгийн “Street dance” гэх урсгал,  соёл түгэн дэлгэрэх эхлэл болжээ. Зарим эх сурвалжийн үзэж буйгаар энэ соёл манайд 1980-аад оны дунд үед нэвтэрсэн гэдэг. Гэхдээ нийгэм цаг үеийн байдлаас шалтгаалаад тэр бүр түгээмэл байсангүй. Учир нь, тухайн үед гудамжны бүжгийг хөрөнгөтөн орны бүжиг хэмээн шүүмжилдэг байжээ. Харин ардчилал ялснаас хойш энэ урсгал эрчимтэй хөгжсөөр өнөөгийн түвшинд хүрэв. Сүүлийн үед бүжгийн олон клуб, студи байгуулагдаж буй нь хүмүүсийн бүжиглэх сонирхол, хэрэгцээ шаардлагатай холбоотой. Тэр дундаа гудамжны бүжгийн хэв маяг, онцлогт суралцах залуусын тоо олширсоор байна. 

Регги урсгалыг Монголд хөгжүүлэгчдийн нэг, бүжигчин Мачо буюу Н.Мөнгөнтулга

Сүүлийн жилүүдэд гудамжны бүжиг сонирхогчийн түвшнээс давж, дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрч байгаа. Street dance-ийн дэлхийн аварга Монголоос төрөн гарсан гээд л бодоход хөгжлийн ямар шатандаа яваа нь ойлгомжтой. Энэ зүйлийг урлаг, соёл гэдэг талаас нь хүмүүс түлхүү хардаг болсон байна.

 

Бүжигчин Tulgaa116

Миний хувьд бүжгээр хичээллээд зургаа орчим жил болж байна. Тэр дундаа hip hop street dance-д илүү сонирхолтой. Мэдээж гудамжны бүжиг нь дотроо олон төрөлтэй. Тухайлбал крампинг, локинг, поппинг, хаус, хип хоп гэх мэт. Эдгээр нь бүгд өөр өөрийн онцлог шинжийг илэрхийлдэг. Нөгөө талаас бүжгээс олж авсан миний хамгийн чухал чадвар бол өөртөө итгэх итгэл. Бүжигтэй холбогдсон цагаасаа эхэлж би өөрт байгаа сул талуудаа үгүй хийж эхэлсэн. Бүжгийн урлагаар дамжуулж томоохон хүмүүжлийг олж авсан. Мөн хайрцагнаасаа гарч сэтгэж сурсан. Ер нь миний амьдралд энэ зүйлийн нөлөөлөл асар их. Надад гудамжны бүжгээр тэр дундаа хип хоп бүжгээр хичээллэдэг хүмүүс аливааг арай өөрөөр харж, сэтгэж чаддаг санагддаг. Хөгжмөө мэдэрч, түүнд нийцсэн хөдөлгөөн хийхийн тулд бодох хэрэгцээ их гардаг. Энэ хэрээрээ хүний тархи их ажиллаж, сэтгэлгээнд хүртэл нөлөөлдөг байх.

2021 оны байдлаар дэлхийн хэмжээнд зургаагаас дээш насны 24.75 сая гаруй бүжигчин байдаг аж. Эдгээр бүжигчид мэдээж сонирхол, урсгал чиглэлийн хувьд харилцан адилгүй ч угтаа нэг зүйлийг зорьж буй. Тэр нь хөгжим болон бүжгийн ач тусыг хүн төрөлхтөнд таниулах, түгээн дэлгэрүүлэх. Бүжгийн ертөнцийн цаад мөн чанарыг олж харснаар хүн өөртөө маш олон давуу талыг бий болгох боломжтой. Өөрийгөө эвсэлгүй гэж голж суухын оронд зориглоод нэг үзвэл уншигч та бүжгээс өөртөө итгэх итгэл, шинэ амьдралын хэв маяг, тэр бүү хэл өрөөл бусадтай хэрхэн харилцах талаар ч суралцаж болох юм. 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)