Ялагч нь дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох "Монгол ур чадвар 2023" тэмцээний эхний шат дууслаа
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх зорилготой “Монгол ур чадвар 2023” тэмцээний нэгдүгээр шат өндөрлөлөө. 2024 онд БНФУ-н Леон хотод болох “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд оролцох үндэсний ялагчийг энэ тэмцээнээс шалгаруулна.
Монгол ур чадварын тэмцээний эхний шат мужаан, өрөг угсрагч, сантехникч, тогооч, цахилгаанчин, гагнуур, CNC токарь, график дизайн мэргэжлүүдээр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг БШУЯ, “Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” ТББ, GIZ-“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл хамтран зохион байгуулав. Мөн холбогдох мургуулиуд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд хамтран оролцож байна.
"Монгол ур чадвар 2023" тэмцээний нэгдүгээр шатанд 138 суралцагч, 103 багш өрсөлдсөн. Тэднээс дараагийн шатанд 17 МБСБ-ын 41 суралцагчид шалгарлаа. Тэмцээн нийт гурван шаттайгаар зохион байгуулагдана. Хоёрдугар шат ирэх аравдугаар сарын 12-13-нд, гуравдугаар шат арванхоёрдугаар сард болно.
Өмнөговь аймаг дахь Политехник коллежоос хамгийн олон оролцогч буюу долоо суралцагч, Барилгын политехник коллежийн тав, Баянхонгор аймаг дахь Политехник коллежийн тав, Техник технологийн политехник коллежийн дөрвөн оролцогч хоёрдугаар шатад шалгарсан байна.